Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар олны анхаарлыг татсан хуулийн төслүүдийг хэлэлцсэнгүй. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийг энэ сарын 29-ний өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, чуулганд бэлтгэх байсан ч байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, хуралдаандаа ирээгүй тул хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.
Харин Хөгжлийн банкны тайланг АН-ын бүлэгт танилцуулаагүй тул ажлын тав хоногийн завсарлага авч, ирэх долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэхээр болсон. Тиймээс өчигдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас өнгөрсөн сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэч­лэх тогтоолд өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийгхэлэлцэх эсэх асуудлыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцууллаа.
Нийгмийн даатгалын үндэсний зөв­лөл нь нийгмийн даатгалын сан­­гийн орлогын төлөвлөгөө, зарла­­гын гүйцэтгэл, сангийн бат­лагдсан төсвийн нарийвчилсан ху­ваа­­рийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг хүлээдэг юм байна.

Харин Нийгмийн даатгалын тухай хуульд,
• “УИХ нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулна”
• “Үндэсний зөвлөлийн дар­га, гишүүдийг талуудын санал бол­госноор УИХ зургаан жилийн хуга­цаагаар томилох...” гэж хууль­чилсны дагуу  2012 онд Нийг­­мийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталжээ.

Гэсэн ч УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинэ бүтэцтэй болсон тул Үндэсний зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрыг төлөөлсөн бусад гишүүдээр Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар ажиллахаар тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар болсон юм.
Хэдийгээр тэднийг УИХ томилж байгаа ч үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний үүрэг бага гэдгийг гишүүд хэлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн эрх хэмжээ хязгаарлагдмал, оролцоо нь ор нэрийн төдий байгаа, бүх хөрөнгийг нь Сангийн яам төвлөрүүлээд татчихдаг. Иймээс энэ сангийн хөрөнгийг өөр төрлийн санд байршуулахыг хориглосон хуулийн заалтыг хэрэгжүүлж Нийгмийн даатгалын санг Төрийн сангаас тусгаарлах талаар салбарын сайд, Үндэсний зөвлөл анхаарах шаардлагатай” гэсэн юм. Энэ асуудлыг цаашид хуулийн төсөлд тусгах боломж нээлттэй тул зөвлөлийн гишүүдийг өөрчлөх тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэж, 1997 онд “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэн орж байжээ. Мөн УИХ 2008 онд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг баталж, 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Харин Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг шинэчлэн баталсныг Засгийн газар ирэх оны эхний өдрийг хүртэл хойшлуулан, Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Тухайлбал, хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон ч Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар баталж байх зохицуулалтыг нэмж тусгасан байна. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилжээ. Тиймээс энэ төслийг хэлэлцэх шаардлага гэж УИХ-ын гишүүд үзлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан