Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ жилийн гоёлоо сонгосон уу


Н.БАТ

Шинэ жилийнхээ үдэшлэгт бэлтгэнэ гэдэг бүсгүйчүүдээс багагүй цаг зав бас мөнгө шаарддаг. Хэдийгээр улс орны эдийн засгийн хямралын тухай энд тэндгүй байнга ярьж байгаа ч жилд ганцхан тохиодог шинэ жилийн үдэшлэгээ албан байгууллага бүр өөрийн боломж бололцоогоор тэмдэглэж, ажилтан албан хаагчдаа урамшуулж, жилийнхээ стрессийг тайлдаг. Тэгэхээр бүсгүйчүүд маань шинэ жилийн үдэшлэгийнсургийг сонсч, чимээ чагнаж л байгаа биз дээ. Тэгвэл юуны өмнө 2017 оныг угтах үдэшлэгийн даашинзны загварыг хамтдаа сонирхоё.

2017 онд гал улаан тахиа жил айлчлан ирнэ. Тахиа бол бардам, ихэмсэг ч гэлээ хамтач, найрсгийн илэрхийлэл болдог. Тэгэхээр тахиа жилийн онцлогийг тодотгосон тод өнгө, дахин давтагдахгүй стильтэй, өвөрмөц төрхийг илтгэх даашинз шинэ жилийнхээ үдэшлэгт сонгоорой. Гэхдээ хэтэрхий гял цал байх нь таны гоёмсог, ихэмсэг байдлыг тодотгох байтугай, хямдхан харагдуулах тал байдгийг бодолцож үзээрэй.

Тиймээс алтан шаргал, мөнгөлөг цагаан, шар, хүрэн, нил ягаан, маргад эрдэнийн ногоон, цав цагаан өнгийг сонгох нь таныг бусдаас ялгаруулах болов уу. Харин даашинзны материалын хувьд аль болох тансаг эдлэлээр хийсэн байх нь зохимжтой хэмээн загвар зохион бүтээгчид зөвлөж байгаа юм. Торго, хилэн, торон эдлэл. Олон бүсгүйчүүд сүлжмэл даашинз сонгох дуртай байдаг. Гэхдээ энэ бол баярын уур амьсгалд тохирохгүй. Мөн синтетик буюу нийлэг эдлэлээр хийсэн даашинз сонгохоос аль болох татгалз. Биед эвгүй, бас хямдхан харагддаг. Даашинзны хажуугаар гоёл чимэглэлээ орхигдуулав.  Тахианы дайсан бол муурын төрөлт бүх амьтан. Тиймээс бар, ирвэсний арьс шиг эрээн даашинзнаас аль болох татгалзаарай. Бараан өнгөтэй ялангуяа хар өнгө бол шинэ жилийн баярт тийм ч зохимжтой биш гэдгийг бүсгүйчүүд маань аль хэдийнэ мэддэг болсон гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ байгууллага хамт олны буюу олныг хамарсан цэнгүүнд орох гэж байгаа бол аль болох урт хормойтой, гоёмсог, ихэмсэг харагдах загварыг сонгох нь зүй. Харин дотно найз нөхдийн хүрээний үдэшлэг бол коктейлны буюу богино хормойтой, гоёл чимэглэл бүхий даашинзтай очоорой.

2017 онд сонгодог өнгө нь хар биш хүрэн

Хүрэн өнгийг тэр бүр даашинзанд сонгоод байдаггүй. Тэгвэл ирэх жилийн хувьд сонгодог хар өнгийг хүрэн өнгөөр орлуулах нь. Энэ өнгөн дээр алтлаг өнгийн зүүлт чимэглэл тун гайхалтай зохидог. Энэ бол хатан хааны гоёл ч гэж нэрлэгдэх болсон хослол гэнэ шүү.

Алтан шаргал өнгөтэй гутал өмсөөрэй

Мэдээж, даашинзныхаа дээд хэсгийг өөрийнхөө биеийн онцлогт тохируулж, мөртэй эсвэл үл ялиг жижиг ханцуйтай, өрөөсөн мөртэй гэх мэтээр сонгох нь зүй.
Энэ жилийн хувьд бэлхүүс хэт барьсан буюу корсеттой, өндөр бэлхүүстэй эсвэл нуруу ил гарсан загварыг зохион бүтээгчид санал болгожээ. Та даашинзаа бас гутлаа шүр, сувд, олон өнгөтэй шигтгээгээр өөрийн хүссэнээр чимэглэж болно. Гэхдээ бүдэг өнгөтэй даашинз дээр чимэглэл хийж тодруулж болох ч хурц өнгөтэй даашинз дээр төдийлэн чимэглэл хийх гэж хичээх шаардлагагүй. Харин гоёл чимэглэлээ хэрхэн сонгоход анхаарал хандуулаарай. Шилэн, гялалзсан шигтгээг ханцуй, эсвэл хүзүү зэрэгт л багахан чимэглэж өгөх нь зохимжтой гэнэ.
 Гуталны хувьд шинэ оныг алтлаг өнгөтэй туфли, сандаалтай угтах  нь ирэх жил алтан дээр явна гэх бэлгэдэл болдог гэнэ.  Мэдээж гутлынхаа өнгөтэй бүс, цүнх, алчуураа хослуулаарай. Шинэ жилийн даашинз дээр алтлаг өнгийн утсаар чимэглэл хийх нь гайхамшигтай гоёл болдгийг та анзаарсан байх. 
Залуу бүсгүйчүүдийн хувьд гоёмсог бие галбираа тодотгох боломж учраас даашинзныхаа хормойг нимгэн материал бүхий дэрэвгэр нэвсгэр байхаар сонгохоос бүү татгалз. Ингээд үс засалт, нүүр будалт чинь бас л залуу насны чинь цог жавхааг дарахгүй байх ёстойг анхаарна уу.

Махлаг бүсгүйчүүдэд интоорын өнгө санал болгожээ

Харин мяраалаг бүсгүйчүүд маань хурц тод өнгөнөөс зайлсхийж байгаа бол хашийн нил ягаан өнгийг сонгоорой. Мөн интоорын өнгөтэй даашинз ч таныг гоёмсог харагдахад тусална. Тэгш бус хуваалт, ташуу шугам бүхий загвартай даашинз таныг хэт тарган харагдахаас зайлсхийх боломж олгодог. Гэхдээ та аль болох загвар зохион бүтээгчдийн махлаг бүсгүйчүүдэд хэмээн тодотгон хийсэн даашинзыг сонгох нь зөв. Учир нь, загвар зохион бүтээгч бүр даашинз нь гайхамшгийг бүтээнэ гэсэн итгэлтэйгээр бүтээлээ гаргадаг. Жишээ нь тэд даашинзныхаа материалыг сонгох, хээг тааруулах, шигтгээ бүрийг урлахдаа ч таны биеийн согогийг үргэлж далдлахыг хичээдэг.

Зөөлөн өнгө гэж юу вэ

Тахиа өөрөө хурц араншинтай амьтан учраас тод өнгө сонгох тухай бид түрүүнд ярилцсан. Тэгвэл залуу охид маань өөртөө зохидог, зуны зөөлөн өнгөтэй даашинз сонгохоос цааргалах шаардлагагүй.
Бор шаргал, номин, тэнгэрийн цэнхэр, усан үзмийн ягаан өнгө энэ зуны трэнд байсан шигээ шинэ жилийн үдэшлэгт ч таныг гоёмсог, ихэмсэг дүр төрхийг тодотгох болно. Ялангуяа торон болоод торгон материал дээр нарийн хатгамал эсвэл гоёмсог шигтгээ бүхий байх нь илүү зохимжтой гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан