Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвөөс “хусам” горьдсон Засаг дарга нарт хөгжлийн тухай яриад ч юу гэхэв


Н.БАТ


Монгол Улсын орон нутгийн хөгжил гэдэг хамгийн орхигдсон сэдэв. Говь-Алтай аймгийн удирдлагыг 2012 онд хүлээж авсан Засаг дарга нь аль эртний дөрвөн давхар байшинтайгаа, ундны усны асуудлаа бүрэн шийдэж чадахгүйгээс цөс, ходоодны өвчлөлөөр тэргүүлсэн хэвээр байгаа хэмээн хэлж байсныг санаж байна. Тэгвэл яагаад орон нутагт хөгжих боломж олдохгүй байна вэ. Ердөө л эрх мэдлийн төвлөрөл шууд Засгийн газарт, УИХ-д байгаатай холбоотой хэмээн орон нутгийн засаг захиргааныхан тодорхойлдог. Хэдийгээр 2011 онд Төсвийн тухай хуулийг шинэчлэн эрх мэдлийн төвлөрлийг зөв хувиарлах, орон нутагт төсвийн эрх мэдэл олгохоор болсон ч өнөөдөр аймгийн төсөвт байгууллагын 70 хувийг яам Засгийн газраас томилсон хэвээр байна.

Ердөө өнгөрсөн дөрвөн жилд Баянхонгор аймгийн хоёр суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж бүтээн байгуулалт хийснийхээ төлөө УИХ-ын гишүүн нь хэрхэн адлуулсан билээ. Нэгэнт орон нутагт нь төсвийн эрх мэдэл байхгүй, өөртөө татвар төвлөрүүлж, төсөв бүрдүүлж, бүтээн байгуулалт хийж чадахгүй учраас шинэ зууныг Говь-Алтай шиг  угтсаар байхгүйн тулд УИХ-ын гишүүнээс арга буюу хийсэн ажил энэ.
Тэгвэл орон нутаг бие даан ийм ажил хийж чадах уу.


Эрх мэдлийн төвлөрөл эргээд
шүүмжлэлийн бай болгодог


Монголын нутгийн удирдлагын холбооны ТУЗ-ийн гишүүн, улс төр судлаач Б.Баттүвшин “Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь гурван гол зүйл дээр тогтдог. Нэгдүгээрт, орон нутгийн бие даасан байдлыг эрхзүйн хувьд хангах. Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын Засгийн бүх эрх ард түмний гарт хадгалагдана гэсэн том заалт бий. Энэ заалтыг зарчмын хувьд авч үзвэл эрх мэдэл гэдэг дээрээсээ доош биш, доороосоо дээш хувиарлагдахыг хэлээд байгаа юм. Энэ бол орон нутгийн бие даасан байдлын хамгийн гол, үндсэн зарчмын асуудал юм. Хэрвээ үүнийг шийдэхгүй бол ямар ч  төвлөрлийг сааруулах тухай ярьж чадахгүй.  2-рт, Орон нутгийн зохион байгуулалтын бие даасан байдал. Энэ нь орон нутгийн өөрийн удирдлагын бүтцээс эхлээд өөрийнхөө юу хийх, юу хийхгүй гэдгийг хүртэл өөрөө бие дааж шийдэх тухай юм. 3-рт, Орон нутгийн төсөв санхүүгийн бие даасан байдал. Өнөөдөр манай улсад  хаана ч төсвийн бие даасан байдал гэгч зүйл алга. Бид жил бүр НИТХ-аас  эхлээд сумын ИТХ-аар хүртэл төсөв гээд бичиг баримт хэлэлцдэг. Гэтэл үнэндээ энэ бол орон нутгийн төсөв гэхээс илүүтэйгээр Монгол Улсын төсвөөс орон нутагт багахан мөнгө гуйж байгаа өргөдөл төдий баримт бичиг. Өнөөдөр орон нутаг татвар хураагаад төсөв бүрдүүлээд өөрийн төсвөөр бие даан юу хийх вэ гэдгээ шийдэх ямар ч боломж байхгүй. Улаанбаатар хот гэхэд Монгол Улсын ДНБ-ий 63 хувийг, улсын төсвийн орлогын 37 хувийг дангаар бүрдүүлдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт төсвийнхөө 6 хувийг Монгол Улс өгдөг. Ийм байдлаар Улаанбаатар хотоо хөгжүүлнэ, утаа униараасаа сална, замын бөглөрлөө арилгана гэдэг худлаа. Эцсийн эцэст энэ бүх нийгэм эдийн засгийн проблем чинь эрх мэдлийн төвлөрөлд л байгаа юм.

Гэхдээ, орон нутагт эрх мэдлийг шилжүүлнэ, төвлөрлийг сааруулна гэж яриад байгаа маань эцсийн эцэст Засаг дарга нарыг эрх мэдэлтэй болгох тухай биш шүү. Энэ нь орон нутгийг өөрийнх нь эрх мэдлээр хангаж, өөрсдөө өөрсдийнхөө дотоод асуудлыг биеэ дааж шийдэж чаддаг болгоно гэдэг тухай л юм. Үүнийг эхнээс нь бүгдээрээ зөв ойлгож, нэг ойлголттой болох шаардлагатай байна” хэмээн өчигдөр болсон “Төвлөрлийг сааруулах бодлого- орон нутгийн хөгжил” чуулган дээр хэлэв.

Энэхүү чуулганд 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа шинээр томилогдоод байгаа аймаг, хотын Засаг дарга нар болон ИТХ-ын дарга нар оролцож, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, орон нутагт бие даан хөгжих боломж олгох талаар ярилцаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэдийгээр дарга нарын тогтмол шахуу зохион байгуулдаг ээлжит хурал зөвлөгөөний нэг хэмээн хөндлөнгөөс харж болох ч үнэндээ энэ бол энгийн иргэд бидэнд хамгийн их хамааралтай асуудал гэдгийг онцлох нь зүй.

Орон нутгийн хөгжил гэдэг бидний үр хүүхдийн ирээдүйтэй салшгүй холбоотой учраас цаашид автобусны бөглөрөл, утаа униараас салахын тулд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх, тэдэнд ногдох хариуцлагыг өндөржүүлэх нь чухал юм.

Хамгийн их эрх мэдлийг төвлөрүүлдэг газар бол мэдээж Засгийн газар. Төсөв засгаас хувиарлагдана, боловсон хүчинг засаг томилно. Тиймээс энэхүү эрх мэдлийн төвлөрлийг сааруулахын тулд Засгийн газар ямар бодлого баримталж, ямар чиглэлээр ажиллаж байгааг эхлээд сонирхоё.


Төвлөрлийг сааруулах бодлогын баримт
бичгээ Засгийн газар баталсан


1992 оноос захиргааны төвлөрлийг сааруулах ажлыг эхэлсэн гэдэг. 1992 онд баталсан Монгол Улсын төсвийн тухай хууль, Удирдлагын хөгжлийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын 1996 оны 199 дүгээр тогтоол, УИХ-ын 1996 оны 38 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогын хүрээнд Төрийн ихээхэн эрх мэдлийг орон нутгийн засаг  захиргаанд шилжүүлэх ажлууд хийгдсээр ирсэн байна. Иргэдэд хамгийн ойр ажилладаг сум, дүүргийн ИНХ нь сургууль, эмнэлэг, цэцэрлэг, соёлын үйлчилгээ зэрэг бүхий л үйл ажиллагааны төсвийн батлах, боловсон хүчний  томилгоог хийх зэргээр бие даасан байдлаар хангагдаж байсан ч тухайн шилжилтийн үеийн эдийн засаг санхүүгийн хяналтын тогтолцоо сул, хүний нөөцийн чадавх бүрдээгүй гэх зэрэг шалтгаанаар 2002 онд төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай  хуулиар Засгийн газарт эрх мэдлийг дахин төвлөрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Захиргааны болон санхүүгийн төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж байсан он жилүүдэд орон нутгийн төсвийн зарлага нь улсын төсвийн зарлагын 30 хувийг эзэлж байсан бол эргэн Засгийн газарт төвлөрүүлэх бодлого хэрэгжсэнээр 2003-2011 оны хооронд 10 хувь хүртлээ буурсан аж.

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн энэ тухай ярихдаа, Ардчилсан нийгмийн тогтолцооны томоохон шалгуур нь эрх мэдлийн төвлөрлийг сааруулах. Үндсэн хуульд Монгол Улсын засаг, захиргаа өөрийн нэгж нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж заасан нь төр, нутгийн удирдлагын үйл ажиллагааг оновчтой хэлбэрээр зохион байгуулах, төрийн нэгдмэл байдлыг  хангах эрхзүйн үндэс болсон бөгөөд төвлөрөл, эс төвлөрөл хоёрын зохистой харилцааг хангахад шаардлагатай болж байгаа.
 
Төсвийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр орон нутгийн төсвийн зардлын улсын төсвийн зардалд эзлэх хувь 2011 онд 10 хувь байсан бол 2013 онд 28,7 хувь хүртэл өссөн байна. Гэвч нутгийн удирдлагын байгууллагын хэрэгжүүлбэл зохих чиг үүргийг дахин хувиарлах, санхүү хүний нөөцийг тэнцвэртэй хувиарлах зэрэг цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай шийдвэрлэх асуудлууд олон байна. Монгол Улсын Засгийн газар Швейцарийн холбооны Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах засаглалын хүрээнд 2015 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн үндсэн зорилго төвлөрлийг сааруулах үндсийг  цогц байдлаар хэрэгжүүлэх, улмаар иргэдэд илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж буй юм. Энэ хүрээнд төвлөрлийг сааруулах хүрээнд  бодлогын баримт бичиг боловсруулан Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор батлуулаад байна. Үүнд Засгийн газар төвлөрлийг сааруулахын тулд дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхээр туссан.

1-д орон нутгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх байдлаар улс төрийн төвлөрлийг сааруулах

2-т чиг үүргийг дахин хувиарлах, төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц тогтолцоог боловсронгуй болгох хүний нөөцийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, чадавхжуулах замаар захиргааны төвлөрлийг сааруулах

3-т доод төвшинд шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн зардлыг бүрэн олгож, орлогыг бүрдүүлэх орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг сайжруулах замаар төсвийн төвлөрлийг сааруулах.

4-т Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх. Төр орон нутгийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодод хариуцуулан гэрээгээр гүйцэтгүүлэх. Нийгмийн салбарын хувьчлалыг хөгжүүлэх замаар эдийн засгийн төвлөрийг сааруулах гэсэн тодорхой зорилтыг дэвшүүлсэн.  Нэгдүгээр үе шат нь 2016-2020 онд хоёрдугаар үе шат нь 2020-2024 онд хэрэгжинэ гэсэн юм.

Тэгвэл хотын дарга С.Батболд, Төвлөрлийг сааруулах гэдгийг ерөнхий байдлаар тодорхойлбол эрх мэдлийг төрийн төв байгууллагаас нэн ялангуяа гүйцэтгэх эрх мэдлийг бүс нутгийн анхан шатны нэгжид шилжүүлж өгөхийг хэлдэг билээ хэмээв.
 Мөн үүний тулд хууль эрхзүйд зоригтой шинэчлэл хийснээр төр засгийн газарт төвлөрсөн олон чиг үүргээс орон нутагтаа зоригтой шилжүүлэх боломж бүрдэх юм. Орон нутагт өдөр тутам үүсч бий болж байдаг элдэв асуудлыг дээрээс бус орон нутаг өөрөө удирдан зохион байгуулах нь илүү оновчтой бөгөөд шийдвэрлэхэд ч хялбар.  Орон нутгийн олон асуудал төр засаг дээр овоорч, иргэдийн асуудлаа шийдвэрлүүлэх хүслээс үүдэн төр засгаа шүүмжлэхээс өөр аргагүй байдалд хүргэж байгаа юм.  Өнөөдөр орон нутгийн чиг үүргийн тодорхойлсон 50 гаруй хууль үйлчилдэг ч цөөн хэдэн заалтаар л нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбогддог. Тухайн аймаг сум дүүргийн иргэнд хүрч үйлчилдэг үйлчилгээний салбарын бүхий л төвсийн яамаар дамжуулан шилжүүлэх байдлаар зохицуулж байна. Төвлөрсөн босоо тогтолцоог  дорвитой өөрчилж орон нутагт нь эрх мэдлийг шилжүүлэх талаар 20-иод жил ярьсан ч өөрчилж чадсангүй.
 Японы Ерөнхий сайд Ш.Абэ “Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг бий болгох боломжгүй” гэж хэлсэн байдаг. Гэтэл Монголын орон нутгийн хөгжлийн төвшин ямар байгаа билээ. Тэгэхээр төвлөрлийг сааруулж орон нутгийн бие даасан байдлыг хангах асуудлыг УИХ, Засгийн газрын зүгээс нухацтай судалж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлснээр орон нутгийн хариуцлагыг өндөржүүлж, өөрийн ачааг хөнгөлнө. ИТХ-д нь дотоод хяналт төсвийн хувиарлалтыг мөн зоригтой шилжүүлэх шаардлагатай. Нутгийн өөрөө удирдах байгууллагад амь бөхтэй зууралдаж байгаа улс төрийн нөлөөлөл, намчирхах, намаар талцах байдлыг халж, олон нийт иргэдийнхээ төлөө хүлээх хариуцлагыг жигд төлөвлшүүлэх асуудлыг нэн хуульчлах асуудлыг дэвшүүлж байна  гэсэн юм.
 
Германы мужууд өөрийн гэсэн
татварын тогтолцоотой


Тэгвэл ХБНГУ-ын Кийл хотын Нийтийн удирдлагын дээд сургуулийн захирал профессор Паул Витт өөрийн орны туршлагын талаар сонирхолтой мэдээллийг орон нутгийн удирдлагуудад хүргэв.

Кийл хотын Нийтийн удирдлагын сургууль бол төрийн бүх шатны ажилтнуудыг бэлтгэдэг улсын их сургууль юм. Профессор “Герман нь 16 мужтай, 81 сая хүн амтай. Эрх мэдлийн хувиарлалт харьцангуй тархмал байдаг учраас орон нутгийн засаг захиргаа нь боловсрол, нийгмийн салбарт орон нутагтаа шийдэж болох бүхий л асуудлаа бие даан шийддэг. Мужууд нь өөр өөрийн гэсэн татварын шаталсан тогтолцоотой. Өөрийн гэсэн хууль эрхзүйн орчинг бий болгож, санхүү төсвийн бие даасан системтэй. Эрх мэдлийн хувиарлалт нь харилцан адилгүй олон шатлалаар хуваагдан тэнцвэржсэн байдаг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын энэ систем нь нийгмийн нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн бөгөөд  цөөнх нь олонхын хамгаалалтад байдгаараа онцлогтой. Муж хоорондын өрсөлдөөнийг хангаж, шинэчлэлт өөрчлөлтийг дагуулах аливаа туршлага үйл ажиллагааг дэмждэг учраас мужууд өөрсдөө үүнийгээ хэрэгжүүлж чаддагаараа давуу” гэсэн юм. Энэ бол хэдийгээр манайд байгаа тогтолцоо ч манайд хэрэгждэггүй систем. Манай аймгууд өөрийн гэсэн хууль эрхзүйн орчингүй, татварын шаталсан тогтолцоогүй. Гэхдээ орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа бэхжүүлнэ гэдэгтээ итгэдэг.

Чуулганд оролцсон Өвөрхангай аймгийн Засаг дарга Ганболд “ энэ тухай олон жил ярьж байгаа боловч, захиргааны төвлөрөл төдийлэн буурахгүй байна. Өнөөдөр хөдөөгийн сумын Засаг дарга маань татварын байцаагч, улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнаа томилох боломжгүй.  Өнгөрсөн жилүүдэд энэ талаар гарсан нэг том ахиц бол Орон нутгийн хөгжлийн сан. Үүний дүнд орон нутгуудад томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, аймгийн төвд хүн ам суурьшиж эхэлсэн. Харамсалтай нь өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө хэд дахин багасчихлаа” гэсэн юм. ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Орон нутгийн хөгжлийн сангийн тухайд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж мөнгө нь багассан. Засгийн газрын зүгээс орон нутгийн хөгжлийг дэмжих, санхүүгийн бие даасан байдлыг хангах гэсэн байр суурин дээрээ байгаа. Тэгэхээр эдийн засгийн байдлаас шалтгаалаад хуьвиарласан мөнгөн дээр нь таналт хийгдсэн.. Үнэхээр байхгүй учраас аргагүйдсэн “ гэсэн хариулт хэлж байсан юм.
Архангай аймгийн ИТХ-ын дарга Өсөхбаяр “Орон нутаг руу хандсан хуулиудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий.  Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагын 70 орчим хувь нь шууд яамнаас томилгоо хийгдэж байна. Аймгийн Засаг даргад ямар ч эрх мэдэл алга. Тэгэхээр хуулиудад өөрчлөлт оруулж орон нутгийн эрх мэдлийг  сайжруулах. Хамгийн гол нь орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэлээ. Ийн Засаг дарга нар орон нутгийн сул дорой байдал эдийн засаг, захиргаанд нь ижил хэмжээнд тохиолдож байгаа учраас хөгжлийн талаар ярих ямар ч боломжгүй байгааг тус тусын өнцгөөс ярьж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан