Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр бөхөд хэрхэн хариуцлага тооцох нь тодорхойгүй байсаар

-Б.Цогтбаатар: Ямар хариуцлага тооцохыг Баяр наадмыг зохион байгуулах комисс шийднэ-

А.ЦАГААН

Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын дараа сэргээшийн асуудал сөхөгдөж бөөн асуудал үүсгэдэг болсон. Улсын их баяр наадам болсноос хойш 14 хоногийн дараа буюу долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр “Хэн гэгч бөх сэргээш хэрэглэсэн бол” хэмээх хардалт бөх сонирхогч хэн бүхний анхаарлыг татдаг болсон нь нууц биш. Манай улсын Засгийн газар 2007 онд спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО-гийн конвенцэд нэгдэн орсон цаг үеэс хойш допингийн асуудал бараг л үгүй болно гэсэн Монголын үндэсний бөхийн холбооны амлалт биеллээ олохгүй арав дахь жилтэйгээ золгох гэж байна. Үүний бодит жишээ нь өнгөрсөн Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу батална. Нэхэн санавал, улсын их баяр наадмаар зодоглож улсын цол хүртсэн бөхчүүдээс сэргээш илэрсэн гэх мэдээлэл аль есдүгээр сард гарч байсан ч өнгөрсөн сард албан ёсны хариуг Допингийн эсрэг үндэсний төв олон нийтэд мэдээлсэн. Тус төвийнхний гаргасан албан ёсны мэдэгдэлд “Шөвгийн 32 бөхөөс Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтийн /KIST/ Допингийн хяналтын лабораторт шилжлүүлсэн. 2016 оны наймдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай Баян-Өлгий аймгийн харьяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харьяат Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай манайд мэдэгдсэн. Үндэсний бөхийн холбоо болон дээрх хоёр бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтийн /KIST/ Допингийн хяналтын лабораторт 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр уламжилсны дагуу тус байгууллагаас 2016 оны аравдугаар сарын 11-ний өдөр ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу нь “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдлээ” хэмээсэн байдаг.

Мөн тухайн үед Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах эрх бүхий байгуулага болох Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн холбоонд мэдэгдсэн ч өнөөдөр ямар арга хэмжээ авах гэж буйгаа дуулгасан нь үгүй. Угтаа бол Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.4.2.-т Сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж 2009 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан байдаг. Мөн сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна гэж заасан байдаг ч энэ нь зөвхөн цаасан дээр хараар бичсэн тэмдэглэл төдий зүйл болсныг өнөөг хэр нь дээрх хоёр бөхөд хэрхэн хариуцлага тооцох нь тодорхой болоогүй байгаагаас нь харж болно. Уг нь баяр наадам болохоос ердөө хоёр хоногийн өмнө тухайн үед ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны даргаар ажиллаж байсан Н.Ариунболд “Сэргээшийн асуудалтай хатуу тэмцэнэ. Ямар нэг бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол барилдаж авсан цолыг нь хураана” гэж мэдээлэл өгч байсан удаатай. Гэсэн ч өнөөдөр асуудал шийдэгдээгүй хэвээр. Харин ч намжих тал руугаа оров бололтой.

Энэ асуудлыг хэрхэх гэж буй талаар Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас тодруулахад “Үүнийг Баяр наадмыг зохион байгуулах комисс шийднэ. Тэд яаж шийдэхийг нь бид мэдэхгүй” гэсэн хариулт өглөө.

Үнэндээ сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлаж, асуудал үүсгэж, шуугиан тарьдаг шигээ ажиллаж чадахгүй л юм бол сүр бадруулж баахан мөнгө зарах хэрэг байна уу. Эцсийг нь үзэж хариуцлага тооцож чадахгүй л юм бол сэргээшийн шинжилгээ гээчээ бүрмөсөн больчих хэрэгтэй.

Харин энэ асуудалтай тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлдэг ч, дорвитой ажиллаж чаддаггүй МҮБХ  саяхнаас бөхчүүд, бөх сонирхогчид, байгууллага, хамт олныг допингийн эсрэг нэгдэхийг уриалан “Допингийн эсрэг сан” байгуулсан. Энэ сангаараа дамжуулж бөхчүүдээ допингоос хамгаална гэж буй. Тус санг хэрхэн бүрдүүлэх тухай МҮБХ-ны тэргүүлэгчдийн журам ч гарчээ. Энэхүү сангийн хөрөнгийн эх үүсвэрийг дараахь байдлаар бүрдүүлэх юм байна. МҮБХ-ноос жил бүр 10 сая төгрөг, Үндэсний бөхийн дэвжээ тус бүрээс жил бүр 1.5 сая төгрөг, Захиалгат барилдаан хийж буй байгууллага тус бүрээс 1.0 сая төгрөг, Бөхчүүдийн “Допинггүй монгол бөхийн төлөө” эв санааны нэгдлийн хандив, Жаяг дэгийн багийн гишүүд, бөх судлаач, бөхийн зүтгэлтнүүдийн хандив, Бөх үзэгч, дэмжигчид, байгуулага, хамт олны Допингийн эсрэг эв нэгдлийн хандиваас бүрдэх нь. Санд төвлөрсөн мөнгөөр допингийн эсрэг сурталчилгаа явуулах, допингийн шинжилгээ хийлгэхээс өөр зардалд зарцуулахгүй байхаар журамласан байна. Гэвч өнөөг хэр нь энэ санд мөнгө хандивласан нэг ч байгууллага байхгүй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан