Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МҮБХ Сувдаг сэтгэлтэй хүмүүсийн хувийн компани биш”


-Ээлжит бус Их эе хурал хууль журмынхаа дагуу зохион байгуулагдаж байгаа гэв-

 А.АКЭРКЭ

11 жилийн хүлээлт үүсгээд байгаа Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их эе хурал энэ сарын 10-нд зохион байгуулагдахаар товоо зарласан. Гэвч МҮБХ-ноос уржигдар “Ээлжит бус Их эе” хуралдахгүй гэсэн мэдэгдэл гаргав. Мэдэгдэлдээ Үндэсний дээд шүүхийн 403 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах үед уг үйл ажиллагаанд А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн, Х.Баянмөнх нар хөндлөнгөөс оролцон гишүүдийн ирцийн бүртгэлд суугаагүй зургаан хүний гарын үсгийг дуурайлган зурж, шүүхийг хуурсан. Энэ хэргийг нь шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Цагдаагийн байгууллага энэхүү эрүүгийн хэргийг шалгаж дуусаад уг асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл цаашид ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Иймд ээлжит бус Их эе хурал гэх хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг нийт бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач жаяг дэгийн багийнханд албан ёсоор урьдчилан мэдэгдэж байна гэсэн байв.  

Мөн Х.Баянмөнх, түүний хүргэн байсан А.Сүхбат хоёр нутаг усны гэмээр жижиг бүлэглэл байгуулснаа “Аваргуудын зөвлөл” гэж нэрлэн, аваргуудын нэрийг зээлдэн ашиглаж байна.

МҮБХ-г булаан авч, Монгол бөхийн өргөөг хувьчлан өөрийн болгохын төлөө улайран зүтгэж буй цөөн хэдэн хүний хууль бус ажиллагаанд хууртахгүй байхыг анхааруулсан байлаа. Харин мэдэгдлийнхээ төгсгөлд МҮБХ 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит Их эеийн товыг тогтоон, хууль ёсны хүрээнд, дүрмийн дагуу хуралдуулж, шинэ удирдлагаа сонгон ажиллуулах болно гэсэн байв. Тус мэдэгдлийн дагуу өчигдөр Их эе хурал зохион байгуулах ажлын хэсгийнхэн хэвлэлийнхэнд хандсан юм. Тэд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ны ээлжит бус хурлыг хуралдуулахгүй бөхчүүдийг хагаралдуулж, ирц бүрдүүлэхгүй байх хүсэлт тавьж буй талаар мэдээлэл өгөв. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ажлын хэсгийнхэн өөрсдийн байр сууриа ийн илэрхийллээ.


Ү.Хүрэлбаатар: Энэ удаагийн хурал хууль журмынхаа дагуу зохиогдож байгаа

/МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч гишүүн, МҮБХ-ны ээлжит бус Их эе хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч/


-МҮБХ-ны ээлжит бус Их эе хуралдахгүй гэсэн мэдэгдлийн тухайд та юу хэлэх вэ?
-Нэг зүйлийг монголчууд бид сайтар ойлгомоор байгаа юм. Үндэсний бөхдөө монгол хүн бүр хайртай. Монгол төр тусгаар тогтнолынхоо баталгаа болсон Үндэсний баяр наадмаа эрийн гурван наадмаар төлөөлүүлж хийдэг.  Өөрөөр хэлбэл, үндэсний бөх бол төрийн хийгээд ард түмний эв нэгдлийн баталгаа болсон өв уламжлал. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд энэ сэдвээр маргаан, мэтгэлцээн тасралтгүй үргэлжиллээ. Үүнийг эцэслэх цаг нь болсон гэж бодож байна.

-Энэ маргаан зөвхөн өчигдөр, өнөөдөр үүссэн асуудал биш.
-Тийм. 2002 оноос эхэлсэн маргаан өнөөдрийг хүртэл явж байгаа нь энэ. 2002 оны арванхоёрдугаар сард МҮБХ-ны дөрөвдүгээр Их эе гэж болсон юм. Тэр хурлыг удирдсан таван хүн тэргүүлэгчээр ажилласан. Баянмөнх, Бат-Эрдэнэ, Мөнхбат аварга, Данзан бид тав. Тухайн үед хурлыг удирдаж дунд нь байсан хүний хувьд яг юу болсныг сайн мэднэ. Энэ хурлаар нэг л асуудлыг шийдэж чадалгүй тарсан. Юу гэхээр холбооны тэргүүнийг сонгох. Энэ цагаас хойш маргаан үргэлжилсэн хэрэг. Харин  2003 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн шүүхээс Цэцдийг хуралдаж энэ асуудлаа шийд гэсэн шийдвэр гарсан. Харамсалтай нь, шийдвэрлэж чадаагүй. Уг нь, Нямдорж тэргүүтэй бөхийн холбооны тэргүүлэгчид, Цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаж шийдэх ёстой байсан. Дараа нь ээлжит бус хурлаа хуралдуул гэдэг үүргийг шүүхээс 2004 онд дахин өгсөн. Мөн л биелүүлээгүй. Энэ мэтээр хурлыг янз бүрийн аргаар хойшлуулсаар байгаад 11 жилийг үдсэн. Тиймээс МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан хуралдуулсан. Уг нь, сайн дураараа хуралдах ёстой.

-Энэ хурал мөн л асуудал дагуулсан санагдана. Тухайн үед үнэхээр ирц нь хүрээгүй юм уу. Ямар учиртай талаар мэдээлэл өгөөч?
-Мөн л Нямдорж ирцийн асуудлаар маргаан үүсгэсэн хэрэг л дээ. Явсаар байгаад саяхан өнгөрсөн тавдугаар сард эцсийн шийдвэр нь гарсан. Ингэхдээ ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулахыг даалгасан байгаа. Тухайн үед бол ирц хангалттай байсан. Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс тав нь бурхан болсон байсан үе. Тиймээс Нийслэлийн шүүхийнхэн бурхан болсон таван хүнийг хасаад үлдсэн хүмүүсийг нь тооцож 60 хувийн ирцтэй гэж гаргасан байдаг юм. Харин Нямдорж болохоор 67 гишүүнээрээ тооцоод ирц хүрээгүй гэж маргасан хэрэг. Энэ асуудал гурван ч шатны шүүхийн хаалга татаж, шийдвэр гаргуулсан. Тиймээс энэ удаагийн хурлыг хийхээр болсон юм. Цэцдийн зөвлөлийн гол үүрэг нь Их эеийг зарлах юм. Энэ дагуу хурлаа зарласан, зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Тэгэхээр энэ удаагийн хурал хууль журмынхаа дагуу зохион байгуулагдаж байгаа гэж ойлгож болно. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Гэвч энэ хурлыг ирц хүрээгүй гэж хүчингүй болгохын төлөө МҮБХ мэдэгдэл гаргасанд харамсч байна.


А.Сүхбат: Монгол бөхийн өргөө минийх ч, Нямдоржийнх ч биш

/Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн/

-Р.Нямдорж гуай таныг Монгол бөхийн өргөөг хувьчлах гэж байна гэж хардаад байгаа бололтой?
-Би өөрийгөө Монголынхоо ард түмэнд, бөхдөө өртэй хүн гэж бодож явдаг. Монголын маань нүүдэлчдийн соёл, эрийн гурван наадам биднийг хүн болгосон. Тийм учраас өртэй гэж хэлээд байгаа юм. Ирээдүй хойч, залуустаа бид бүхэн олон зүйлийг хийж өгөх ёстой гэж бодож явдаг хүний нэг. Миний хувьд Нямдорж гуайд хандаж хэлэх хэдэн үг байна. 26 жил та МҮБХ-г тэргүүллээ. Гэхдээ хууль бусаар шүү дээ. Хангалттай юм биш үү. Одоо хэдэн жил суумаар байгаа юм бэ. Хэдэн жил бөхийг самрах гэсэн юм. Болиоч ээ, та. Танаар удирдуулъя, ажлаа хийлгэе гэсэн бөхчүүд алга, уучлаарай. Монгол бөх цэвэр ариун байж гэмээн Монголын төр цэвэр ариун байх юм гэдэг бодолтой явдаг хүн би.

-Үүгээрээ та юу хэлэх гэсэн юм бэ?
-Өнөөдөр сум орон нутгаар явах хэцүү болжээ. Аймаг, сумын наадам бүгд найраатай байдаг. Нэг хорчийсон нөхөр том биетэй залууг унагааж байх жишээтэй. Сумын заан цолтон болоход таван сая төгрөг, аймгийн арслан цолтон байхад 50 сая төгрөг, Улсын начин цол авахад 500 сая төгрөг болсон байна. Ийм байдал үүсгэж, даамжруулаад, арга хэмжээ авч чадахгүй, хариуцлага тооцохгүй, ямар ч менежмент хийхгүй явсаар 26 жил болчихож. Энэ байдлыг засъя. Ард түмэнд шударга барилдаан үзүүлье гэж л бид тэмцээд байгаа юм шүү дээ. Тэмцсээр ч байх болно. Монгол бөхийг хөгжүүлэх олон сайхан арга технологи, менежмент байдаг юм. Үүнийг хийлгүй, бөхийн хөгжлийг боогдуулж буй их нүгэлтэй хүмүүс цаана чинь байна. Энэ сарын 10-нд болох Их эе нь Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуралдаан юм шүү.

-Мэдэгдэлтэй холбоотойгоор аймгаас төлөөлөгчид ирэхгүй байж мэднэ. Бас л ирц хүрэхгүй асуудал үүсэх юм биш биз?
-21 аймгийн төлөөлөл оролцоно. Квотыг нь тогтоогоод өгчихсөн. Мон­го­­лын үндэсний бөхийн холбооны дүр­мэнд 200 хүртэлх гишүүн төлөөлөгч­тэйгөөр их хурал хуралдана гэж заасан байдаг. Тэгэхээр бид бүхний санаа­чилсан, хийх гэж байгаа хурал бол хууль ёсных гэдгийг албан ёсоор хэлье.

-Бөхчүүдийн эрх ашиг их хохирч, зөрчигдөж байна гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Наад зах нь эрэмбэ, цолыг нь нааш цааш болгож байгаа. Тэр бүү хэл зарим нөхдөд ямар ч утга учиргүйгээр цол олгож байна. Тэгсэн хэрнээ авах ёстой бөхөд нь өгөхгүй байна. Нөгөөтэйгүүр, аймгийн наадмуудаар 256 бөх барилдуулаад цол олгочихоод байхад л та нар 256 бөх барилдуулах ёсгүй. МҮБХ-ны дүрмэнд 128-ыг л барилдуулах ёстой гэж заасан байна гэх зэргээр бөхийг “хөгжүүлж” байна шүү дээ. Энэ шалтгаар залуучуудад цол нэмэхгүй байх жишээтэй. Олон бөх барилдаж, энэ спортоор олон залуус хичээллэж байвал сайн л биз дээ, уг нь. Бөх бол их спортын суурь болж өгдөг. Наад захын жишээ нь, Түвшинбаяр аварга байна. Хамгийн гол нь, монгол үндэсний бөхийг цаашид авч явж хөгжүүлэх, өөрөөр нь төсөв бүрдүүлээд явах арга механизм бий. Бөхчүүд цолны найраа, авлига, хээл хахуульд найдах биш өөрсдийнхөө амжилтаар амьдраад явах боломж байгаа. Тиймээс л бид нэг хүнийг 26 жил хараад суух биш монгол туургатны наадмуудыг үргэлжлүүлж, монгол бөхийн дэлхийн аваргыг зохион байгуулдаг болох хэрэгтэй гэж байгаа юм. Бидэнд олон боломж бий. Дэлхий дээр бараг 30 гаруй сая монголчууд бий. Яагаад тэднийгээ татан оролцуулж дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж болохгүй гэж.

-Бямба гарагт болох хурлаар холбооны тэргүүнээ сонгоно байх. Ямар хүмүүс тэргүүнд өрсөлдөх боломжтой юм бэ?
-Хэн ч нэрээ дэвшүүлж болно. Чөлөөтэй шүү дээ. Нэг үгээр хэлбэл, ардчилсан хурал гэж ойлгож болно.

-МҮБХ-ны мэдэгдлийн талаар таны байр суурийг сонсмоор байна?
-Мэдэгдэлдээ нөгөө л улиг болсон, ярьдаг зүйлээ бичсэн байна билээ. Увсынхан бөхийн өргөөг авах гээд байна, Баянмөнх, Сүхбат хоёр нутгийнхаа хоёр аваргыг ятгаж “Аваргуудын зөвлөл” гэж байгуулсан гэх зэрэг. Үнэндээ Монгол бөхийн өргөө минийх ч, Нямдоржийнх ч биш. Монголын ард түмнийх. Төрийн өмч давамгайлсан хувьцаат компани байх ёстой. Энэ мэтээр жалга довны үзэл гаргаж, халх дүрвэд гэдэг дээр тоглолт хийхээ болих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл ингэж явсан шүү дээ. Мэдэгдэлдээ увайгүй хэдэн хүн гэж бичиж. Өөрөө ёстой увайгүй юм бичдэг хүн байна гэж л харлаа. Биднийг хуурамч бичиг баримт үйлдэж шүүхийг мэхлэсэн гэсэн байна. Харин ч хэн нь 20 гаруй жил шүүхийг мэхлээд явж байгаа бол доо. Ийм сувдаг сэтгэлтэй хүмүүсийн аж ахуй эрхэлдэг, амин зуулгаа хийдэг, хувийн компани шигээ байлгадаг газар нь МҮБХ биш юм.

-Таныг өөрөө холбооны тэргүүн болох гээд улайраад байна гэсэн хардлага бас бий. Энэ тухайд?
-МҮБХ-ны дүрэмд холбооны тэргүүн орон тооны байна гэж заасан. Тэгэхээр миний одоогийн ажил байдалтай энэ нь уялдаж өгөхгүй. Тэгэхээр энэ нь ямар ч боломжгүй гэсэн үг.


Ц.Дуламсүрэн: Р.Нямдорж “Аваргуудын зөвлөл”-ийг үгүйсгэх хүн нь мөн үү

/МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, Улсын начин/

-Цэцдийн зөвлөлийн хурлын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг ээлжит бус хурлыг зохион байгуулж байгаа. Гэтэл МҮБХ худал мэдэгдэл хийж хүмүүсийг төөрөгдүүлж байна. Бүх аймаг хурлаа хийгээд төлөөлөгчөө сонгочихсон байгаа энэ үед ийм мэдэгдэл гаргасан нь харамсалтай. Нямдорж гуайн хийж байсан олон хууль бус үйлдлийг зогсоохын тулд би шүүхэд хандаж, 14 удаа шүүх хуралд оролцож явсан. Тухайлбал, Монгол бөхийн өргөөний 230 сая төгрөгийг зөвхөн өөрөө захиран зарцуулахаар хууль бус тогтоол гаргуулчихсан байхад нь шүүхэд хандаж хүчингүй болгуулж байсан. Энэ мэтээр яривал олон юм бий.

Харин энэ удаагийн гаргасан мэдэгдэлдээ таван зүйл оруулж өгч. Миний хувьд хоёр зүйлийг нь албан ёсоор тайлбарлаж өгье. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 256 дугаар зүйлийн дагуу Эрүү үүсгэж шалгаж байгаа гэжээ. Энэ нь шүүхийн асуудал дуусаагүй мэтээр хүмүүст ойлгогдоод байгаа юм. Ямар ч үндэслэлгүй худал зүйл гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт, МҮБХ-нд Аваргуудын зөвлөл байхгүй гэж үгүйсгэж бичсэн байна билээ. Гэвч Нямдорж гуай энэ зөвлөлийг үгүйсгэх хүн нь мөн үү. Аваргууд өөрсдөө зөвлөлөө байгуулаад, хурлаа хийж, шийдвэрээ гаргаад олон жил болж байна. Энэ бол аваргуудын л асуудал. Гэхдээ Аваргуудын зөвлөл нь хууль бус гэдгийг батлах нэг ч хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан