Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Конор Макгрегор хэрхэн хамгийн баян тулаанч болсон бэ


Н.БАТ


Эдди Альваресыг ялснаар Конор Макгрегор UFC-ийн түүхэнд хөнгөн болон хагас хөнгөн жинд аваргалсан цорын ганц тулаанч болоод байна. Энгийн ядмагхан амьдарч байсан гагнуурчин залуу хэрхэн дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчин болсон нь олон хүний сонирхлыг татсаар байгаа юм. Конор Макгрегор 19 настайдаа Ирландын Артем Ситен­ковын нэрэмжит самбийн аварга шалгаруулах тэмцээнд анх түрүүлж алтан медаль хүзүүндээ зүүж байсан гэдэг. Мэдээж тухайн жилдээ тэмцээнд амжилт үзүүлэхийн тулд илүү их бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай байсан нь  түүнийг ажлаасаа халагдахаас өөр сонголтгүй болгосон аж. Ажилгүй болсноор бэлтгэлийн цагаа хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

Найман жилийн цуцалтгүй дасгал сургуулилтын дараа тэрээр Лас Вегасын холимог тулааны талбарт нүүр бардам гарч, сая саяар нь ам.долларыг халаасалж эхлэв. Холимог тулааны 66 кг-ийн жингийн аварга болсон ч жин өгсч тулалдаж чадна гэдэгтээ итгэлтэй байв. Тэр бол UFC-ийн түүхэнд нэг тоглолт нь сая ам.доллараар үнэлэгдсэн анхны тулаанч / 3 сая ам.доллар хүртсэн анхны тамирчин/. Мөн өөрийн өрсөлдөгчид саятан болох боломж олгосон анхны тамирчин ч гэж хэлж болно.

Макгрегор — ирланд эр

2013 онд л тэрээр UFC-ийн дэвжээнээ анх удаа ч маш  хурдан хугацаанд тоо томшгүй олон фэнийг өөртөө татаж чадав. Учир нь, Америкт ирланд цустай 40 сая хүн амьдардаг гэсэн тоо баримт бий. Макгрегорын тоглолтын үеэр заал тэр чигтээ “ногоордог” байна. Учир нь, угийн тулаанч эрэмгий ирландчуудад өмнө нь холимог тулааны урлагт цус нэгт тулаанч нь байсангүй. Гэтэл улаан сахалтай, жинхэнэ ирланд эр гэнэт гарч ирээд л микрофоны өмнө “Миний өвөг дээдэс үргэлж тулалдаж байсан юм. Макгрегор овгийнхон дайн тулааны талбарын тэргүүнд явлаа” гэж хашгирсан нь түүнийг үндэсний баатарын дайд аваачсан байна. Конор өөрийн фэнүүдэд маш ойрхон байж чаддаг. Тэрээр тагтандаа ирландын туг хадсан айл руу шууд л урилгагүй зочин болоод орчихдог тал ч бий.

Макгрегор –шуугиан таригч

Холимог тулааны спорт бол үзэгчтэйгээ тамирчин хэрхэн холбоо харилцаа сайн тогтоож чадахаас амжилт, орлого нь шалтгаалдаг өвөрмөц онцлогтой. Тулаанчдын орлого үзэгчдээ хэрхэн өөртөө татаж, тэднийг хэрхэн цэнгүүлж чадахаас л хамаардаг. Мөн телевизийн шууд дамжуулалтаас их орлого хураадаг. Нэг удаагийн тэмцээнийг ойролцоогоор 27-60 ам.доллараар шууд хүлээж авах эрх авдаг гэнэ. Макгрегор бол шууд дамжуулалтыг хамгийн сайн борлуулагч. Түүний тоглолтыг дунджаар хагас сая хүн шууд үзэхийн тулд мөнгө төлдөг. Мэдээж үүнээсээ багагүй хувь хүртдэг.

Конор өнөөдрийн UFC-д байгаа тамирчдаас ард түмнийг хэрхэн цэнгээн баясгахаа хамгийн сайн мэддэг нь. Түүний хэвлэлийн хурал дээр лонх ялаа шиг нисч, хэн нэгний аваргын бүсийг ч шүүрэн авч, эсвэл өрсөлдөгчөө өдөж, өөрийнхөө тоглолтын үр дүнг урьдчилж зарлахдаа ч гарамгай. Тэр анхны тоглолт дээрээ 8 мянган ам.доллар авч байсан бол дөрөв дэх тоглолтоо 75 мянгаар, зургаа дахь тоглолтоо 500 мянгаар, харин наймдахыг нь 1 саяар үнэлсэн бол ес дэх тоглолтоороо 3 саяыг халаасалжээ. Найман мянгаас сая хүртэл үнэлэгдэхэд түүнд ердөө хоёр жил гаруй хугацаа л шаардлагатай байж. Үүнээс гадна ивээн тэтгэгчдээс, тэмцээнийг зохион байгуулагчдаас мөн шууд дамжуулалтаас хувь авна. Ердөө л ес дэх тоглолтоороо 3 саяыг бэлэн авч, бусад бонустайгаа 10 гаруй сая ам.долларын эзэн болсон гэдэг.

Макгрегор дандаа “зоддоггүй”

Дэвжээн дээр гарсан л бол Макгрегор биеэ хэрхэн авч явахаа маш сайн мэддэг. Түүнийг хэдэн арван камер дагаж байгааг нэг секунд ч мартдаггүй учраас үргэлж өөртөө итгэлтэй харагддаг. Нүд, гар, амны хөдөлгөөн бүрийг тус тусдаа камер даган дүрс бичлэг хийдэг учраас дараа дараагийн өрсөлдөгч нартаа жинхэнэ тулаанч гэдгээ батлан харуулахын тулд өөртөө өндөр шаардлага камерын өмнө гарахдаа тавьдаг.  Харин дасгалын үед Макгрегор бол энгийн л нэгэн гэдгийг мэдэрч болно. Тэр найрсаг, хөдөлмөрч, бусдын адил энгийн хүн. “UFC” түүний есөн тулааны наймд нь үзэгчдийг гайхамшигтай цэнгүүлж чадлаа хэмээн 50 мянган ам.долларын бонус олгожээ. Тэр есөн удаагийн тулааныхаа нэгд нь л өөртөө нь тоглолт таарахгүй тулаанчтай таарч, бөмбөр шиг нүдэхэд хүрсэн гэж хэлдэг.

Макгрегор хэзээ ч дуэлиэс айдаггүй

Мэргэжлийн тулааныг сонирхолтой байлгахын тулд заавал супер тулаан зохион байгуулах ёстой. Гэхдээ жингийн зөрүү, тамирчны гэрээ зэргээс шалтгаалаад фэнүүдээ гайхшруулах тулаан цөөхөн болдог юм. Алдарт Мейвезер болон Пакьяо хоёрын тоглолтын товыг фэнүүд нь 6 жил хүлээсэн.  Ингээд 36 болон 38 нас хүрсэн хойноо л тамирчид нэг дэвжээнээ хамт гарсан байдаг. Мэдээж UFC бол дэлхийн шилдэг тулаанчдыг цуглуулдаг ч үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолт тэр бүр болоод байдаггүй.  Макгрегорын хувьд тэр жин үл харгалзан ямар ч тулааны дуудлагыг хүлээж авахад бэлэн хэмээн ам бардам байж чаддаг. Хэдийгээр өөрөө 66 кг-ийн жингийн аварга ч сүүлийн хоёр ч тулаанаа 77 кг-ийн жингийн тамирчинтай хийсэн юм. Мөн 70 кг-ийн жингийн аваргын бүсийг авахын төлөө бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлсэн хэвээр байгаа юм.

Макгрегор маргаангүй од

Макгрегор өнөөдрийн байдлаар холимог тулааны спортын номер нэг супер од гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний бэлтгэлийг үзэхээр алдарт Криштиан Роналдо өөрийн биеэр ирдэг. Мөн хоккейчин Евгений Малкин бусад одууд сошиалаар үргэлж түүнд мэнд дамжуулж байдаг. Домогт Флойд Мейвезерыг дэвжээнд гарах цорын ганц шалтгаан нь магадгүй Макгрегор ч байж магадгүй хэмээн сонирхогчид үздэг. Нэг ч тоглолтонд ялагдаж үзээгүй Флойд Мейвезер жинхэнэ тулаанд Конорыг дуудах ч юм бил үү. Хэрвээ дуудвал Конор хэзээ ч хойш суухгүй гэдэг нь тодорхой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан