Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

XIV Далай лам ба Хятад Монголын харилцаа


1. 1979 оны YI сарын 15

ЗХУ болон БНМАУ-д айлчилсан.
Моагийн хувьд Далай лам Хятадын ард түмний заналт дайсан болоод байв. ЗХУ, БНХАУ-ын хилийн зөрчилдөөн хурцдаж, Монгол улс Зөвлөлтийн талд бат зогсох болсноор 1962 онд Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж, ажиллах хүч өгч байсан Хятад улс Монголтой харилцаагаа эрс хүйтрүүлсэн. Хэдийгээр Монгол бурхан шашныг шүтэх эрх чөлөө хязгаартай байсан Зөвлөлтийн нөлөөгөөр Дэлхийн буддистуудын энхтайвны байгууллагыг Монгол байгуулж, Далай лам хүндэт зочноор уригдсан юм. 1979 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс түүнд Төв аймгийг үзүүлж, Заамарт нэгдлийн үйл ажиллагаатай танилцуулж, бэсрэг эрийн гурван наадам зохион байгуулсан гэдэг.


2. 1982 оны VIII

Азийн буддистуудын энх тайвны VI бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцжээ. Монгол Хятадын харилцаа хурцадмал, юу юугүй байлдаж болзошгүй гэх мэдээлэл хоёр орны аль алиных нь ард түмэнд байлаа. Хятадууд Монгол бол Оросын бүрэн мэдэлд орчихсон улс гэдэгт бүрэн итгэлтэй байсан бөгөөд Оросуудаас ихээхэн эмээж байсан учраас Монгол руу тэр бүр ойртдох зүрх байгаагүй гэдэг

3. 1991 оны IX сар

Монгол Улс ардчилсан сонгуулиар шинэ Засгийн газраа томилсон цаг. Дээрхийн гэгээнтэн Төв цэнгэлдэхэд сүсэгтэн олонд ном айлджээ. МӨн төвдийн бүрэн тусгаар тогтнолын төлөө байгаагаа Улаанбаатарт тунхаглаж, Бээжингийн дургүйг хүргэсэн байна. Гэхдээ энэ үед Монгол Хятадын харилцааны шинэ үе дөнгөж эхлэж байв.



4. 1994 оны IX сар

Энэ айлчлалаар "Бодь Мөрийн Зэрэг-ийн Тунгаамал Алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни", "Язгуурын гурван бурхны зүрхэн тарни", "Ловон Бадамсамбааваа бурханы зүрхэн тарни"-ийн лүн хайрлав. Энэ удаагийн айлчлалаараа монголчуудад хандан “та бүхэн архиа бага ууж, айргаа тааваараа зоогло” гэсэн үгээ хэлжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, “Хятад Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулжээ.


5. 1995 оны VIII сар

Далай лам Монголд анх удаа Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын ван их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв.

Энэ үеэр Монгол Хятадын улстөрийн хүрээнд томоохон айлчлал товлогдож, харилцаа идэвхжих эсэх нь тодорхой биш байсан бололтой. 1995 онд Холлиувын алдарт од Ричард Гир Далай ламтай уулзахаар Монголд ирсэн байдаг.


6. 2002 оны XI сар

Гурван өдрийн айлчлалаар сүсэгтэн олонд ном айлдаж, оюутан залууст сургаал ном хайрласан гэдэг. 1998 онд Монголын Ерөнхийлөгч Н.Багабанди Хятал төрийн айлчлал хийсэн бол 1999 онд Хятадын дарга Жян Зэминь Монгол улсад төрийн айлчлал хийн хоёр хөршийн хамтын ажиллагааны харилцааны агуулгыг шинэчлэн, хойшдын хөгжлийн чигийг гаргасан гэж үздэг 

Тиймээс 2002 онд Далай ламыг Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг эрмэлздэг тэрслүү этгээд гэж үздэг БНХАУ-ын зүгээс Монголд хийсэн айлчлалыг эсэргүүцэн хилээ хэд хоног хаасан гэдэг мэдээлэл байдаг. АВС агентлагийн сэтгүүлч энэ тухай Эрээн рүү наймаанд явж байсан бүсгүй дээр жишээ аван бичсэн байдаг ч манай Ерөнхийлөгч 2011 онд ВВС-д өгсөн ярилцлагадаа “ Энэ бол ташаа мэдээлэл” гэж хэлж байсан юм.

7. 2006 оны VIII сар

Дээрхийн гэгээнтэн лам хуврагийн жаяг бичгийг зохион Монголын бурханы шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж, Монголчуудад анх удаа гэлэн сахилыг 52 ламд хүртээсэн  гэдэг.Хятадын талаас үүнд эсэргүүцэл илэрхийлэн Бээжингээс  Улаанбаатар руу хийх нислэгийг цуцалсан гэдэг. 2006 оны зургадугаар сард Монголын Засгийн газрын тэргүүн М.Энхболд Хятадад албан ёсны айлчлал хийж, эдийн засгийн хамтын харилцааг хөгжүүлэх талаар нэг бус хэлэлцээ байгуулаад байв. Тухайн үед хоёр улсын гадаад  худалдааны эргэлт 8 тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж байв.



8. 2011 оны XI сар

Оюутан залуучуудад "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц уншиж нийт сүсэгтэн олонд ""Бодь Мөрийн Зэрэг-ийн Тунгаамал Алт", "Шүтэн Барилдлагын Магтаал", Жанрайсиг бурханы авшиг, Цагаан Дарь Эх-ийн насны авшиг хайрлажээ.
Тэрээр  Түвдийн орогнолын Засгийн газрыг толгойлох ажлаа орхиж,  улс төрийн ажиллагаанаас бүрэн хөндийрснөө зарласан байдаг. Гэвч Хятадын талаас үүнийг үгүйсгэж байсан бөгөөд Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалтаар барьсан Яармагийн спорт ордонд ном айлдвар айлдуулахгүй гэсэн хоригийг Хятадын талаас манайд тавьсан байдаг. 2011 онд манай нийт гадаад худалдааны 55 хувийг Хятадын талтай хийж байв. 2011 онд Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа шинэ өндөр шатанд гарсан гэж байлаа. Далай лам сэтгүүлчдэд “Хятадын зүгээс  дарамт гэх үү, хавчилт гэх үү нэг тийм хандлагыг байнга үзүүлдэг. Хаана ч явсан гардаг энэ хандлагад дасчихаж. Хэрвээ намайг айлчиллаа гээд Хятадын зүгээс тийм байдал ажиглагдсан бол тэдний өмнөөс уучлалт гуйя” гэж хэлсэн байдаг.

9. 2016 оны ХI  сар

XIV Далай ламын айлчлалыг Монголын талаас цэвэр буян номынх хэмээн мэдэгдсэн ч БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэж мэдэгдсэн бөгөөд Монголын тал ч Хятадаас 4,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахтай холбоотой төрийн бүх айлчлал хойшилсан тухай мэдээлэл өгсөн юм. Далай ламын хувьд 1974 оноос хойш Түвдийн тусгаар тогтнолын асуудлыг дэвшүүлэхгүй байгаа хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн ч Хятадын тал хүлээж аваагүй. Өнгөрсөн долоо хоногт Хятад улс бүх боомтын татвараа нэмснээ албан ёсоор мэдэгдсэн ч одоогоор энэ нь тус улсын эдийн засгийн бодлого уу, Далай ламын Монголд хийсэн айлчлалаас үүдэж манайд үзүүлж буй шахалт уу гэдэг нь тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан