Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны хурал зодоондоо хүрчээ

Г.АНАР

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны зарим үүрийн хурал болжээ. Гэтэл энэ үеэр маргаан гарч, сүүлдээ нэгэндээ гар хүрч, нэгэн эмэгтэйн толгойг хагалж, биед нь гэмтэл учруулсан байна. Тухайн үед болсон үйл явдлын талаар Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны МАН-ын үүрийн дарга У.Сайханцэцэгээс тодруулсан юм.

-Танай үүрийн хурал хэдэн сарын хэдний өдөр хуралдах ёстой байсан бэ?
-Манай намын үүр тэргүү­лэгчдийнхээ хурлаар хэлэлцээд гишүүдийнхээ хурлыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн бямба гарагт хуралдуулна гэж баталсны дагуу хуралддаг. Арванхоёрдугаар сарын бүх гишүүдийн хурал тэргүүлэгчдийн тогтоолын дагуу сарын сүүлийн долоо хоногийн бямба гарагт болох ёстой байсан.

-Тэгвэл өнгөрсөн ням гарагт албан ёсны хурал болоогүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Намын дүрмийг зөрчиж хурал зарласан болохоор албан ёсны хурал биш. Тийм ч учраас намын үүрийн гишүүд Дүүргийн намын хороонд “Дүр­мийн бус хурал зарлаж хү­чээр асуудал шийдэх гэж байна. Намын дүрмийн дагуу ажилла” гэсэн шаардлага тавьсан юм.

-Ер нь тухайн намын үүрийн бүх гишүүдийн хэдэн хувь нь хуралд оролцож байж хүчин төгөлдөр болох ёстой юм бэ?
-Бүх гишүүдийн 50+1 ху­вийн ирцтэй байж хурал хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл Дүүргийн намын хороо Орон нутгийн сонгуульд намаа ялагдуулсныхаа хариуцлагыг хүлээхээс зайлсхийж Намын үүрийнхээ дарга, дэд дарга, тэлгүүлэгчдэд зар хүргэлгүйгээр өөрсдийн хүрээний хэдхэн гишүүнийг албан бусаар хам­руулж, үүрийн даргыг чө­лөөлж, өөрийн хүнийг тавихаар намын дүрмийг зөрчиж хулгайгаар хурал хийх гэж байсныг мэдэж үүрийн тэргүүлэгч бид холбогдож чадсан хэдэн гишүүнтэйгээ очсон юм. Нийт 30 гишүүн буюу 10 хүрэхгүй хувийн ирцтэй байсан. Өөрсдийн эрх ашгийн төлөө жирийн гишүүдийн итгэл үнэмшлээр тоглож, намын анхан шатны байгууллагаа дотроос нь талцуулан хагалган бутаргаж байгаа Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны удирдлагуудын үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ.

-Хурал хүчин төгөлдөр бус байснаас маргаан үүссэн хэрэг үү?
-“Намын үүрийг дотор нь хагалж, өөрсдийн хүрээний хэдхэн хүнийг цуглуулж дүрмийн бус хурал хуралдуулах гэж байна.  Намын дүрмийн дагуу хурлаа хийе” гэж үүрийн тэргүүлэгчдийн тавьсан шаардлагыг Дүүргийн намын хорооны дэд дарга НИТХ-ын төлөөлөгч О.Мөнгөншагай эсэргүүцэж дүүргийн намын хорооны ажлын албаны хүмүүсээ турхиран маргаан үүсгэсэн. Улмаар зарим гишүүний дунд маргаан үүсч, бидний тавьсан шаардлагыг дэмжсэн хүмүүс, Орон нутгийн сонгуулиар ажилласан ерөнхий менежерээр ажилласан эмэгтэйг дайрч доромжлон толгойг нь хагалж, мөрөнд нь хүнд гэмтэл учруулсан. Биеийн байдал нь тааруу байхад янз бүрээр гүтгэн доромжилж байна. Дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж байгаа. Жил орчмын өмнө мөн л дүүргийн намын хорооны гишүүдийг талцуулан дүрмийн бусаар сонгогдож байсан юм. Яг тэр аргаараа намыг ялагдал хүлээсэн дөрвөн жилд ажилласан дарга, үүрийн дарга нарыг эрх мэдлээрээ далайлган халж, сольж байгаа. Энэ нь өөрийн бүлэглэлээсээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж өрсөлдүүлэхийн тулд дэд дарга нар бусармаг аргаар хурал хийж, удирдлагыг авах танхайн үйл ажиллагааг зохион байгуул гэсэн зааварчилгаа өгсөн байж магадгүй гэж ахмад гишүүд халаглаж байна.

-Орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй хэсэг хүмүүс мар­гаан будлиан үүсгээд яваа мэ­дээ­лэл гарсан. Ямар учраас ийм асуудал үүсээд байгаа юм бол. Та бүхэнтэй уулзсан уу?
-Орон нутгийн сонгуулиар дүүргийн намын хорооны удирдлагууд нэр дэвшигчдээ ялгаварлан үзэж заримыг нь мөнгө санхүүгээр дэмжиж, заримд нь дарамт шахалт үзүүлж ирсэн. Дэд дарга, дүүргийн Орон нутгийн сонгуулийн штабын даргаар ажиллахдаа сонгууль удирдах туршлагагүй, чадваргүй, ажлын арга барил дутмагаас болж манай дүүргийн МАН-ыг Орон нутгийн сонгуульд ялагдахад хүргэсэн. Ийм чадваргүй боловсон хүчин бүхэл бүтэн дүүргийн намыг унагаад байхад хариуцлага тооцохын оронд өндөр албан тушаалд томилж ажиллуулж байгаа нь харамсалтай. Намын дүрмээр Намын хорооны дарга Д.Цогтбаатараас эхлэн бүгд хариуцлага хүлээх ёстой. Дараа нь намын хорооны бүх гишүүдийн саналаар үүрийн дарга нарт сануулж, хариуцлага тооцох нь зүйтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан