Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар гадаадаас ямар зээл тусламжууд авах вэ


Т.ЦЭЛМЭГ

2017 оны төсөвт суулгаж тооцсон гадаадын зээл тусламжуудын цөөнгүй нь БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк, БНСУ-ын Засгийн газар, ЭКСИМ банкны эх үүсвэртэй байна. Буцалтгүй тусламж бол голдуу Япон улсын санхүүжилтээр хийгддэг нийтлэг дүр зураг бий. Харин шинэ Засгийн газар ирэх онд салбар чиглэл бүртээ хөрөнгө оруулалтын зээлийн төслүүдээ хуваарилж тооцжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд нэлээд олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөхдөө ихэнхийг нь боловсролын чиглэлдээ тусгаж. Гэвч хэр үр дүнтэй төслүүд байсныг нь хэрэгжиж дуусахаар харах л үлдэж байх шив.
Байгалийн түүхийн музейн барилгад 58,3 сая ам.доллар зарцуулна

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд сургуулийн барилга, сурагчдын дотуур байр барихад хөрөнгө оруулалтын хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхэд гадаадаас санхүүжилт татах нь. Тухайлбал, Япон улсын Засгийн газраас буцалтгүй тусламж хэлбэрээр 2015-2017 онд санхүүжилт хийж буйгаа ирэх онд 782,8 сая төгрөг авснаар дуусгах аж. Орон нутагт ес, нийслэлд нэг цэцэрлэгийн барилгад зарцуулахаар тусгажээ. Гэхдээ мөнгөн дүнг нь харахад энэ бол барилгын засварт л зориулагдахаар төсөв бололтой. 

Дэлхийн банкны 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эхний санхүүжилт 2017 онд 173 сая төгрөгөөр орж ирнэ. Хөдөөгийн эмзэг бүлгийн 4-10 настай 100 мянга орчим хүүхдийн боловсролыг сайжруулах төслийг энэ 173 сая төгрөгөөр хэрэгжүүлнэ. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 300 сая юанийг гурван жилийн хугацаанд хувааж өгөхөөр болж. Эхний ээлжинд 2017 онд 10,8 тэрбум төгрөгөөр нь шинэ сургууль барих юм байна. БНСУ-ын Засгийн газраас 17,6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох нь.

Мэдээллийн технологийн хамтарсан их сургууль байгуулахад эхлээд 6,3 тэрбум төгрөгийг нь ирэх онд авснаар төсөл хэрэгжиж эхлэх юм байна. Боловсролын ил тод хариуцлагыг нэмэгдүүлэх Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн 650 мянган ам.долларын төслөөс 237 сая төгрөгийг дараа жил зарцуулахаар тусгажээ. Өөр нэг буцалтгүй тусламж нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн сургалтын чанарыг сайжруулахад Европын холбоо Чехийн хөгжлийн агентлагийн 82 мянган ам.долларын санхүүжилттэй төслөөс 2017 онд 89,2 сая төгрөг авах. 

Харин соёлын салбарт ганцхан төсөл л хэрэгжих нь. Байгалийн түүхийн музейг шинэ барилгатай болгохоор улсын төсвөөс мөнгө гаргаж чадахгүй учир зээл тусламжаар шийдсэн. БНСУ-ын Засгийн газраас 58,3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл байна. 2017-2022 онд хэрэгжүүлэх энэ төслийн шугамаар 9,1 тэрбум төгрөгийг нь ирэх онд авч ажил эхлэхээр төлөвлөж 2017 оны төсөвт суулгахаар болсон. Байгалийн түүхийн музейн барилгын ашиглалтын хугацаа дууссан хэмээн үйл ажиллагаагаа явуулахгүй багагүй хугацаа өнгөрч байгаа. 2014 онд үүд хаалгаа барьж, барилгыг нураана гэж байсан ч одоо болтол хуучин байшин цоожтой хэвээрээ. Буцалтгүй тусламжаар боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт нийт найман төсөл хэрэгжүүлэхээс дийлэнх нь ирэх оноос санхүүжилтээ авч эхэлнэ.

Тэгвэл хэдэн жил ярьсан ч ажил хэрэг болохдоо тун тааруу байгаа дээд боловсролын шинэчлэлийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шийдсэн байдаг аж. Он гараад дуусах уг төслийн нийт санхүүжилтийн өртөг нь 22,2 сая ам.доллар. Хэрэгжилт дуусах ондоо 9,3 тэрбум төгрөг зарцуулна. Бага боловсролын чанарыг сайжруулах зорилготой төсөлд Дэлхийн банкнаас 30 сая ам.доллар өгөхөөс ирэх жил 12,4 тэрбум төгрөгийг нь авахаар төлөвлөжээ. Эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулахаар 2015-2020 онд хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжүүлж буй. БНХАУ-ын ЭКСИМ банкнаас 21,2 сая ам.долларын хөнгө­лөлттэй зээл авч Монгол Ул­сын их сургуулийн шинээр баригдаж буй цахим номын санг тохижуулж, тоног төхөөрөмж нийлүүлэх юм байна. 2017 онд 14,6 тэрбум төгрөг зарцуулах бол үлдсэн санхүүжилтийг 2018 онд авч төсөл хаагдана. Одоогоор тус номын сангийн барилгын ажлыг япончуудтай хам­тарч гүйцэтгэж, ирэх онд ашиглал­тад оруулахаар болжээ. 

Ухаалаг боловсрол хэмээх нэртэй сургалтад техник технологийг өргөнөөр ашиглах төсөл ирэх хоёр жилд хэрэгжүүлэх аж. БНСУ-ын ЭКСИМ банкнаас 20 сая ам.долларын ердөө 3,7 тэрбум төгрөгийг нь эхний жил­дээ авна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спор­тын сайдын мэдэлд 15 төсөл хэрэгжихийн нэлээд нь буцалтгүй тусламж бол хөнгө­­лөлттэй зээлүүд нь 2017 оноос санхүүжилтээ авах шинэ төслүүд байгаа юм. Боловсролын шинэчлэл хийх гэсэн олон төсөл байгаа нь салбарын сайдад ямар бод­ло­­гоор ажиллах чиглэл, төлөв­лөгөө байгаа юу гэдэг асуулт гарч байна. Сайд нь хүртэл суудалдаа үлдэх эсэх асуудал хөндөгдөөд эхэлчихдэг...
 
Хэнтий аймгийн нисэх онгоцны буудлын зурвасыг Кувейтчүүд бэлэглэнэ

Кувейт улсын Засгийн газраас Хэнтий аймгийн төв Өндөрхаанд байх нисэх онгоцны буудлын хөөрөх, буух зурвасыг шинэчлэх 4,7 тэрбум төгрөг 2017 онд бэлэглэх гэнэ. Нийслэлээс 330 км-т байх Хэнтий аймагт кувейтчүүд зочлон очих нь элбэг тул шууд нислэгээр буухаар шийдэж хөрөнгө оруулж байгаа бололтой. Хөрөнгө оруулах сонирхолтой гадаадынхан буцалтгүй тусламжаар зарим нэг бүтээн байгуулалт хийвэл болохгүй гэх газаргүй нь эндээс харагдана. Гэвч ардаа ямар нэг хардлага дагуулдаг нь нууц биш. Ямартай л Арабын орноос ирдэг баячуул ан ав хийх, шонхор шувуу барих гэж зочилдог мэдээлэл ч үе үе гардаг.  
Барилгын ажил нь тун удахгүй дуусах Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны автозамд Хятадууд хөрөнгө оруулалт хийхээр хөнгөлөлттэй зээл олгох юм. БНХАУ-ын ЭКСИМ банкнаас 140,3 сая ам.доллар зээлэхээс ирэх онд 25,8 тэрбум төгрөг авахаар төлөвлөжээ. 32,5 метр өргөнтэй асфальт бетонон хучилттай зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам барина. Тус нисэх буудлын барилгын ажил 2013 онд эхэлж ирэх онд ашиглалтад хүлээн авахаар болсон. Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 65,6 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр энэ ажлыг гүйцэтгэж буй. Үүний сүүлийн санхүүжилт нь 149,8 тэрбум төгрөг болж байгааг Зам тээврийн хөгжлийн сайдын хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад багтаажээ.

Баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулахаар хоёр төсөл хэрэгжүүлж байгаа. Азийн хөгжлийн банкнаас 20,1 тэрбум төгрөг, БНХАУ-ын ЭКСИМ банкнаас 37,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төсөвт оруулан тусгаж. Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй байгаа. Харин уг төслийг аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, ядуурлыг бууруулах гэж нэрлэж, Хятадын талаас 135,5 сая ам.доллар хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэхээр болжээ.

Эрчим хүчний салбарт дулаан цахилгаан станцуудыг шинэчлэх, сайжруулах нэлээд олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дарханы дулааны станцыг шинэчлэхэд ХБНГУ-ын Засгийн газар, Сэргээн босголт зээлийн банкнаас 30 сая еврог тус станцын дулааны турбин шинэчлэхэд 10,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах нь. Гэхдээ дулааны станцыг шинэчлэх нь ирэх онд эхэлж байгаа төсөл. Үүнд 3,5 тэрбум төгрөг зарцуулах бол дахин 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр турбин шинэчилж дуусгах юм байна. Нийтдээ есөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноос долоо нь шинээр санхүүжилт авч буй. Архангай, Баянхон­гор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхан­гай, Хэнтий, Төв, Сүхбаатар гэсэн 10 аймгийн төвийн дулааны станц барихад БНСУ-ын ЭКСИМ банкнаас 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Ирэх онд 7,4 тэрбум төгрөг аймгуудад хуваарилна гэсэн үг. Эрдэнэтийн дулааны станцыг шинэчлэхэд мөн л шинээр зээл авахаар төлөвлөж. БНХАУ-ын ЭКСИМ банкнаас 45,7 сая ам.долларын санхүүжилт бүхий хөнгөлөлттэй зээлээс 12,7 тэрбум төгрөгийг нь шинэ оноос авч эхэлнэ. Тэгвэл нийслэлд гэхэд Дулааны IV станцын үр ашгийг дээшлүүлэхэд 15 тэрбум, Тавдугаар цахилгаан станцын дэд бүтцийг дэмжих төсөлд 484 сая төгрөг зэргийг тус тус зээлэхээр төлөвлөсөн байна.
 
Прокуроруудад анхаарахын учир

УИХ-аар 2017 оны төсөв батлахдаа прокуроруудын цалинг нэмэхээр шийдсэн. Хуульзүй дотоод хэргийн сайдын зарцуулах гадаадын хоёр төсөл байгаагийн нэг нь прокуроруудын чадавхийг сайжруулах сургалтад зориулагдана. БНХАУ-ын Засгийн газраас гурван жилийн хугацаанд нийтдээ 800 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгож, түүгээр нь энэхүү сургалтуудыг хийх аж. Ирэх онд гэхэд 888,9 сая төгрөгийг цахим сургалтад зориулах юм байна. Цалингийн санг нь 9,4 тэрбум төгрөгөөр нэмж, хэдэн зуун сая төгрөгөөр сургах гэж байгааг прокурорын байгууллагын хүчийг нэмэгдүүлэх, бүтцийг сайжуурах эхлэл гэж тайлбарлах нь бий. Авлигатай тэмцэх газрыг татан буулгах юм уу ажлын гол чиг үүргийг прокурорт шилжүүлэх тухай мэдээлэл зүгээр ч нэг гараагүй бололтой. Хууль сахиулах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг шинэчлэлд гэхэд БНСУ-ын ЭКСИМ банкнаас хөнгөлөлттэй зээл авахаар болжээ. 2017-2019 онд 44 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эхний санхүүжилт нь 12,5 сая төгрөг.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ирэх онд найман төслийн санхүүжилт авахаас дөрвийг нь шинээр эхлүүлж байгаа. Жишээ нь, БНХАУ-ын ЭКСИМ банкнаас 66,3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл 2017-2019 онд авч мах боловсруулах 12 үйлдвэр барина. 2017 онд төсөвт үүнээс 4,5 тэрбум төгрөгийг нь суулгахаар тооцжээ. БНСУ-ын ЭКСИМ банкнаас “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжийг шинэчлэхээр 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл шинээр авч, гурван жи­лийн турш хэрэгжүүлэх аж. Эхний ээлжинд 699 сая төгрө­­гийн санхүүжилтийг авч ирэх онд ажиллах юм бай­на. Биокомбинат төрийн өм­чит үйлдвэрийн газрыг шинэч­лэх шинэчлэх төсөлд Унгар улсын Засгийн газар 25 сая ам.дол­ларын хөнгөлөлттэй зээлийн 5,7 тэрбум төгрөгийг 2017 онд төсөвт багтаан тооцсон байлаа.

0 Сэтгэгдэл
yamar aimshigtai ih zeel avch bainaa, oorsdoo horongo umaa zegzlehgui zeel avchihaad duuschihlaa, mongogui geed suugaad baidag uls baij bolohgui shyydee, zeel gedeg chin or gej oilgohgui shivshigiin tortei hezyy baina daa,,,,,,,,,,,,,
Польш улсаас 50 сая евро засаг зээлнэ гэнэ. Зээлийг болиулмаар байна. Өмнөх их өрийг яая гэж байхад! Мөн тэнэгулсууд дээр сууж байна аа! Тэнэгийн дотор уужим гэж үнэн юмаа. Өр нэмэх хамаагүй юм байхдаа.
gol n nyagtlangiin setgelgeegeer tosvoo burduulehiig zogsooh
Hyatad hezeech hungululttei zeel uguhgui. Hyy ni 3 hyvi bolovch gereenii zaaltuud ni dandaa mash hynd baidag. Hyatadyn exim bankni web ruu orood yz
Хятадаас хөнгөлөлттэй урт хугацаатай 4.2 тэрбум ам доллараа авах хэрэгтэй.
Хамгийн их уншсан