Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын шинэчлэл алгуур эхлэв


Б.ШИРНЭН

Монголын парламентын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр “Ардчилсан холбоо” эвсэл буюу одоогийн АН-ын улс төрийн хамгийн нөлөө бүхий үе нь 1996 он байжээ. Тэд УИХ-ын сонгуулиар 50 тойрогт ялалт байгуулж, анх удаа Засгийн эрхийг дангаар атгаж үзсэн юм. Гэвч, дараагийн дөрвөн жилд “Ардчилсан холбоо” эвсэл ганцхан суудал авч, сөрөг хүчиндээ (МАХН) Засгийн эрхээ алдсан нь эвслийн бодлогоо эргэн харахад хүргэсэн. Улмаар 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд “Ардчиллын төлөө намуудын нэгдэх” анхдугаар Их хурал гээчийг зохион байгуулж, одоогийн АН-ыг үүсгэн байгуулагдсан хэмээн зарласан байдаг. Тухайн үеэс хойш энэ нам унаж, боссон ямар ч цаг үед төрийн эрхийг атгалцсан хэвээр байсан билээ.

Гэсэн ч 2016 оны сонгуулиар УИХ-д 34 төлөөлөлтэй байсан энэ нам 9 төлөөлөлтэй болж, 2000 оныг эс тооцвол, 16 жилийн түүхэн дэх улс төрийн карьерынхаа доод түвшинд хүрээд байна. Хэдийгээр сонгуулийн жижиг 76-н мажоритар систем нийт сонгогчийн 40 гаруй хувийн санал авсан АН-ыг Засгийн эрхээс түлхэн унагасан ч нийт дүнгээрээ төрийн эрхэнд гарч чадаагүй нь бодит дүн. Энэ байдал нь зургаа дахь Их хурлыг зарлан хуралдуулах үндсэн хөшүүрэг болж, өчигдөр тус намын 1210 төлөөлөгч Үндсэн дүрмийг шинэчлэх ажлыг нам байгуулагдсан өдрөө эхлүүллээ.

Ховор хүмүүс

АН-ын үндсэн дүрмийг 1210 төлөөлөгч өөрчилнө. Тэднийг сонгох журмыг тус намын Гүйцэтгэх зөвлөл баталж, сум бүрээс нэг төлөөлөгч, аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагуудын төлөөллүүд нийлээд 1210 байхаар баталсан юм.

Сумын анхан шат, нийслэлийн хорооны анхан шатнаас сонгогдох төлөөлөгчийн тоо 639, иргэдээс мандат авсан буюу аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид  307, ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд нийлээд 264 болж байгаа юм. Тэд нийлээд 1210 болж байгаа бөгөөд АН-ыг анх үүсгэн байгуулалцсан МоАХ-ноос анхдагч 100 хүн урилгаар Их хуралд оролцож байна.
Харин Монгол Улсын 27, 28 дахь Ерөнхий сайд нар болох Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг тэргүүтэй “ховор хүмүүс” Их хуралдаа ирсэн нь олны хараанд байлаа. Н.Алтанхуяг нам дотроо нэр хүндтэй байгаа гэдэг нь илэрхий байсан бөгөөд түүний нэрийг дурдах болгонд Их хурлын төлөөлөгчид уухай хашгиран дэмжиж байсан юм.

Мөн ҮЗХ-ны хуралд оролцоогүй З.Энхболд, Х.Баттулга, Р.Гончигдорж, Д.Батбаяр, Д.Дорлигжав, С.Ламбаа, Д.Арвин, Д.Сосорбарам нар хуралдаандаа иржээ. Харин ҮЗХ-ны хурлаар харагдаж байсан Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ирсэнгүй. Тэрээр З.Энхболд, Л.Эрхэмбаяр, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг болон одоогийн УИХ-ын гишүүдийн хамтаар сонгуульд ялалт байгуулсан аймаг, сум дүүрэгт баяр хүргэж, намын туг гардуулах ёстой байв.

Ямар өөрчлөлтүүд хүлээж байгаа вэ

16 жилийн дараа хуралдаж байгаа Их хурал үндсэн гурван асуудлыг хэлэлцэж байна.
1. АН-ын даргын ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдээд байгаа З.Энхболдын улс төрийн  илтгэл
2. АН-ын үзэл баримтлал
3. АН-ын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван асуудлыг хоёр өдөрт багтаан хэлэлцэхээр Их хуралдаа оруулж байна.
Эдгээрээс дүрмийн шинэчлэл анх удаагаа өөрчлөгдөж байгаа нь нийгмийн анхаарлыг татаж байгаа бөгөөд хамгийн том өөрчлөлт нь намын даргыг сонгох процесс юм.

ҮЗХ-гоор дэмжигдэж, Их хуралд хэлэлцүүлэгдэж байгаа дүрмийн төслөөс харах юм бол:
* АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль шиг нэр дэвшигч нь өөрийн багийг ил тод зарладаг болох хүлээлттэй байна. Жишээ нь, намын даргад З.Энхболд өрсөлдөн сонгогдох юм бол намын генсекээр Л.Эрхэмбаярыг томилохоо урьдчилан мэдэгдэнэ гэх мэт.
Ингэснээр намын дарга сонгосны дараа далдуур өрнөдөг генсекийн томилгоо түүнийг дагасан “ажлын алба”-ны хөдөлгөөн багасах, өргөн утгаараа фракцын тэмцэл хумигдана гэж үзэж байгаа юм.

* Хоёрдугаат, намын даргад нэр дэвшигчдийг сунгаагаар өрсөлдүүлнэ гэж байгаа ч хоёр шат давж байж намын даргад нэр дэвших асуудал яригдаж байна.
Тухайлбал, намын даргад өрсөлдөх эрх гишүүн бүрт байх тул эцсийн шат хүртлээ хэчнээн хүн өрсөлдөхийг мэдэх боломжгүй гэж байгаа юм. Тиймээс нэр дэвшихээ мэдэгдсэн гишүүдийг ҮЗХ-гоор өрсөлдүүлж, цааш дөрвөн хүнийг намын даргын марафонд үлдээх санал дүрмийн төсөлд багтжээ. Тэдгээр нь намын шат бүрээр явж, дэмжлэг авах ёстой юм.

* Мөн ҮЗХ-ны бүтцийг өөрчилж, гишүүний тоог нэмэх асуудал яригдаж байна.
ҮЗХ нь намын удирдах дээд байгууллага буюу Их хурлын чөлөөт цагт ажилладаг бүтэц бөгөөд 228 гишүүнээс бүрддэг юм. Сүүлд, энэ тоог 256 болгож нэмэгдүүлсэн ч дүрмийн шинэчлэлээр 304 болгох саналыг хэлэлцүүлж байгаа юм. Мөн үүн дээр УИХ-ын гишүүн болсон АН-ын гишүүд нэмэгдэхээр ҮЗХ үндсэндээ 350 орчим хүнтэй байх асуудал яригдаж байна. Гэхдээ хоёр жил тутамд ҮЗХ-ны гишүүдийн 50 хувийг шинэчилж байх заалтыг намынх нь залуус дэмжих бололтой.
Дээр дурдсан асуудлыг болон дүрмийн төсөл зэрэг бусад асуудлыг ярихад АН-ын дотоод асуудал яригдах тул Их хурлыг хаалттай явуулах санал гарч, олонхи ёсоор болголоо.


Намын даргын асуудал хоёрдугаар сартай золгоно

УИХ-ын дарга асан З.Энхболд АН сонгуульд шороодсон хариуцлагыг хүлээх тул тэрээр Их хурлын “гол хүн”-ээр нэрлэгдээд байгаа билээ. Мэдээж, намын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр болон тэдний “ажлын алба” бүтцээрээ өөрчлөгдөнө. Гэхдээ энэ удаагийн Их хурлын гол онцлог нь намын дүрмийн шинэчлэлээр намын даргыг солих асуудлыг зохицуулах тул З.Энхболдын “орыг” томилох асуудал ирэх хоёрдугаар сард шийдэгдэх юм.
Намын генсек Л.Эрхэмбаярын өчигдөр өгсөн мэдээллээр “ҮЗХ-гоор хамгийн өндөр санал авсан дөрвөн хүнийг сунгаанд оруулна” гэсэн нь дэмжигдэх магадлалтай байгаа ч одоогоор дөрвөөс илүү хүн тус намын даргад өрсөлдөх сонирхолтой буй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Л.Болд зэрэг улстөрчид намын даргад өрсөлдөхөд болохгүй гэх зүйлгүй гэж байгаа юм. Харин намын даргыг сонгохоос өмнө АН-д дараахь зүйлсийг хийхээр зэхэж байна.

АН-ын шинэчлэлийн талаар ямар бодолтой байгаа вэ?

АН-ын дарга З.Энхболд: Нийт гишүүдийн саналаар сонгогддог байх нь зүйтэй
Би Ардчилсан намын даргын нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг аваад хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд намдаа шинэтгэл, өөрчлөлтийг хийхийг эрмэлзэж олон ажлыг эхлүүлэх оролдлого хийсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тухайлбал, АН-ыг  фракцгүй нам болгоно гэж зарлаад  Бодлогын зөвлөлийг  байгуулж ажиллуулсан. АН-ын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн үеийн менежмент, сурталчилгаа зэрэг олон хүчин зүйл нь сонгуулийн үр дүнд зарим талаар нөлөөлсөн. Эдгээрт алдаа дутагдал байсныг дараа дараагийн сонгуулиас өмнө дүгнэлт хийж давтахгүй байх, зарим асуудлыг намын шинэтгэлийн хүрээнд дүрмээр зохицуулах шаардлага ч гарах байх.

АН-ын бүх шатны удирдлага нийт гишүүдийн саналаар сонгогддог байх нь зүйтэй гэж манай гишүүд санал нийлж байгаа нь намд том шинэтгэл болно. Бид дотроо бодлогоор өрсөлдөж ирсэн. Мэдээж аль ч нам улс төрийн хүчинд бодлогын өрсөлдөөн байдаг. Гэхдээ энэ асуудлаа шийдэхдээ буруу арга хэрэглэх хэмжээнд хяналтгүй болсон нь бидний буруу. АН өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулах нь бодлогын өрсөлдөөнийг шийдвэрлэх арга биш гэдгээ хүлээн зөвшөөрч дахин ийм байдал гаргахгүй байх баталгааг дүрмээр зохицуулбал зохино.  Аливаа бодлогын асуудлаар Их хурал хуралдаж шийдвэр гаргаж буруу зөвөө шийдвэрлэх нь оновчтой шийдэл юм.

Мөн үндэстэн дамнасан корпорацын улс төрд гүйцэтгэх үүрэг ноцтой хэмжээнд хүрсэн болохыг олон улсын хэмжээнд шүүмжлэх боллоо. Шалтгаан нь мөнгө, ашиг юм. Ахиухан ашиг олохоос өөр сонирхолгүй олон улсын үндэстэн дамнасан корпорац болон үндэсний гэх нэртэй олигархи компаниуд төрийг удирдах, өөрт нь ашигтай шийдвэр гаргаж өгөх парламент, Засгийн газартай болохыг санаархах болсон. Тэд их мөнгөтэй учир энэ санаархал нь бодитоор хэрэгждэг болжээ. Жишээ нь, ард түмний өмч болох Тавантолгойн ордыг хувьдаа авахаар Кэйманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай, хувийн компанийн лобби Монголын улс төрд хүчтэй орж ирснээр Монгол Улсад улс төрийн, засаглалын хямрал авчирсан. Нам дамнасан олигархиудын бүлэглэл Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хууль тогтоомжийг уландаа гишгэж их хэмжээний өрөнд орсон компаниа аврахын тулд нийт ард түмний өмч болох дэлхийд хосгүй орд газрыг гаднын компанид бэлэглэх гэж улайрч байсныг бид бүгдээрээ мэднэ. АН-ын УИХ-д байсан эх оронч олон гишүүд, бусад намын гишүүдтэй хамт энэ том луйврыг нэг удаа зогсоож чадсан ч цаашид энэ нам дамнасан олигархиуд ард түмний өмч болох Тавантолгойн нүүрсний орд  руу дахин дайрч болзошгүй хэвээр байна.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: АН эв нэгдэлтэй байж чадаагүй гэдэг. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэдэг МАН шиг муу, муухайгаа нууна гэсэн үг биш. АН-ын эв нэгдэл бол фракц дагаж гүйх биш дүрмээрээ нэгдэх явдал. АН бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл дотроос нь хагаралдуулдаг. Тиймээс АН-ыг нэг толгойтой болгохын тулд яаж цул болгох вэ, гэдгийг шийдэх ёстой. Манай намд шинэ салхи хэрэгтэй байгаа. Тогтмол ус үмхийрдэг шиг хаалга, үүдээ нээх хэрэгтэй. 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: АН-ын даргыг ҮЗХ, Их хурлаар сонгодог байсан бол шинэ дүрмээр гишүүдийнхээ оролцоотойгоор сонгоно гэж байгаа. Өмнө нь намын маш бага мэдээлэлтэй, хаалттай болсон байсан. Харин дүрмийн шинэчлэлээр гишүүд маш олон эрх эдлэхээр заасан.

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр: Өнөөдөр (өчигдөр) их “учир жанцан”-тай өдөр тохиож байна. 2000 онд таван нам нэгдээд АН-ыг байгуулж байсан. Энэ өдрийг сонгохдоо 1206 оныг бэлгэдэж сонгосон. Харин намын шинэчлэл гурван чиглэлээр хийгдэнэ. Эдгээр нь бүрэлдэхүүний, бүтцийн, бодлогын шинэчлэл юм. Өнөөдрийн Их хурлаар дүрмийн өөрчлөлтөө хэлэлцээд АН-ыг нээлттэй, ил тод, хариуцлагатай, бодлогын нам болгоно. Дүрмийн өөрчлөлт хийснээр бүх гишүүд намаар дамжиж төрийн үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэж байгаа. Намын бүх шатны удирдлагыг бүх гишүүдээс сонгодог болж, хоёр жил тутамд бүтцийн өөрчлөлт хийж байх зэрэг өөрчлөлтийг цаашдын шинэчлэлийн эхлэл тавигдаж байгаа гэж гож болно.

УИХ-ын гишүүн, бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар: Намын дүрмийн шинэчлэлийн төслийг ажлын хэсгүүд нэлээд идэвхтэй хэлэлцсэн. Тиймээс бүтэц, зохион байгуулалтын асуудлыг энэ удаад илүүтэй ярих байх гэж харж байгаа. Үндсэндээ, АН-ын хуучин дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Томоохон гарах өөрчлөлт нь намын даргыг марафоноор сонгодог болох асуудал. Үүнийг бүгд санал нэгтэй дэмжиж байгаа. Гэхдээ намын дүрмийн шинэчлэл үүгээр дуусахгүй. Бүтэн жил, магадгүй хоёр жил ч үргэлжилж магадгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан