Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэтгэврийг үнэн зөв тогтоосон эсэхийг шалгахаар болжээ

Т.ЦЭЛМЭГ

Нийгмийн халамжийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсэн. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийн талаархи мэдээллийн дараа УИХ-ын гишүүдээс асуулт гарсан. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлт гаргаснаа танилцуулав.

Олон хүүхэдтэй эхчүүдийг дэмжих асуудлыг эдийн засаг сайжрахаар оруулж ирнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: 2016 оны долдугаар сарын байдлаар улсын төсөвт хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэр нь бүрэн зарцуулагдаж, 2016 оны батлагдсан төсөв болох 144 тэрбум төгрөгийг зургадугаар сард зарцуулж дууссан байсан. Өнгөрсөн жилүүдэд Хүний хөгжил санд хангалттай орлого төвлөрөөгүй. Засгийн газраас бонд гаргах замаар хөрөнгө босгож хүүхдийн мөнгийг санхүүжүүлж иржээ. Иймд хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид улсын төсөвт шилжүүлж, шийдвэрлэх асуудал тулгамдаж байсныг Засгийн газар шуурхай шийдвэрлэж, улмаар хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн.

АН-ын бүлэг: Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт ялгавартай, хувааж өгөх шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчсөн. Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцын ялгаварлан гадуурхаж үл болох тухай хоёр заалтыг зөрчиж байгаа. Энэ нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмуудыг уландаа гишгилээ. Засгийн газар МАН-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно” гэж ард түмэнд амласнаасаа буцсан. Өмнөх Засгийн газар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байсан. АН-ын бүлэг хүүхдийг амьжиргаагаар нь ялгаварлаж байгааг цаашид ч сануулсаар байх болно.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Хүүхэд болгонд хүүхдийн мөнгө өгнө гэж МАН сонгуульд оролцож УИХ-д 65 суудалтай болсон.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Өрхийн амьжиргааг тогтоох судалгааг халамжийн бодлогыг зорилтот бүлэгт нь хүргэх үүднээс хийсэн юм. Энэ судалгааг хүүхдийн мөнгөн дээр ашиглаж байгаа  нь учир дутагдалтай. Хүүхдийн мөнгө бол хүний хөгжилд зориулсан мөнгө, халамжийн сангаас олгодоггүй. 2019 онд үлдэж байгаа хүүхдүүдэд өгнө гэсэн ямар байдлаар олгох юм бэ.

ХАХНХ-ын сайд Н.Номтойбаяр: Хүүхдийн мөнгийг олгоход 240 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг. Та бүхэн эрх барьж байхдаа 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгох хэмжээний төсөв суулгасан байсан. МАН засгийн эрх аваад долдугаар сараас 79 тэрбум төгрөг нэмж суулгаад хүүхдийн мөнгө үргэлжлүүлэн олгосон. Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоё гээд 60 хувьд нь бэлнээр 40 хувьд нь 2019 онд бөөнд нь өгөхөөр болсон.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Эдийн засаг хүнд байгаа үед төсвийнхөө бодлогыг сайжруулахын тулд хэмнэлтийн горимд шилжихээс өөр арга байхгүй.  Үлдсэн 40 хувийнх нь мөнгийг 2019 онд бөөнд нь өгөхөөр болсон. Төрөөс хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлого баримталж хоёр хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Улс орны эдийн засгийн бололцоонд суурилж төсвийн орлого сайжрах үед УИХ-д өргөн мэдүүлнэ.

Хамтын тэтгэвэрийг хэрэгжүүлэхийг шаардав

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого гаргаж, Ач санах тухай хуулийг батлуулж, Насны хишиг тэтгэвэр олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилт тусгасан. “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгохоор холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан. Засгийн газраас ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг нь хойч үедээ өвлүүлэх зорилгоор ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог цогц байдлаар зохицуулсан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байгаа.
 
АН-ын бүлэг: Үндсэн хуульд заасан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ, хуримтлалын тогтолцоог өөрчлөх шаардлагын хүрээнд төрөөс авч хэрэгжүүлсэн бодлогын нэг нь Хамтын тэтгэврийн хууль. Гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгохоор байсныг хүчингүй болгож, хамрагдах боломжтой 76 мянган орчим иргэний эрхийг хохироолоо. Үүнийгээ булзааруулж “Насны хишиг” нэртэй тэтгэвэр олгохоор болсон нь ахмадуудаар тохуурхсан үйлдэл. Насны хишиг хүртэхийн тулд урт наслахаар хичээж амьдарна гэсэн Ерөнхий сайдын тайлбар, Сангийн сайдын хариуцлагагүй мэдэгдлүүд олон ахмадыг гомдоосон байна. АН-ын бүлэг Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас үргэлж шаардах болно. Засгийн газрын мэдээлэл тооцоо, судалгаа, үндэслэл муутай, нийгмийн амьдралыг бодит хөрсөнд буулгаж чадаагүй хариуцлагагүй боллоо гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.

ХАХНХ-ын сайд Н.Номтойбаяр: Тэтгэвэртэй холбоотойгоор 187 сая орчим төгрөгийн зөрчил илэрсэн. Ихэнх нь тэтгэвэрийг багаар тогтоож мөнгө зувчуулдаг зөрчил. Иймээс тэтгэврээ үнэн зөв тогтоолгосон эсэхийг шалгах аян орон даяар зохион байгуулна.
Мэдээлэлд нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрөл олон, хамрах хүрээ хэт өргөн, жилд 730 орчим мянган хүнийг хамруулж, дөрвөн хүн тутмын нэгд төрөөс халамж үзүүлж байгаа нь халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт чиглээгүй. 2015 онд судалгаа хийхэд нийт халамжийн үйлчилгээний 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртсэн гэж гарчээ. Таван ам бүлтэй нэн ядуу өрхөд сард 45.5 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичгийн дэмжлэг үзүүлж байгаа аж. Халамжийн сангаас олгох тэтгэмж, тусламжийн хэмжээ нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний дунджаар 9.8 хувьтай тэнцэж байгаа нь дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс оронтой харьцуулахад 5-6 дахин бага байгааг дурдав. Иймээс “Орлогыг орлуулан тооцох аргачлал”-ыг нэвтрүүлж, зорилтот бүлгийг тодорхойлж байгаа аргачлалыг цаашид боловсронгуй болгохоор болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан