Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 гаруй ТҮЦ-ний 757-г батлагдаагүй цэгт зөвшөөрөлгүй байршуулжээ


Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ ажилладаг гэсэн судалгаа гаргажээ. Мөн тэдний 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг нь холбогдох байгууллагаас хийсэн шалгалтаар илэрдэг учраас зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүй гэнэ. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын хэрэгжилтийг шалгахаар өнгөрсөн сарын 30-ны үдэш гэнэтийн шалгалт хийсэн байна.

Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагчдын бүрэлдэхүүнтэй зургаан дүүрэгт хийсэн шалгалтын явцад тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ажлын хувцас, энгэрийн тэмдэггүй, ариун цэвэр, гар угаах угаалтуургүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Тиймээс шаардлага хангаагүй ТҮЦ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, мэдэгдэх хуудас өгчээ. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд буюу явган хүний зам, авто зогсоол дээр өөрсдийн дураар ТҮЦ байрлуулсан нь ч нэг биш байж.

Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл дутуу бичигдсэн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг татан авчээ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас гарсан зөрчлийг арилгуулахаар хуульд заасны дагуу торгууль ногдуулж, хориотой бараа бүтээгдэхүүнийг хураан авсан юм.

Аж ахуйн нэгж, байгууллага нь шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой

Харин Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй ТҮЦ эрхлэгчид цөөнгүй байдаг. Тэдэнд өнгөрсөн есдүгээр сард хийсэн шалгалтаар үйл ажиллагаагаа зогсоохыг анхааруулж, шаардах хуудас хүргүүлсэн аж. Тус дүүргүүдэд мөн адил тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүн буюу хачиртай талх, кимбаб, пирошки зэргийг ил задгай зарж байсан зөрчил илрэв.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Я.Сайнбаяр “ТҮЦ-ний үйлчилгээ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг удаа дараа зөрчдөг. Өнөөдөр ч мөн ялгаагүй тамхи ширхэглэн зарсан нийтлэг зөрчил илэрлээ” гэлээ. Харин нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Б.Идэрмөнх “Үйлдвэр үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой. Гэтэл Шастины нэрэмжит III төв эмнэлгийн автобусны буудлын орчимд байрлах ТҮЦ-үүд нь шатахуун түгээх станцтай зэрэгцээд шахуу үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс  зөвшөөрөлгүй эдгээр ТҮЦ-ийг нүүлгэх хүртэл арга хэмжээ авна” гэв. 

Байцаагчдын тогтмол хийдэг шалгалтаар ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг байнга зөрчдөг гэдгийг албаныхан онцлов. Түүнчлэн 2014 онд НИТХ-аас баталсан 54 дүгээр журамд стандартад нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй зүйлийг тусгасан учраас зөрчил их гардаг талаар байцаагчид хэлж байсан юм.
Өнгөрсөн есдүгээр сард хийсэн шалгалтаар ТҮЦ эрхлэгчдийн дйилэнх нь гэрээ байгуулж, зөвшөөрөл аваагүй зөрчил нэлээд байсан аж. Мөн батлагдаагүй байршилд зөвшөөрөлгүй тавигдсан 757 цэг байгаа нь хувийн ашиг сонирхол болон иргэдийг хаа дуртай газраа ТҮЦ байршуулах, шилжин нүүх нөхцөлийг бүрдүүлсэн гэж шалгалтын хэсгээс үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан