Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайдын төсөл бүдрэв


Б.ШИРНЭН

Исландын Ерөнхий сайд Сигмундур Гюннлёйгссон гэгч 2008 оны хямралын үеэр давхар хямарч, өртэй зээлдэгчдийн тоонд багтаж байв. Гэтэл өнгөрсөн онд дэлгэгдсэн “Панамын архив”-т оффшор бүсэд компанитай болох нь нотлогдож, ичгэвтэр байдлаар огцорсон. Тус улсын иргэд татвараа төлж, үнэнчээр амьдарч байхад Ерөнхий сайд нь өнгөн дээрээ өртэй ч, татвараас зугтаж, өөр улсад мөнгөө нууж байсан нь Исланд дахь улс төрийн амьдралд нь цэг тавьсан билээ. Түүний адилаар татвараас зугтдаг улстөрчид “орогнох” газаргүй болж, эх орон, элэг нэгтнүүдийнхээ итгэлийг эвдсэн хэрэг олон улсад одоо ч хөвөрч байна. Мэдээж, Засгийн газрууд татвар ногдуулж, авах ёстой бол эцсийн “цент”-ийг нь хүртэл шавхаж, төлөөгүйд нь хуулийн хатуу хариуцлага тооцдог мөртлөө өөрсдөө татвараас зугтаж оффшор бүсэд хэдэн саяар нь мөнгө эргэлдүүлэх нь иргэдийн зэвүүцлийг хүргэх нь ойлгомжтой. Энэ асуудал манай нийгмийг ч тойроогүй бөгөөд Монгол Улсын 46 иргэн оффшор бүстэй ямар нэг байдлаар нэр холбогдсон гэдгийг бид мэддэг болоод “жил тойрч” байна. Улмаар бид дэлхийн улс орнуудын адилаар “оффшор бүсийг хориглоно” гэж лоозогнож байгаа ч холбогдох хуулиудад хараахан өөрчлөлт оруулж амжаагүй байна. Хэлэлцэгдэж буй хуулийн төсөл нь хүртэл эрх баригч болоод сөрөг хүчний бүлгийн зарим гишүүдийн дэмжлэгийг авахгүй байгаа нь хуулийн төсөл “хуурай” болсон гэх шүүмжлэлтэй холбоотой зэрэг асуудлууд үүсч, өчигдөр Хууль зүйн байнгын хорооны гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулсан гээд оффшор бүсийн асуудал нэг л явцгүй болжээ.


Шалтгаан нь юу байв

Манай улсын оффшор бүстэй холбоотой асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариуцаж байна. Засгийн газраас хуулийн төслийг оруулсан хэдий ч боловсруулах ажил харьяа яамнаас хийгдэж байгаа гэдгийг тодотгох ёстой.
Энэ нь бие даасан хууль биш бөгөөд одоо мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль-д нэмэлт, өөрчлөлт оруулах замаар оффшор бүсийн асуудлыг зохицуулах боломжтой гэж үзэж байна.
Энэ хуульд, заалт нэмснээр:
1.    Ерөнхийлөгч, УИХ, бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч, төрийн үйлчилгээний болон төрийн өмчит хуулийн этгээдийн захирал, албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч нар ажиллаж байх хугацаандаа гадаад улсад компанитай, данстай байж болохгүй. (2016 оны байдлаар төрийн өндөр, дээд албан тушаалтан 269, Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 40 мянга орчим албан хаагч байна.)
2.    Хэрвээ байгаа бол 3 сарын дотор өмчийн байдалдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болох юм.
Гэхдээ маргаантайгаар анхаарал татаж буй сэдэв нь “улстөрч хүний эхнэр, хүүхэд, төрөл садан оффшор бүст компанитай байж болно” гэх асуудал. Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярын өчигдөр тайлбарласнаар бол “Төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд гадаад улсад данс эзэмшихийг хориглох нь Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөнө” гэж байгаа юм.
Харин эсрэгцэлийг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тайлбараар хүргэж болох бөгөөд тэрээр “Өөрийн нэр дээр биш бол гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа нэр дээр данстай байж болно гэсэн санаа цаана нь агуулагдаад байгааг анхаарах ёстой” гэж санууллаа. Мөн тэрээр “Оффшор бүсийн гол зарчим нь мэдээлэл гаргаж өгдөггүй, хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй байдаг явдал. Ер нь, эрхийн туслалцааны талаарх гэрээгүй орнуудтай харилцан мэдээлэл авах боломжгүй тул үүнийг харгалзаж үзэх учиртай” тул зохицуулалтгүй, тодорхой бус олон асуудыг цэгцлүүлэхээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулахаар болсон юм.

Ямартай ч, Ц.Нямдорж гишүүний хөндсөн асуудал хамгийн чухал бөгөөд татварын хөнгөлөлтөөс гадна оффшорт олон давуу тал бий гэдгийг мартаж болохгүй гэдгийг санууллаа. Тухайлбал, жинхэнэ эзнийг ямагт нууцалдаг болохоор хэн ч мэдэх боломжгүй байдаг нь оффшор бүсийн гол онцлог. Дээрээс нь улстөрч энэ бүстэй холбоотой аливаа үйлдлийг өөртэйгээ холбоотойгоор хийхгүй гэдгийг адгийн тэнэг гадарлана. Бас бид жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт гэр бүлийн гишүүдийн орлогыг давхар мэдүүлдэг нь хийх ажилгүйдээ оруулсан заалт биш шүү дээ. Хэрвээ, үндсэн хууль зөрчсөн талаар ярих юм логик утгаараа хөрөнгө, орлогын мэдүүлэгт эхнэр, хүүхдийг нь “байцааж” байгаа асуудлыг ч хөндөх учиртай. Харин өдий хүртэл улстөрчид энэ асуудлаар заргалдаж байгаагүй нь олон улсын жишиг, улстөрчдөд тавигдах ёстой шаардлага, нийгмийн нөлөө гээд олон зүйлс бий.

Наанадаж, Гэр бүлийн тухай хууль, Иргэний хууль зэрэгт “дундын хөрөнгө” гэх ойлголт бий гэдгийг мартах учиргүй. Үүнийг бүдүүлгээр, эхнэр нөхөр салахад хөрөнгөө хуваадаг үзэгдэл гэж тайлбарлаж болох юм. Өөрөөр бол, гэр бүлийн хоёрын хөрөнгө хэн хэндээ бага, сага хамаатай л гэсэн үг. Гэтэл бидний батлуулах гэж яараад байсан хуульд зөвхөн гэр бүлийн гишүүний оффшор компани эрх мэдэлтэй нөхөр эсвэл эхнэрт нь хамаагүй гэж тусгагдаад байгаа юм.
Дээрээс нь, сонгуульт ажилд оролцохдоо өөрийн гадаад дансыг хэн нэгэнд шилжүүлчихээд “надад оффшор байхгүй ээ” гэж хээв нэг хэлэх нь хуулийн хүрээнд нээгдэж, албан тушаал, эрх мэдэлгүй болсон хойноо “оффшор компаниа” өөрийн нэр дээр шилжүүлж болох нь иргэдийг басамжилж байгаатай ялгаагүй. Ядаж, одоо яригдаж байгаа 40 мянган албан хаагч биш юм гэхэд улс орныг удирдан залж байгаа 76, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд цөөн тооны төсөв мөнгөтэй ойр нэгнийг, тэдний гэр бүлийг гадаадад данстай байх, ялангуяа оффшор бүстэй ямарч холбоогүй байхыг шаардах эрх бидэнд бий. Ер нь, яагаад улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж төрийн эрхэнд гарчихаад гэр бүлийн гишүүн нь татвар төлдөггүй оффшор бүст компанитай байж болно гэж! Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь ч үүрдэг гэдэггүй бил үү.

Оффшороос орж ирсэн хөрөнгө оруулалтын байдал

1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүний 70 гаруй хувь нь буюу 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ. Жишээ нь,
• Нидерланд 4.23 тэрбум ам.доллар
• Люксембург 1.15 тэрбум
• Британийн Виржин арал 1.1 тэрбум
• Хятадын Гонконг 229 сая
• Бермудын арал 129 сая
• Швейцарь 103 сая
• Кэймэн арлаас 74 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна.

Монгол Улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэнээс 920 компани буюу долоон хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байна. Тухайлбал, “Оюутолгой” болон “Энержи Ресурс” компани, “ММС” компаниудын толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна.

Энэ нь, Монгол Улс 2002 оноос Их Британи, Швейцарь, Люксембург, Нидерланд зэрэг улс орнуудтай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, давхар татвараас чөлөөлөх” тухай хэлэлцээртэй байгуулсан нь эдгээр оффшор бүс бүхий улс орнуудаас Монголд хийх хөрөнгө оруулалт давхар татварт хамрагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үздэг байна.

0 Сэтгэгдэл
Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь ч үүрдэг гэдэггүй бил үү.
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан