Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хайгуулчид уул уурхайн салбарыг уналтаас гаргана


Т.ЭРДМАА


Ашигт малтмалын үнэ унаж, босч, өсч урууддаг жам­тай. Монголчуудын хэлд­гээр ёстой барилгүй туучий. Ийм ч учраас уул уурхайд түшиглэн хөгжиж буй орнууд олсны хэрээр үрэлгүй цааш хийхийг чухалчилдаг. Гэтэл манай улс ашигт малтмалын үнэ тэнгэрт цойлсон он жилүүдэд орж ирсэн мөнгөө гарын салаагаар урсган цацаж, эдийн засаг 17 хувиар өслөө хэмээн онгирч байсан нь саяхан. Харин өнөөдөр ашигт малтмалын үнэ доод цэгтээ хүртэл унахад хамт уруудаж, эдийн засгийн өсөлт 1.3 хувь дээр арай гэж тогтож байна. Товчхондоо эдийн засгийн супер өсөлтийн тансаглал, супер уналтын горыг хангалттай амсч буй юм.  Гэвч ашигт малтмалдаа дулдуйдаж ирээдүйгээс баахан мөнгө зээлсэн. Дахин зээлэхээр ч ярьж байгаа. Өр зээл тавих нь аливаа бизнес, улс орны хөгжилд хүрэх олон боломжийн нэг мөн байх. Хамгийн гол нь авснаа яаж зарцуулах, хэзээ, хэд болгож төлөх нь асуудал.  Өнөөдөр ашигт малтмалын үнэ унасан, уул уурхайд хөрөнгө оруулалт орж ирэхгүй болсон тул уг салбар зогсонги байдалд ороогүй, мөнгөний эх үвсэр болж чадахгүй. Дэл­­хийн зах зээлд ашигт малт­малын үнэ бага зэрэг өсч эх­лэв. Гэтэл  ашигт малтмал худал­дан авагч гол түнш Хятад манай бүтээгдэхүүнд ногдуулах импортын татвараа өсгөв. Ингээд бага боловч үнийн өсөлтөөс олох байсан нүүрс, зэсийн баяжмалын ор­ло­­гыг  бидэнд хүртээлгүй ха­маад авах болжээ. Тэгвэл Ашигт малтмал, газрын тос­ны газар уул уурхайн сал­ба­­­рын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг гаргажээ.

Уул уурхайн салбар өдгөө Монгол Улсын ДНБ-ий 35.8, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70.9 хувийг тус тус бүрдүүлж буй. Нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувь буюу 14.4 сая га талбайд нь 3672 хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрөл олгоод байна. Энэ бол арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн тоо баримт. Эдгээр тусгай зөвшөөрлийн 1567 нь олборлолтынх. Энэ нь манай улсын ашигт малтмалын уурхайн тоо гэсэн үг.  Гэвч олборлох эрхээ авсан ч үйл ажиллагаа нь эхлээгүй, хөрөнгө оруулалтгүй гацсан ордууд ч бий. Нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 33.9 хувийг алт, 18.8 хувийг нүүрс10.9 хувийг жонш, 4.9 хувийг төмөрийн хүдрийн орд эзэлнэ. Банк болон ББСБ-ын барьцаанд 243 тусгай зөвшөөрөл бий. Эдгээрийн 93.4 хувь нь дотоодын санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа юм.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг таван жилийн турш  олгоогүй. Тухайлбал, 2010 оны дөрөвдүгээр сарын 20- 2015 оны нэгдүгээр сарын 26 хүртэлх хугацаанд Монгол Улс нэг ч хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Тэр  үед нийт нутаг дэвсгэрийн 26 хувийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэлж байв. Иймд хайгуулд орж ирэх хөрөнгө оруулалт огцом буурсан. Харин Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилснээс хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, тоо нь нэмэгдэх болсон. Эдүгээ 2015 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод буй аж. Тэгэхээр ирэх хавраас зургаан жил ажилгүй шахам зогссон хайгуулын компаниуд хөдөлгөөнд орох бололтой. Өөрөөр хэлбэл хайгуулын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлт байгаа юм. Улсын төсвөөс энэ онд 8.5 тэрбум төгрөг зарцуулж, геологи судалгааны ажил хийлээ. Уг хөрөнгийг нийт нутаг дэвсгэрийн геологийн нарийвчилсан болон ерөнхий зураглал хийхэд зарцуулсан аж. Тэгвэл хайгуулын лиценз эзэмшигч компаниуд өнгөрсөн онд 104 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын нийт хөрөнгө оруулалтыг сонирхвол 1.4 тэрбум төгрөг зарцуулсан дүн гарч байгаа юм.
Монгол Улс газрын тос экспортлогч орон болсон. Тэгвэл энэ оны эхний арван сард 93 мянган тонн газрын тос экспортлоод байна. Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасан. ОПЕК-ын орнууд газрын тос олборлолтоо түр зогсоож, үнэ өсгөх арга хэмжээ авахаар хэлэлцэж буй. Гэвч тохиролцоонд хүрч чадалгүй уг хэлэлцээр гацаад байгаа билээ.

Монгол Улс энэ онд одоогоор 3.1 тэрбум ам.долларын ашигт малтмалын экспорт хийсэн дүн бий. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 264 сая ам.доллараар бага байгаа юм. Зэсийн баяжмал манай улсын экспортын гол түүхий эдийн нэг.  Улсын төсөвт хамгийн мөнгө оруулдаг ашигт малтмал. Сүүлийн жилүүдэд экспортын хэмжээ нэмэгдсэн ч үнэ нь буурсан тул орлого нь багассан. Өнгөрсөн жил 1.8 сая ам.долларын үнэтэй 1.2 сая тонн зэсийн баяжмал борлуулж  байв. Тэгвэл аравдугаар сарын байдлаар 1.3 сая тонн зэсийн баяжмалыг өнгөрсөн жилийнхээс 496 сая ам.доллараар бага үнээр борлуулжээ. Нэг тонн цэвэр зэсийн үнийг сонирхвол 4467 ам.доллараас 4731 ам.доллар болон өслөө. Цаашид уг металын үнэ нэмэгдэх горьдлого бий. Учир нь, АНУ-ын шинээр сонгогдсон төрийн тэргүүн дэд бүтэц, авто замын салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бодлого баримтална гэж мэдэгдсэн.

Алт шууд валют болон хөрвөдөг онцлогтой ашигт малтмал. Монгол Улс 16.2 тонн алт олборлоод байна. Ингээд 445 сая ам.долларын үнэтэй 11 тонн алт экспортод гаргалаа. Энэ нь өмнөх жилийнхээс өссөн үзүүлэлт. Тухайлбал, 9.4 тонныг 357 сая ам.доллараар борлуулсан юм. Нэг унци алт оны эхэнд 1096 ам.доллар байв. Аажимдаа үнэ өсч эдүүгээ 1266 ам.долларт хүрээд байна.

Коксжих нүүрс экспортод чамгүй жин дардаг. Зургаан жилийн өмнө нэг тонн нүүрсний үнэ тэнгэрт хадаж, 150 ам.долларт хүрч улсын төсөвт төвлөрүүлэх орлогоороо зэсийг ардаа хийсэн удаатай. Гэвч сүүлийн дөрвөн жилд үнэ унаж доод цэгтээ хүрээд энэ намраас сэргэх хандлага ажиглагдах болов. Зах зээлийн зарим шинжээчид нүүрсний үнийн өсөлт урт хугацаанд үргэлжилэхгүй гэсэн төсөөлөл ч хийгээд байгаа. Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани нэг тонн нүүрсээ 50 ам.доллараар борлуулах гэрээ хийсэн. Энэ бол амжилт. Урд нь тус компани нэг тонн нүүрсээ 27-30 ам.доллараар борлуулж байсан билээ. Аравдугаар сарын байдлаар манай улс 21.4 сая тонн нүүрс экспортолсон дүн бий. Ирэх онд 23 сая тонн хүргэх төлөв гарсан.  Харин улсын хэмжээнд 24.4 сая тонн нүүрс олборлосон байна. Үүнд дотоодын дулааны цахилгаан станцын хэрэглэж буй нүүрс багтаж буй юм. Нэг тонн коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн дундаж үнэ аравдугаар сард 100 ам.долларт хүрсэн. Энэ нь үнэ өсөх найдвар төрүүлж буй. Ашигт малтмал, газрын тосны газар улсын тусгай зөвшөөрлийн төлбөр, нөхөн төлбөр, үйлчилгээний хураамжаар улсын төсөвт чамгүй орлого төвлөрүүлдэг. Энэ онд 160 тэрбум төгрөг оруулах байж. Тэгвэл уг мөнгөний 84.2 хувь буюу 134 тэрбум төгрөгийг нь  бүрдүүлээд байна. Уул уурхайн салбарт гадаадын компани зуун хувь хөрөнгө оруулсан улсаар Хятад тэргүүлдэг. Нийт хөрөнгө оруулагчийн тал хувь нь юм. Удаад нь Виржинийн арлууд, Сингапур, Өмнөд Солонгос, Канад, Хонгконг орно.

0 Сэтгэгдэл
хайгуулчид маань уул уурхайг хямралаас гаргана гэж хөөрдөгч үнэнхэрэгтээ гадны эдийн засгийн алуурчдын гарт монголыг минь атгуулдаг луйварчид цугларсан төрийн төлөө новшрохоо больцгооё юу нээнэ түүнийгээ нууцгаая
Хамгийн их уншсан