Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”МОНГОЛ, монголчууд миний дуранд” уралдаанд манай гэрэл зурагчин тэргүүн байр эзэллээ


Ж.ЖАМУХА

400 гаруй гэрэл зурагчны 1800 орчим бүтээлээс цойлон гарч ирнэ гэдэг тухайн гэрэл зураг, гэрэл зурагчны хувьд өндөр үнэлэмж гэдэг нь ойлгомжтой. Манай гэрэл зурагчин Ү.Одбаярын “Усан бороо байтугай суман бороо сөрж явлаа” нэртэй зураг “Чингүнжав сан”-гаас зохион байгуулсан “Монгол, монголчууд миний дуранд” уралдааны “Амьдралын агшин” төрөлд тэргүүн байр эзэллээ. 1800 орчим бүтээлээс шилдэг 100 зургийг нь шилж, улмаар 24 байр шалгаруулсан эл уралдаан нийт 30 сая төгрөгийн шагналын сантай байсан нь Монголын гэрэл зурагчид, гэрэл зургийн түүхэнд хамгийн өндөрт тооцогдож буй юм. Дээр дурдсанчлан уралдааны шилдэг 100 зургаар Хүннү их дэлгүүрт байрлах “Гамма” галарейд үзэсгэлэн гаргаж, төрөл тус бүрийн тэргүүн байрт шалгарсан бүтээлийг гурван сая төгрөгөөр урамшуулсан юм. Манай гэрэл зурагчин Ү.Одбаярын хувьд шилдэг 100 зурагт хоёр ч бүтээл нь шалгарч улмаар ахмад дайчин Ц.Төвөөгийн зургаар тэргүүн байр эзэлсэн нь энэ. Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлдэг “Чингүнжав сан”-гийн санаачилга, дэмжлэгээр Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт болон “Гамма” агентлагийн зохион байгуулсан эл уралдаан зөвхөн цар хүрээ төдийгүй олон улсын жишигт нийцсэн зэрэг олон үнэлэмжээр “түүхэн” хэмээн тодорхойлогдож байгаа юм. Тухайлбал, уралдаанд бүтээл хүлээн авах арга ажиллагаа олон улсын жишгээр, мэдээллийн технологи, интернэтэд суурилсан хэлбэрээр явагдсан юм. www.mmmd.mn сайтад хэн бүхэнд нээлттэй, онлайн хэлбэрээр бүтээл хүлээн авсан нь эл уралдааныг илүү сонирхолтой, өвөрмөц болгосон гэж болно. Энэ нь гэрэл зурагчдын идэвх оролцоонд ихээхэн нөлөөлсөн тухай зохион байгуулагчид хэлж байв. Тухайлбал, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод гэх мэт эх орны өнцөг булан бүрээс бүтээл ирсэн билээ. Шилдэг 100 бүтээлээр дэглэсэн үзэсгэлэнгийн нээлтэд “Чингүнжав сан”-гийн тэргүүн С.Баяр, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд П.Ганхүү, “Гамма” агентлагийн захирал С.Цацралт нар оролцож шилдэг бүтээлийн эздэд шагналыг нь гардуулсан юм. “Миний эх орон Монгол” төрөлд Баян-Өлгий аймгийн гэрэл зурагчин Н.Нуржас, шилдэг хөрөг зургийн  “Бид монголчууд” төрөлд чөлөөт уран бүтээлч Б.Батгэрэл, Амьдралын агшин төрөлд “Ардчилал” сонины гэрэл зурагчин Ү.Одбаяр нар тус тус тэргүүн байр эзэлсэн бөгөөд хоёр, гуравдугаар байр болон тусгай байрт шалгарсан бүтээлүүдийг 500 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр урамшуулсан юм. Цаашид эх орон, элгэн саднаа сурталчлах эл уралдаан хоёр жилд нэг удаа уламжлал болон зохиогдож байх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан