Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаарын бохирдлын голомтод байгаа хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдэх гарц бий юу


Н.БАТ

Зурагтын дэнж орчим байрлах Эх нялхсын төв эмнэлгээр та үйлчлүүлж байсан уу. Тэгвэл ЭХЭМҮТ хэмээн нэрлэгддэг Монголдоо ганц хүүхдийн төрөлжсөн эмнэлэг маань агаарын бохирдол хамгийн өндөр цэгт байрладаг. Монгол Улсын агаарын чанарын стандартаар агаар дахь нарийн ширхэгт тоосонцор нь 50, ДЭМБ-ынхаар 25 байх ёстой боловч Зурагт орчимд заримдаа 2000-д хүрдэг байна. Судлаачдын хэлснээр нарийн ширхэгтэй тоосонцорын хэмжээ 10 микрограммаар нэмэгдэх тутам зүрх судасны өвчнөөр эмнэлэгт хэвтэх магадлал 0,8 хувиар өсдөг байна.Эрдэмтэд 557-гоор тооцоход л тэнд амьдардаг иргэдийн зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 40 хувиар нэмэгддэг гэжээ. Тэгэхээр 2000 гэдэг 150 орчим хувиар нэмэгдэхээр болж байгаа биз.

Мөн агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийг 50 хувиар, уушигны хорт хавдрыг 39 хувиар нэмэгдүүлдэг гэсэн судалгааны дүн байна. Энэ бол манай судлаачдын хийсэн судалгааны дүн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны дүнгээс ердөө 3 орчим хувиар л зөрсөн харагдана.
Үүнээс харвал эмнэлэгт эрүүл хүн очдоггүй учраас өвчилсөн, дархлаа нь суларсан хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх гэсэн биш бүүр л олон өвчин нэмж тусах эрсдэл дунд яваад орчихдог гэсэн үг.

-Хүүхдийн өвчлөлийн голлох шалтгаан нь агаарын бохирдол гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хамгийн өндөр ачаалалтай байдаг ЭХЭМҮТ нь өвлийн улиралд агаар сэлгэх ямар ч боломжгүй орчинд байрладаг. Сэлгэх байтугай хаалга, цонхны битүүмжлэлдээ маш сайн анхаарах зайлшгүй шаардлагатай. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш Д.Малчинхүү гуай миний хоёр дахь гэр бол ЭХЭМҮТ гэж тодорхойлж байсан юм. Түүнээс өвчтөнүүдийн өрөөнд агаар цэвэршүүлэгч, шүүгч төхөөрөмж байдаг эсэх талаар лавлахад шууд л толгой сэгсрэв.   Эмнэлгээ нүүлгэх арга өнөөдөртөө байхгүй учраас эмнэлгийн агаарыг цэвэршүүлэх боломжийг тэгвэл хэрхэн бүрдүүлж болох вэ хэмээн түүнээс асуухад “Ямар хэмжээний хөрөнгө мөнгө орохыг мэдэхгүй ч өвчтөний хэвтэж байгаа өрөө бүрт агаар цэвэршүүлэгч хэрэгтэй. Хамгийн түрүүнд ЭХЭМҮТ-ийн асуудлыг ингэж л шийдэх боломжтой. Ер нь цаашид ийм агаарын бохирдол өндөртэй газар эмнэлэг байх нь зөв үү. Эмнэлгээ нүүлгэхгүй гэвэл тухайн орчмын агаарын бохирдлыг хэрхэн хурдан бууруулах вэ гэх зэргээр ярилцаж, хэлэлцэж шийдэх л ёстой сэдэв. Өмнө нь элдэв туяа ялгаруулж байдаг зурагтын өндөр антеннын дэргэд эмнэлэг байх нь зөв үү гэх асуудал яригдаж л байлаа. Гэвч энэ асуудал шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн. Үнэндээ ойрын 20 жилд нүүлгэнэ гэдэг худлаа шүү дээ” хэмээн хэлэв.

Тийм ээ, Буянт-Ухаагийн дэнж дээр араг ясыг нь зангидсан төрөх эмнэлгийн барилгаа битүүлж чадалгүй хэдэн жил болгож, ганц түлэнхийн төвийн асуудлыг шийдэж чадахгүй улсад хүүхдийн эмнэлгээ нүүлгэх тухай дуулгах нь өнөөх илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гээч болох биз.
Өнөөдөр агаарын бохирдлын хэмжээгээр нийслэлд Зурагт, Толгойтынхон “тэргүүлдэг”. Тэр хэмжээгээрээ ч хүүхдийн өвчлөл ч өндөр байдаг бололтой. Үзэгдэх орчин хязгаарлагдаагүй бараг тунгалаг өглөө тус газруудад хэмжилт хийхэд өнөөх тоосонцрын хэмжээ 1000 орчим гарсан байгаа юм.

Баримт: Ж.Лелиевелд тэргүүтэй судлаачид “Гаднах орчны агаарын бохирдол нь дэлхийн хэмжээнд цаг бусын нас баралтад нөлөөлж буй байдал” нэртэй судалгаа хийжээ.  Судалгаанд, Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлүүдийн улмаас нярай болон бага насны хүүхэд эндэх эрсдэл өндөр байдаг бөгөөд дэлхий дахинд жил бүр 230 мянган хүүхэд гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын доод замын хурц үрэвслээр нас барж, 500 мянга гаруй  хүүхэд хоол хийхдээ ашигладаг хатуу түлшнээс ялгардаг доторх орчны агаарын бохирдлын улмаас эндэж байна” гэжээ.

Гэтэл хүүхдийн нас баралтын шалтгаан болдог энэ хүчин зүйлс нь манайд ДЭМБ-ын стандартаас 7-8 дахин их болчихсон байдаг. ЭХЭМҮТ орчимд 10 бүүр 20 дахин их болдог ч үе бий гээд бодоод үзэхээр үнэхээр толгой сэгсрэхээс өөр ямар ч арга алга.  Д.Малчинхүү эмчийн хэлснээр нэгэнт эмнэлгээ нүүлгэх ямар ч боломжгүй учраас хамгийн түрүүнд өвчтөнүүдийн өрөөнд агаар цэвэршүүлэгч тавих гээд байгаа. Агаар цэвэршүүлэгчийн үнэ дунджаар 600 мянган төгрөгөөс дээш байдаг. Өнөөдөр Эрүүл мэндийн яаманд энэ асуудлыг шууд шийдэх боломж үгүй. Учир нь ердөө хэд хоногийн өмнө А.Цогцэцэг сайд 30 сая төгрөгийн эмнэлгийн машины асуудлыг шийдэж чадсангүй хэмээн Шадар сайд У.Хүрэлсүхэд загнуулчихсан сууж байгаа харагдсан. Тэгэхээр эдийн засгийн хямралтай энэ үед эмнэлгийн өрөө бүрт агаар цэвэршүүлэгч тавь гэвэл гэдрэг савахад хүргэх биз. Харамсалтай нь, энэ бол яаралтай шийдэх асуудал гэж онцлохоос өөр арга алга.
Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулах эх үүсвэрээс гарцыг хайгаад үзэх үү. Эдийн засгийн хямралтай Монгол Улс энэ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй ч саармагжуулах арга хэмжээ авахад  хэдэн төгрөг зарцуулахаар болсныг саная. БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын багцад 5 тэрбум төгрөг суулгасан бол нийслэл өөрийн төсвөөс 3,2 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.

Д.Оюунхорол сайдаас 5 тэрбум төгрөгөөр агаарын бохирдлыг бууруулахын тулд юу хийхээр төлөвлөснийг сонирхоход “Ойролцоогоор 4 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааны үнийг 50 хувиар бууруулах хөнгөлөлтөд зарцуулна. Үлдсэн мөнгийг нь сайжруулсан зуух, түлшийг орлого багатай, ядуу өрх зорилтот бүлэгт хүргэхэд зарцуулахаар төлөвлөсөн” гэв. Тэгвэл хот төсөвлөсөн мөнгөө хэрхэн зарцуулах бол. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Юун түрүүнд агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө баталж байна. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар сургууль цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг болон анги танхим өрөөнийх нь дотоод агаарын орчин ямар байгааг нарийн судлах судалгааны баг ажиллаж байна. Судалгааны үр дүнгээс шалтгаалж,  цаашид дотоод агаарыг орчныг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа юм. 

Судалгаагаа маш сайн хийж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, шинэ ноу хауг нэвтрүүлнэ. Одоо юун түрүүнд яам, холбогдох байгууллагуудтай хамтарч, сайжруулсан зуух, түлшний төслийг үргэлжлүүлэн хэрэг­жүү­лэх юм” хэмээн хэллээ.
Ямар ч байсан сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын орчинг нийслэлээс судлахаар болсон нь сайшаалтай. Гэвч ахиад л сайжруулсан зуух, түлш төдийгөөр энэ жил агаарын бохирдолтой тэмцэх ажил хязгаарлагдах нь тодорхой бололтой. Уг нь АНУ-ын Мянганы сорил­тын сан, Засгийн газрын Цэвэр агаар төсөл, нийслэлээс хэрэгжүүлсэн мөн агаарын бохирдлыг багасгах төсөл зэрэг өмнөх жилүүдэд хэрэгжсэн төслүү­дээр сайжруулсан зуухаар гэр хорооллын айл өрхүүдээ бараг л хангачихсан санагдана. Даанч үр дүн нь юу билээ...

Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн гадаад орчны агаарын чанарыг сайжруулах талаар хийж чадах зүйл тун бага байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарынхан дотоод орчны агаарын чанарыг эхлээд ярих нь зүй байх. Нийт өвчлөлийн өртөлтийн 73 хувь нь дотоод орчны агаарын чанартай шууд холбоотой. Тэгэхээр дотоод орчны агаарын чанарыг сайжруулахын тулд нарийн ширхэгтэй тоосонцор шүүдэг өндөр идэвхт фильтр ашиглах, шаардлагагүй бол агаарын бохирдол өндөр байгаа үед хаалга цонхоо онгойлгохгүй байх, гэр хорооллынхон үүдэндээ амбаартай байх гэх зэргээр дотоод орчны агаарын чанарыг анхаарах шаардлагатай байгаа юм. Бид НҮБ-ын санхүүжилтээр Улаанбаатар хотын 12 сургууль дээр дотоод орчны агаарын чанарын үнэлгээг хийсэн. Бүр сургууль дээр дотоод орчны агаарын чанар Монгол Улсын стандартаас 3-10 дахин өндөр байна. Хан-Уул дүүргийн сургуулиуд дээр дотоод орчны агаарын чанар бусад дүүргийн сургуулиудыг бодвол харьцангуй сайн байсан гэж байв. Тэгэхээр нийслэлээс өмнө салбарын байгууллага судалгаа ямартаа ч хийж.

Үүнээс харвал эмнэлэгээ нүүлгэж чадахгүйгээс хойш эхлээд эмнэлгийнхээ дотоод орчны агааржуулалтыг л шийдэхээс өөр гарц ч алга.  Гэхдээ энэ бол зөвхөн төрийн байгууллагын анхаарал хандуулах зүйл гээд орхих арга алга. Хэдийгээр нийслэлийн зүгээс донор байгууллагад хандаж, энэ төслөө хэрэгжүүлнэ гэж байгаа ч сургууль цэцэрлэгийн асуудлыг эцэг эхэд нь танилцуулах юун түрүүнд шийдэж болох зүйл ч байж мэднэ. Харин эмнэлгийн асуудлаа улс нийслэлтэйгээ хамтраад шийдэх нь зөв гарц байх болов уу. Өнөөдөр нийслэлийн сургуулиудын нэг анги дунджаар 30-50 орчим хүүхэдтэй байдаг. 40 хүүхэдтэй гээд тооцоход эцэг эхийн зүгээс 20 мянган төгрөг нэг удаа гаргаад агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүүхдийнхээ ангид байршуулах боломжтой байх нь. Эмнэлэгт бол ийн шийдэх гарц бараг үгүй. Хэдийгээр энэ нь нэг талаар хэн нэгний бизнесийг дэмжээд байгаа ч юм шиг харагдаж буй боловч үнэндээ хүүхдийнхээ өвчлөлийг багасгах хамгийн наад захын гарц. Ялангуяа цэцэрлэгийн ангиуд дотоод агаарын орчин хамгийн хүнд, хамгийн бохирдолтой байдгийг хүн бүр мэддэг.  Тэгэхээр агаарын бохирдлоос үр хүүхдээ хамгаалахын тулд хамгийн гол нь зөв мэдээллийг олж судалж, бас хүн бүр л хичээх хэрэгтэй болж. Түүнээс мөнгөгүй улс орноо хэчнээн чичлээд сайжруулсан зуух, түлшнээс өөр гарц өнөөдөртөө олж харахгүй нь бололтой.

0 Сэтгэгдэл
БАЙХГҮЙ ЭЭ
Хамгийн их уншсан