Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Бадамханд: Сүүлийн гурван жил, элдэв үйл явдал дундаас гар ”түүж” явсан

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Гэрэл зургийн ертөнцөд сонин содон тэсрэлт болсон үнэлэмж өндөртэй уралдаан, хамтарсан хийгээд бие даасан томоохон үзэсгэлэнгүүд энэ сард ар араасаа хөвөрсөөр байна. Эдгээрийн нэг нь гэрэл зурагчин С.Бадамхандын “Дулаан гар” бие даасан үзэсгэлэн байв. Өчигдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийсэн эл үзэсгэлэнд эхийнхээ хөхийг тэмтчих дөнгөж төрсөн нярайн гараас аваад өнгөрсөн амьдралыг нь хүүрнэх мэт үрчлээтэж эвэршсэн буурайн гар гээд 83 өөр ертөнцийг илтгэх бүтээлүүд дэлгэгджээ. “Нүд сэтгэлийн толь гэдэг шиг гар бол хүмүүн бидний туулж өнгөрүүлсэн амьдралын толь юм” хэмээсэн түүнээс үзэсгэлэнгийнх нь талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Юуны өмнө анхны бие даасан үзэсгэлэнгээ өлгийдсөнд баяр хүргэе. Нэг сэдвээр дагнасны хувьд бусад гэрэл зурагчдын үзэсгэлэнгээс онцлогтой болсон санагдлаа. Үзэсгэлэнгээрээ дамжуулж юу хэлэхийг зорьсон бэ?
-Нүд сэтгэлийн толь гэдэг шиг би хувьдаа гар бол тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүхийн толь болдог зүйл. Тиймдээ ч гар гэх сэдвийг сонгож, “Дулаан гар” нэртэй үзэсгэлэн гаргасан хэрэг. Үзэсгэлэнд маань нийт 83 бүтээл дэлгэгдсэн. Нэг үгээр 83 өөр гар, өөр ертөнцийг үзүүлэхийг зорьсон. Эх үрсийн гараар хайр энэрэлийн гарыг харуулсан байхад гар хөдөлбөл ам тосдоно гэдэг шиг ажил хөдөлмөр эрхэлж буй нэгний гараар хөдөлмөрийн үнэ цэнийг харуулахыг хичээсэн дээ. Энэ үзэсгэлэнгээ гаргахын төлөө сүүлийн гурван жил гаруй хот, хөдөө гээд хаа сайгүй явж, үйл явдал дундаас гар түүж явсан. Ер нь, тавилттай зураг тун цөөн.

-Таны уран бүтээлүүд дунд философилог, үзэгчийн сэтгэлзүйд өөр өөр нөлөөлдөг бүтээлүүд цөөнгүй харагддаг. Үзэсгэлэн ч ялгаагүй өөрийн гэсэн өнгө аяс, философитой болсон санагдлаа. Ер нь, анзаараад байхад манай гэрэл зурагчид сэдэв дагнаж, төсөл хэлбэрээр ажиллахад үлгэр болсон үзэсгэлэн боллоо гэж онцлох байна?
-Баярлалаа. Сая үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн Соёлын гавьяат зүтгэлтэн Цацралт ах маань ч энэ тухай хэлж байлаа. “Залууст өөрийн гэсэн сэдэвтэй болох, төсөл хэлбэрээр ажиллах сэдэл өглөө” гэж байсан. Түүнчлэн, хүний гарт хүрэх талаас нь, үлдэх талаас нь бодолцож үзэсгэлэнгийнхээ каталогийг гаргасан. Ирэх онд АНУ-д болох Ази, Америк, Европын гэрэл зурагчдын нэгдсэн фестивальд оролцох урилга авсан. Тиймээс гадны уран бүтээлчдэд бүтээлээ сонирхуулах, эх орноо сурталчилах үүднээс каталогио англи, монгол хэл дээр гаргасан. Гэхдээ зөвхөн өөрийгөө төлөөлөх бус бусад гэрэл зурагчдаа төлөөлж, Монголын гэрэл зурагчдаас жил бүр фестивальдаа урьж оролцуулж байгаач гэсэн санал, хүсэлт тавихаар явж байгаа юм.

-Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд хэдээс хэдэн оныг хамарч байгаа вэ?
-Ерөнхийдөө 2011 оноос хойш саяхныг хүртэл авсан зургууд багтаж байна. Мөн социализмын үед авсан ганц нэг зураг багтаасан. Ер нь, сүүлийн гурван жил маш эрчимтэй ажилласан.

-30 орчим жил гэрэл зургийн салбарт ажилласны дараа анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Сэтгэгдэл өндөр байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Гэрэл зурагчин хүний хувьд амьдралд тохиож болох хамгийн сайхан үйл явдал гэвэл бие даасан үзэсгэлэнгээ гаргах. Тиймдээ ч сэтгэл маш өндөр, хөл газар хүрэхгүй л явна. Дээр нь үзэсгэлэн үзэж буй хүмүүс өөр өөрийнхөөр, өөр өөр зураг уншиж, таашааж тэр сэтгэгдлээ надад хэлж байгаа нь сайхан байна. “Жаахан бухимдалтай явж байгаад үзэсгэлэнг чинь үзээд сайхан тайвширлаа” гэх нь ч байна. Энэ нь л надад маш том урам, баяр хөөр өгч байна даа. Уран бүтээлч хүний хувьд урам гэгч зүйл цаашид бүтээн туурвих маш том тулгуур болдог зүйл. Тиймдээ ч ийм их урам хайр бэлэглэж байгаад маш их баяртай байна. 1982 онд Омск руу гэрэл зургийн чиглэлээр сурахаар явсан гэж бодохоор 30 гаруй жил болсон байна.

0 Сэтгэгдэл
Баяр хүргэе, танд. Гадаад улсад Монгол улсын гэрэл зурагчны нэр хүндийг өндөрт өргөхийг хүсье.
Хамгийн их уншсан