Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Уянга: Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 40-50 үндэслэлээс ердөө 12-ыг нь дурдаж байна


Т.ЦЭЛМЭГ


Тусгаар тогтнол эв нэгд­лийн намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийг огцруулах 12 үндэслэлийг танилцууллаа. Тус намын дарга Г.Уянга хэсэг гишүүдийн хамтаар мэдэгдэл хийж, эдгээр үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарласан юм. Түүний дурдсан үндэслэлүүд нь:

1.    “Эрдэнэт” үйлдвэ­рийн 49 хувийг хууль бусаар хувьч­лах ажлыг зохион бай­гуулж, далдуур оролцсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын аж ахуйн нэгжид “Эрдэнэт”-ийн 49 хувь ирсэн нь нэр томъёоны хувьд хувьчлал биш. Хувьчлал байсан бол УИХ-аар хэлэлцэх хуультай” гэж ярьсан байна. Худалдан авсан бол яагаад ганцхан компанийн хувийн өмч болсныг Ерөнхийлөгч тайлбарлаагүй нь ноцтой асуудал.

2.    Монгол Улсад их хэм­жээний татвар төлөөгүй нуун дарагдуулсан “Саус гоби сэндс” компанийн Жастин Капла нарын удирдлагуудыг хууль зөрчин өршөөсөн. Монголын шүүхээс тэдний буруутайг тогтоож шийтгэсэн хүмүүст уучлал үзүүлсэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож, Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой.

3.    2012 онд “Оюу тол­гой” компанийн Brain Marsden гэгчтэй P13271 тоот гэрээ байгуулж, “Вrauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 369 мянган төгрөгөөр Ц.Элбэгдорж хувьдаа хүлээн авсан. Түүнийг “Оюу толгойн олон улсын БОННҮ-030d дэмж­лэг үйлчилгээний Onshore-заалт”-ыг үндэслэн...гэж хүлээж авсан баримтыг суд­­лаач Д.Ганхуяг нийтэлж байжээ. Энэ баримтыг одоо хүртэл хууль хяналтын бай­гуул­­лага шалгахгүй байгаа аж. 

4.    2011 оны есдүгээр сард “Рио Тинто” Ц.Элбэгдорж Ерөн­­хийлөгчийн эхнэр Х.Бо­лор­­маагийн төрийн бус бай­гууллагад зориулж гурван сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан.

5.    “Оюу толгой” ком­панид зөвлөгөө авахаар улсын төсөвт 17,5 тэрбум төгрөг суулгаж үүний тодорхой хувийг “Painter Law Firm” жижиг компанид шилжүүлсэн. Уг компани Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найз Роберт Пейнтер эхнэртэйгээ хамт байгуулсан байна. Түүнийг тринозавр батаарын ясыг Монголд авч ирэхэд гавьяа байгуулсан гэж Алтангадас одонгоор шангасан аж. Гадаадын компаниас зөвлөгөө авахын тулд нээлттэй тендер зарлах ёстой байсан ч тэр зарчмаар “Painter Law Firm” компанийг сонгосон.

6.    АСЕМ-ын уулзалтыг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тооцолгүй зохион байгуулав. 600 гаруй тэрбум төгрөгийн бодит зардал гарсан нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд томоохон дарамт боллоо.

7.    Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-тай зөвшилцөлгүй “Байнга төвийг сахих статус” гэгчийг дэлхий нийтэд шууд зарлаж, хуульчлан батлуулах оролдлого хийсэн нь Монгол Улсын гадаад бодлогыг ноцтой гажуудалд орууллаа. Манай улсын улс төрийн болон эдийн засгийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл. Хоёр хөрш дургүйцлээ ил тод илэрхийлж байсан нь алдаа гэдгийг илтгэж байна.

8.    Ерөнхийлөгчийн “шууд ардчилал тогтоох”, “орон нутагт эрх мэдэл шил­жүүлэх” гэх мэт яриа, оролдлогууд Монголын төрт ёсонд илт харшилж, Монгол Улсыг нэгдмэл биш бие даасан аймгуудын холбоо болох хандлага болж хувирсан. Нийслэл, аймгууд гадаадад бие төлөөлөгчийн газар нээх, Засаг дарга нар парад хүлээн авах, сумд есөн хөлт цагаан туг залах болсон зэргээс харж болно.

9.    “Давхар дээл”-ийг бий болгосон хуулийн анх Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа санаачилж өөрөө гардан хэрэгжүүлсэн. Харин одоо УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хамт хийхийг эсэргүүцэх болсон.

10.    “Ухаалаг төр” гэг­чээр төрийг өмчгүй бол­гон хүчгүйдүүлэх бодит алхам хийсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ухаалаг төртэй” болох нэрээр төрийн өмчийн худалдааг үргэлжлүүлж, төрийн байгууллагууд бэлэн байшингаа хувьчилж оронд нь түрээсийн байр хайх байдалд орсон.

11.    Монгол Улсын Ерөн­хийлөгчийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-т “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна” гэж заасан. Гэтэл сүүлийн найман жил Ерөнхийлөгч УИХ-д нэг л удаа хуулийн дагуу үйл ажиллагааныхаа тайланг тавьсан нь Үндсэн хууль-ийн 35.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийг тус тус зөрчсөн.

12.    Монгол Улсын Ерөн­хийлөгчид хуулиар олгоогүй эрхийг эдэлж Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булааж авсан. Ингэснээр Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын кабинетын чадавхийг бууруулж, үйл ажиллагаанд нь дур мэдэн оролцож, эрх мэдлийн хуваарилалтыг алдаг­дуулж, өөртөө төвлө­рүүлэх санаархлаа зогсоохгүй байна гэж дурдлаа.

Ингээд ТТЭНН эдгээрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хангалттай үндэслэл болно гэж үзсэн байна. Үндсэн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөн­хийлөгчийн үүргээ шудар­гаар биелүүлэхээ батлан танга­раглая” хэмээн УИХ-д тангараг өргөдөг. Дээрх үйлдлүүдээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөсөн тангарагаасаа няцсан хэмээн ТТЭНН үзжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн долдугаар зүйл 7.2-т “Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ” хэмээн тусгажээ. Харин Үндсэн хуулиар уг асуудлыг хэлэлцэхдээ чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулсанд тооцдог аж. Тус намынхан энэхүү үндэслэл бүхий албан бичгээ УИХ-ын гишүүд, Хуульзүйн байнгын хороо, УИХ-ын даргад илгээж байгаа гэв. УИХ-аар хэлэлцтэл шаардлага тавина гэдгээ илэрхийллээ.

Дараа нь ТТЭНН-ын дарга Г.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Авлигын шинжтэй гээд үндэслэлдээ дурдсан байна. Үүнийг АТГ-т өгсөн үү?
-АТГ-т гаргасан үндэслэ­лүү­­дээ явуулна. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаан­даа миний бие Жастин Каплаг өршөөсөн асуудлаар Ерөнхийлөгч Элбэгдоржийг огцруулах асуудал оруулж байсан. Мөн өршөөл үзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ-д оруулж байсан. Энэ асуудал нээлттэй үлдсэн учир одоо байгаа гишүүдээс аль нэг нь дахин хөндөж дахин тавьж болно. Сая Солонгосын Ерөнхийлөгчийг ард түмэн нь эсэргүүцээд огцруулахаар боллоо. Харин Монголд ийм асуудал хөндвөл төрийн эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Гарцаагүй баримттай зүйл дурдсан болохоор УИХ-ын гишүүд хэрхэн хандахыг хүлээх болно. Үндсэн хуулийн дагуу хандаж байгаа асуудал. Бид 40-50 үндэслэлээс баримттай 12-ыг нь дурдаж байна.
-ТТЭНН-ын удирдла­гууд­­тай холбоотой асуудал гарсан. Хоёр даргатай болчихоод байгаа тухайд?
-Улсын дээд шүүх хоёр долоо хоногийн өмнө хуралдаад намын даргын асуудлыг шийдсэн. Намайг дарга хэвээрээ гэж Улсын дээд шүүх үзсэн. Шийдвэр нь миний гар дээр ирэхээр тайлбарлана. Намыг үүсгэн байгуулагчдын нэг Баянбилэг 270 сая төгрөг залилсан хэргээр намайг даргас болсноос долоо хоногийн дараа баригдаад явсан. Энэ талаар огт мэдээгүй явсан. Энэ бүхэн хуулийн дагуу шийдэгдэх байх.         

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан