Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн банкны тайланг “үзвэл үнс, харвал хальс” болчихдог юм уу


Б.БИЛГҮҮН


Хөгжлийн банк 1.5 тэрбум ам.долларын “Чингис”, 40 сая иен буюу ойролцоогоор 600 сая ам.долларын “Самурай” бонд тус, тус босгож, Засгийн газраас тогтоосон салбар, чиглэлийн дагуу төслүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг. Гэвч, бондоос их хэмжээний мөнгө авч төсөл хэрэгжүүлсэн компаниуд нь эрх баригчдынх, түүгээр зогсохгүй зориулалтын бусаар ашигласан, улстөрчид хувьдаа зээл авсан гэх яриа гарсаар жил тойрлоо. Энэ яриа нь “Чингис”, “Самурай” бондын хэрэгжилтэд шалгалт хийсэн ажлын хэсгийнхнээс гарсан. Ажлын хэсгийг 2015 оны нэгдүгээр сард УИХ-ын дарга асан З.Энхболдын захирамжаар байгуулсан юм. Төрийн эрхэнд байсан намын төлөөллүүд ажлын хэсэгт багтаж, дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэж байлаа. Учир нь, ажлын хэсгийнхэн эрх баригчид бондын мөнгөөр гараа угаажээ гэцгээж, хэлэлцэхгүй л бол болохгүй хэмээн нэгнээ харлуулж байв. Гэхдээ АН эрх барьж байхдаа хэлэлцээгүй. МАН ч ялгаагүй үнэмлэхүй ялж, 65-ын бүлэг хамгийн түрүүнд Хөгжлийн банкны тайланг хэлэлцэнэ гэсэн ч таг, чиг хэвээр. Гэтэл өнөөдөр энэ байдлаас болж, “Хоосон буунаас хорин хүн айдаг” гэхчлэн Хөгжлийн банкны тайлангаас өөрт ашигтайгаа сугалж аваад нэгнээ намнаж, нийгмээр тоглодог болжээ.

Уг нь, 65 гишүүнтэй бүлэгт ганцхан банкны тайланг хэлэлцэхэд асуудал тулгарах ёсгүй. Дэлгээд нийгэмд танилцуулчихвал, талцаж хэрэлдэх шаардлага ч гарахгүй гэдгийг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс Хөгжлийн банкны тайлангаас хэн, хэн нь шийрэгнэж байна уу, гэх хардлага төрүүлж байгаа юм. Тухайлбал, Хөгжлийн банкнаас 2000 гаруй компанид арилжааны шинжтэй зээл олгосны 60 гаруй хувийг нь МАН-ын гишүүд авсан гэлцдэг. Тайлан ил болоогүй тул эрх баригчид өнөөдрийг хүртэл энэ асуудлыг үгүйсгэж ирсэн.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банкны томоохон зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компаниуд авсан. Зарим компанийн нэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Хэвлэл мэдээллээр гараагүй, одоогийн УИХ-ын гишүүдтэй холбоотой компаниуд энд бий гэдгийг хэлмээр байна. Үүнийг зарлах боломж ч байгаа” тухай ярьсан юм. Гэхдээ зарлаагүй нь Хөгжлийн банкны тайлангаар хэн, хэн нь бойкот хийж байна уу, гэж хардахад хүргэж байгаа билээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдсан гэдгийг нь тодотговол, 109 тэрбумыг Н.Номтойбаярын “МАК” цемент компани, Л.Энх-Амгалантай нэр холбогддог “MCS” компани 6.2 тэрбум, “Асем Вилла”-д 60 тэрбум, М.Энхболд, Ё.Отгонбаяр, С.Бямбацогт нарын хувьцаатай гэгдэх “Говь” компани 33 тэрбум... гээд МАН-ын гишүүдийн нэрс хөвөрнө. Харин АН-аас Б.Гарамгайбаатарын “Монроуд”, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн “Монос”, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн цэцэрлэг гээд бондоос санхүүжсэн компаниуд багагүй бий. Тиймээс хэн, хэнийг нь хохироох Хөгжлийн банкны тайланг  МАНАН-д замхруулах сонирхол тэдэнд байхыг үгүйсгэхгүй.

Зарим нь нэрээ татаж эхэлсэн нь

Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй” гэж мэдээллээ. Гэтэл бондоос их хэмжээний мөнгө авсан “MCS” компанийг Л.Энх-Амгалан гишүүнтэй холбоогүй гэдэгт олон хүн итгэхгүй байгаа юм. Ухамсарт амьдралынхаа 16 жилийг “MCS” компанийг өөд татахад зориулж, Тэргүүн дэд захирлаар нь ажилласан түүнийг гэнэтхэн энэ компанитай огт холбоогүй гэхээр мэдээж үнэмшилгүй.

Тэрээр
•2012 онд “MCS Mongolia” компанийн 58696 ширхэг, “MCS Electronics” компанийн 54975 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан юм.
•Харин 2013 онд “MCS Mongolia” компанийн 58696 ширхэг хувьцааг эзэмшсэн хэвээр байсан бол “MCS Electronics” компанид хувьгүй, харин “MCS” компанийн оролцоотой, оффшор бүст бүртгэлтэй “Mongolian mining corporation”-аас 10.1 сая ширхэг хувьцаа эзэмшдэг байсан байна.
•2014, 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт нь түүний эзэмшдэг хувьцаанд ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа юм.

Тиймээс “MCS” компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг Л.Энх-Амгалан гишүүн Хөгжлийн банкнаас олгосон бондын санхүүжилттэй ямар нэг байдлаар холбоотой юу, гэдгийг хуулийн байгууллага шалгах нь зүйтэй юм.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслүүдийн олголтын мэдээгээр “MCS” компанийн охин компани болох “Скай Ресорт” компани нь “АСЕМ” вилла цогцолбор хотхоны ажилд зориулж 60 тэрбум төгрөг авсан байгаа юм. Мөн “MCS international” компани дэд бүтцийн төсөлд зориулж 6.2 тэрбум, Их тэнгэрийн ам, Хан-Уул, Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан дамжуулах агаарын шугмын ажилд зориулан 2.7 тэрбум төгрөгийн бондоос авчээ.

Харин “Чингис” бондын санхүүжилтээс ноолуурын төсөлд зориулан 18 тэрбум төгрөг, 888 төсөлд багтаж 10 тэрбум, ноолуурын салбарын эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд 5 тэрбум төгрөг тус тус авсан “Говь” компаниас 265 ширхэг хувьцаа эзэмшдэг байсан Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт энэ оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Говь” компанийн хувьцаа эзэмшдэггүй гэжээ.

Мөн 2014 онд 28.5 сая ширхэг хувьцааг нь эзэмшдэг байсан “Нью прогресс групп” компани нь “Чингис” бондоос дэд бүтцийн ажилд 2.7 тэрбум төгрөг авсан ч тэрээр 2015 онд буюу Хуульзүй, дотоод хэргийн сайдын хувиар хөрөнгөө мэдүүлэхдээ энэ компанид хувьцаагүй гэж мэдүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР АМЬТАН БАЙНАА МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ ХУВААЛЦААЧ БИ МОНГОЛЫН ИТНЕРНЭТ КОММЕНТООС ХАА САЙГҮЙ ОЛЖ ҮЗЛЭЭ
Хамгийн их уншсан