Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

5 жил сул зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр гарлаа


Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдав. Хурлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2015 оны үйлдвэрлэл-санхүү, аж ахуйн үйл ажиллагааны үр дүн, хяналт шалгалтын тайланг  хэлэлцэж ойрын үед хуралдах хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж батлуулахаар шийдвэрлэв.

​Хурлаар мөн Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлав. Улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2017 онд тээвэрлэх ачаа, зорчигчдын хэмжээг төлөвлөхдөө бодитой хандахыг хичээв. 2017 онд 19,7 сая тн ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөв.

​Ерөнхий хорооны монголын талын гишүүдийн санаачилгаар 2017 онд шинээр зүтгүүрүүд худалдан авах, “Монголын төмөр зам” ТӨХК болон “Оросын төмөр замууд” НХН-ээс хэрэгцээндээ нийцсэн зүтгүүрүүдийг түрээсэлж ажиллахыг төмөр замын удирдлагад зөвшөөрөв. Төмөр замын засвар, арчлалтад ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд үүнд зориулж сан байгуулах, үйл ажиллагаанаас хөрөнгийг бүрдүүлж байх санаачилгыг гаргажээ.

Улаанбаатар төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны системийг шинэчлэх төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар төмөр замын гол шугам замын нэвтрэн өнгөрүүлэх чадвар 25-30 хувиар нэмэгдэх тооцоотой. Ерөнхий хорооны хурлаар энэхүү чухал төслийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, төслийн ажлыг гэрээт хуваарийн дагуу чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг төмөр замын удирдлагад үүрэг болгов. Хуваарийн дагуу төсөл 2018 оны эхний улиралд хэрэгжиж дуусна.

​“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал нийгэмлэгийн үйл ажиллагааны аж ахуйн чухал асуудлуудыг хэлэлцлээ. Цаашид төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай асуудлуудыг эчнээ болон эчнээ бус хурлаар шуурхай шийдвэрлэж байхаар тохиролцсоноор өндөрлөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан