Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэрэв манайх Дэлхийн мисстэй улс болбол...


Б.ЦЭДЭВСҮРЭН


Хэрэв Дэлхийн мисстэй болчихвол... гэсэн бодол маань сүүлийн хэдэн өдөр батжаад, нэг л совин төрөх болов. Монгол хүн амныхаа билгээр гэдэг дээ. Бэлгэдэж л сууя.

“Дэлхийн мисс 2016” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо эхлээд ес л хонож байна. Энэ сарын 18-нд дүнгээ гаргах тус тэмцээнд манай улсаас загвар өмсөгч А.Баярцэцэг оролцож буй. Зарим Дэлхийн мисстэй байхын үнэ цэнийг ухаарсан орныг бодвол манай улс энэ салбарт төрөөс дэмжлэг үзүүлээд байх нь ховор. Тиймээс тэрээр загварынхныхаа дэмжлэгээр чадлынхаа хэрээр бэлтгэсээр Дэлхийн миссийн тэмцээнийг зорьсон ч өдөр бүр баярт мэдээг дуулгасаар л байна.

117 орны мисстэй өрсөлдөж буй түүний хувьд одоогоор чамлахааргүй амжилтуудыг гаргаад байгаа билээ. А.Баярцэцэгийн видео танилцуулга шилдгийн шилдгээр шалгарсан бол тэрээр өчигдөр авьяаслаг 10 миссийн нэгээр шалгарлаа. Мөн Missosology хуудас шилдгээр шалгарах хамгийн өндөр магадлалтай 15 оролцогчийг нэрлэлээ. Үүнд манай мисс А.Баярцэцэг шилдэг тавд багтсан байна. Missosology нь 14 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Miss World, Miss Earth, Miss Universe, Miss International зэрэг дэлхийн гоо бүсгүйн тэмцээнүүдийн тухай онцлон хүргэдэг томоохон цахим сэтгүүл юм. Тиймээс ор үндэслэлгүй мэдээлэл цацахгүй гэдгийг ч дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд буй. Ийнхүү итгэл найдвар бадраасан гэрэл гэгээтэй мэдээ ар араасаа цуварсаар л байна.

Манай улс Дэлхийн миссийн тэмцээнд 2006 оноос эхлэн гоо бүсгүйчүүдээ оролцуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь 2010 оны оролцогч А.Сарнай. Тэрээр олон жил гадаадад амьдарсан, хэлний мэдлэг өндөр, өөрийгөө  илэрхийлэх байдлаараа шүүгчдийн  анхаарлыг татаж шилдэг 20-т багтан тайзнаа алхаж байсан юм. Тэгвэл өнөө жилийн оролцогч А.Баярцэцэг маань Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Компьютер техник, менежментийн сургуулийг маркетингийн менежментийн чиглэлээр сурч төгсөн, Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa Management College”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны “Erasmus Mundus” олон улсын хөтөлбөрийн дагуу нэг жилийн хугацаанд суралцсан учир англи хэлнээс гадна испаниар чөлөөтэй ярьдаг. Одоо франц хэл сурч байгаа тул өөрийгөө илэрхийлэх тал дээр оноо алдаад байхгүй.

Дэлхийн гэсэн тодотголтой хэд хэдэн тэмцээнээс “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” уриагаараа энэхүү  тэмцээн ялгардаг. Оролцогчид нь ч  хүмүүнлэгийн  ажилд ач холбогдол өгч, эртнээс бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл авьяас,  спорт, хүмүүнлэгийн ажил зэргээс аль нэгийг нь сонгон авч онцгойрохыг чухалчилдаг. Манай улс шиг жижигхэн, хүн ам цөөтэй,  дэлхийн мисст оролцогчоо  санхүүжилт бусад зүйлээр төдийлэн дэмжиж чаддаггүй улсын хувьд аль нэг төрлөөр амжилт үзүүлж байж  финалд үлдэх боломж бий. Үүнээс хамгийн ойр нь хүмүүнлэгийн ажил. Өнгөрсөн жилийн дэлхийн миссийн тэмцээний нэг онцлог нь хүмүүнлэгийн  үйлсээр таван улсын миссийг шалгаруулсан. Тэдний сонгож авсан сэдвүүд нь энгийн  мөртлөө бодит үр дүнд хүрсэн  нь  шүүгчдэд  үнэлэгдсэн. Тухайлбал, төрөлхийн уруул сэтэрхий, тагнай нь цоорхой хүүхдүүдийг сонгон авч мэс ажилбар хийсэн, олсон гүүрээр явж байхдаа осолдож тахир дутуу болсон хүүгээр төлөөлүүлэн өдөр бүр  амь насаараа дэнчин тавин  сургуульдаа хүрдэг сурагчдад аюулгүй гүүр барьж өгсөн, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж нөхөртөө 10 хуруугаа тасдуулсан эмэгтэйд   эмнэлгийн тусламж үзүүлж, хүчирхийлэлд өртөгч эмэгтэйчүүдэд зориулсан хамгаалах байр байгуулсан зэрэг нийгмийн  шинжтэй үйлс бүтээсэн оролцогчид шалгарсан юм.

Гэтэл дэлхийн хэмжээний тэмцээний шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан нийгмийн асуудлууд манай улсад захаас аваад бий. Харамсалтай нь манай оролцогчид энэ асуудалд анхаарлаа хандуулж чаддаггүй,  оновчтой сэдэв сонгодоггүй. Тэдний олонхи нь аль нэг асрамжийн газар очиж, хүүхдүүдэд бэлэг өгсөн зургаа татуулах төдийгөөр хүмүүнлэгийн үйлсээ сурталчилж байна. Хамгийн гол нь  тухайн оролцогчийн санаачилсан үйлс нийгэмд бодит үр дүнгээ өгсөн  байх ёстой. Энэ шалгуур жил жилийн оролцогчдод  хангалтгүй байсаар ирсэн нь үнэн. Харин өнөө жилийн оролцогч А.Баярцэцэг маань сүүлийн таван жилийн турш амжилттай хэрэгжиж буй Асрамжийн газрын хүүхдүүдэд туслах “Агаа эгээ” хөтөлбөрт гар бие оролцдог. Өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 70 гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдсан байна. Тэдний олонхи нь ЕБС-иа төгсөөд их дээд сургууль, коллежид амжилттай суралцаж байгаа. Тэд амьдралынх нь дутуу орон зайг нөхөх эх орноо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй А.Баярцэцэг шиг агаа, эгээтэй болчихсон учраас тэр. Ийнхүү амжилттай хэрэгжиж буй уг хөтөлбөр маань дэлхийн хэмжээнд ч чухал учир дэлхийн миссийн тайзнаа гологдохгүй болов уу хэмээн итгэж суугаа маань энэ.

Мөн А.Баярцэцэг маань АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллах хугацаандаа “Марка Поло” киноны хоёрдугаар ангид Хөхчин хатны ордны бэлэвсэн бүсгүйн дүрд тоглосон төдийгүй тэмцээний дараа дахин нэг түүхэн кинонд дүр бүтээх гэж байгаа.  Энэ нь Юан гүрний үед амьдарч байсан Хотол цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх “Хотолун гүнж” Монголын уран сайхны кино юм. Мөн тэмцээний үеэр түүнд Диснейн Сан Франциско дахь агентлагаас “Мулан” уран сайхны кинонд шалгуулахыг урьсан баярт мэдээг ч би­дэнд дуулгаад буй. Уран бү­тээлч хүний хувьд хэрэв шалга­руулалтад тэнцвэл бас нэгэн алдаж болохгүй боломж юм.

“Би хөх толботой монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Би цэнхэр гаригийн иргэн болж төрснөөрөө бахархдаг. Хоёр тэрбум хүн үздэг ДЭЛХИЙН МИСС-ийн тэмцээнд Монголынхоо сайхныг, гоо үзэсгэлэнг, хатан ухаан, эр зоригийг дэлхийд бахархуулахыг хамгийн ихээр хүсч байна”  гэж танилцуулгадаа дурьдсан түүнийг захыг мушгиад мөрөөдлөө биелүүлэхийг нь дэмжиж саналаа өгч суухаас өөр бид яах билээ.

Манайхан гэхдээ миссийн тэмцээн улсдаа зохион байгуулах болон гоо бүсгүй маань Дэлхийн миссийн тэмцээний титмийг хүртэхийн ач холбогдлыг ойлгохгүй байх шиг. Спорттой харьцуулан бодох гээд үзье л дээ. 2008 онд Монгол Улсаас анхны олимпын аварга төрсөн. Бээжингийн тэнгэрт алтан соёмбот далбаа намируулж, Монгол Улсын төрийн дууллыг Найдангийн Түвшинбаяр гэх бор залуу эгшиглүүлэхээс өмнө хүн бүхэн олимпын аваргатай улс орон байхын үнэ цэнийг мэдрэх нь байтугай спортоор хичээллэхэд ач холбогдолтой эсэхэд ч эргэлзэж суудаг байсан гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Тэгвэл гоо сайхны олимп болсон Дэлхийн миссийн тэмцээнд хэрэв манай улсын  мисс ялалт байгуулчихвал яах вэ гээд хамтдаа бодоцгооё.

Дэлхийн миссийн тэмцээнд дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүй оролцдог. Тиймээс энэ тэмцээний нэр хүндийг дагаж аялал жуулчлалаа хөгжүүлсэн цөөнгүй улс орон бий. Хамгийн наад захын жишээ БНХАУ. Саньяа арал дээрээ дэлхийн миссийн тэмцээнийг хэд хэдэн удаа зохион байгуулсан, хоёр ч удаа Дэлхийн миссийн хөх титмийг өөрийн болгосон тул аялал жуулчлалын бүс нь хөгжихөд Дэлхийн миссийн ач холбогдол бий. Саньяа арал дээр Дэлхийн миссийн ордон бий. Түүнийг очсон жуулчин бүр үзэж сонирхдог төдийгүй ордныг ойр хавийн орон сууцнууд тэнгэрт хадсан үнэтэй гээд тоочоод байвал үнэхээр олон жишээ бий юм билээ. Дэлхийн миссийн тэмцээний ялагч цаашдаа ч алдаршдаг тул олон улсаар явж хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцдог. Мөн эх орондоо ч энэ чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг татаж авч ирэх боломж бүрддэг билээ.

Манай улсад өнгөрсөн намар анх удаа томоохонд тооцогдох миссийн тэмцээн зохион байгуулагдсан. “Face of beauty international” тэмцээнд оролцохоор 60 гаруй орны мисс манай улсыг зорин ирж, манай улс энэ хэмжээний улсад сурталчлагдсан. Тус тэмцээнийг Хотын захиргаа хорин сая төгрөгөөр ивээн тэтгэсэн тухай мэдээлэл цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Үүнд тус тэмцээнийг зохион байгуулсан Ж.Анхбаяр ““ГОО БҮСГҮЙ” гэх гуншин Монголд л нэр хүндгүй байдаг болохоос энэ төрлийн тэмцээн дэлхийн аялал жуулчлалын гол хэсэг болдог билээ. Бид эх орондоо огт хэрэггүй тэмцээн зохион байгуулж, ард түмний татварын мөнгийг үрэн таран хийсэн үү гэвэл ОГТ ҮГҮЙ! Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд талын Монголыг сурталчлахаар өөрсдөө зардлаа даан ирж, зөвхөн бизнесийн байгууллагуудаас л гэхэд 100 орчим сая төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Хамгийн чухал нь “Мазаалайн элч”, “I AM ME” номинацын шагналтнууд болох Шинэ-Зеланд, Самоа улсын миссүүд Мазаалай хамгааллын төлөө 50 мянган долларын хандив өргөхөөр болсныг энд онцлох нь зүйтэй. Бид удахгүй хилийн чанадыг зорьж, хандивын мөнгийг гардан авах таатай мэдээ дуулгана. Дэлхийн хамгийн том гоо сайхны сайт MISSOSOLOGY тэмцээнийг бүрэн сурвалжилж, манай гарагийн хэдэн арван сая хүнд Монголын тухай мэдээллийг хүргэлээ” хэмээн тайлбар хийсэн байсан юм.

Тиймээс аялал жуулчлалын салбар сэргэж буй манай улсын хувьд “Дэлхийн мисс”-тэй болчихвол хөгжлийн түүх маань шинэ шатанд бичигдэнэ хэмээн найдах. Гэхдээ юу юунаас илүү үндэсний бахархал тэр хэрээр сэргэх нь таатай. 2008 оны олимпын алтан медальтнууд төрснөөс хойш Түвшинбаяр, Бадар-Ууган нэртэй хүүхдүүд олширч хүн бүх хүүхдээ их спорт руу оруулах гэж хичээх болсон. Ирэх жилээс хүн бүр охидоо мисс болгохоор зорьж, шинэ төрсөн хүүхэддээ Баярцэцэг гэж нэр өгөөд эхлэх ч юм билүү, хэн мэдлээ. Ямартай ч бид “Дэлхийн мисс”-тэй болохын тулд хүн бүхэн саналаа өгөх шаардлагатай болоод байна. Шилдэг 10-т багтахын тулд түүнд дор хаяж нэг сая санал хэрэгтэй байгаа аж. Хичээцгээе. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг дээ...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан