Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлцэн, дэмжлээ.
Дээрх хоёр хуульд УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж баталсан ч хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж байгаа юм байна.

Тухайлбал, Дээд боловсролын тухай хуулийн 11.2-т “Их сургууль, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ” гэсэн заалт хэвээр мөрдөгдөж байгаа боловч нэмэлт өөрчлөлтөөр тус Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлтэй холбогдсон харилцааг Дээд боловсролын тухай хуулиар зохицуулна” гэсэн заалтыг нэмж оруулснаар Удирдах зөвлөлтэй холбогдсон харилцаа нь утга, агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй хоёр хуулийн зохицуулалттай болсон аж.

Мөн Боловсролын тухай хуулийн 36.2-т “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51- 60 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна” гэж, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 111-т “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувь... төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд орох төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно” гэж тус тус заажээ. Гэвч энэ нь төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч буюу төр нь төлөөллөөрөө дамжуулж удирдлагаа хэрэгжүүлэх зарчим алдагдсан гэж үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан