Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барак болон Мишель Обама: Цагаан ордон манай гэр бүлийг улам илүү ойртуулсан


Б.СУВД


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Тэргүүн хатагтай Мишель Обама нар “People” сэтгүүлд хамт ярилцлага өгчээ. Тэд өмнө нь, Барак Обамаг анх Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа “Цагаан ордон дахь эхний жил” хэмээх ярилцлагаа хамт өгсөн бол мөн сүүлийн жилийнхээ хамтын ярилцлагыг тус сэтгүүлд өгчээ.

Саяхан болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Доналд Трампыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг байсан Мишель Обама сонгуулийн дүн гардаг өдөр Бүгд найрамдах намынхан ялалтаа тунхаглаж байгааг үзээгүй гэсэн байна. Тэрээр “Би тэр өдөр шууд орондоо орсон. Ер нь би улс төрийн сонгуулийн үр дүнг хүлээх, үзэх дургүй” гэжээ. Мөн тэрээр нөхрийнхөө сонгуулийн дүнг арайхийн л хардаг байснаа ярьжээ. Сонгуулийн кампанит ажлын үеэр Мишель Обама Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг дэмжиж, хэд хэдэн удаа илтгэл тавьсан юм. Гэвч тэрээр “Өөрийнхөө хийж чадах бүхнийг хийсэн гэж бодвол би өөрийгөө амраадаг. Би сонгуулийн үр дүнг сонсоод нэмэргүй шүү дээ. Яагаад гэвэл сонгуулийн үр дүн ард түмний гарт байгаа. Харин би өөрийнхөө хийж чадах бүх зүйлийг хийсэн гэж үзсэн тул сонгуулийн дүнг сонсолгүй шууд л орондоо орсон” гэж.

Түүнчлэн тэргүүн хатагтай Мишель Обама “Цагаан ордон бид хоёрыг улам илүү ойр дотно болгосон” хэмээн ярьжээ. Учир нь, нөхрийнхөө ажлын шаардлагаас болж тэд өмнө нь долоо хоногт нэг л уулздаг байсан аж. Тэрээр “Цагаан ордонд нүүж ирэхээс өмнө Барак Обама Чикаго дахь гэртээ амралтын өдрөөрөө л ирдэг байсан. Иллинойс мужийн сенатчаар сонгогдоод дараа нь Вашингтон руу нүүсэн гээд удаан хугацаанд тийм байдалтай байсан. Тухайн үед бид зөвхөн амралтын өдрөөр л  уулздаг байлаа. Харин одоо Цагаан ордонд бид хамтдаа байна. Бид долоо хоногийн турш хамтдаа оройн зоогоо хамт барьж, охидынхоо багштай нь уулзаж, багийг нь дэмжиж, тэдний дурсгалтай агшин бүрийг алдалгүй хамт байх боломжтой болсон. Тэгэхээр Цагаан ордон манай гэр бүлийг улам илүү ойр дотно болгосон” гэжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсын түүхэн дэх анхны өнгөт арьст Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай сэтгэгдлээ ярьжээ. Түүний хэлснээр анх Барак Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдоход хүмүүс билгэдлийн чанартай хэмээн хүлээн авч байсныг дурджээ. Тэрээр “Юу үнэн гэвэл би Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гэвч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон өнгөт арьстантай гэр бүл болох явдлыг үзэн ядах үзэл одоог болтол байсаар байна. Энэ удаагийн сонгуулийн үеэр ч ийм үзлүүд цухалзаж байсан. Гэхдээ үнэхээр хийж чаддаг хүнд энэ үзэл нөлөөлдөггүй” гэжээ.
 
Мөн охид нь өнгөрсөн найман жилийн турш өөрийн гэрээ хэмээн бодож байсан Цагаан ордныг маш их санах болно гэдгийг ч хүлээн зөвшөөрчээ. Барак Обамагийн том охин Малиа энэ хавар ахлах сургуулиа төгссөн бөгөөд ирэх намар Харвардын их сургуульд элсэн суралцах юм. Харин бага охин Саша нь 15 настай, ахлах сургуулийн сурагч. Тэд нэгдүгээр сард шинэ Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Вашингтонд байшин түрээслэж амьдрах бөгөөд охидоо сургуулиа төгстөл нэг хэсэгтээ ийм байдлаар амьдрахаар шийджээ. Харин Сашаг их сургуульд орсны дараа тэд эцэг, эхийнхээ гэр рүү нүүх нь. Энэ тухайгаа Барак Обама бид Цагаан ордноос бас нэг Цагаан ордон руу нүүнэ хэмээн хошигнон ярьжээ. Тэрээр “Охид минь Цагаан ордонд гайхалтай их туршлага хуримтлуулсан. Цагаан ордны ажилтнууд бол манай гэр бүлийн нэг хэсэг. Тиймээс охидын маань хувьд бусад хүүхдүүд гэрээсээ нүүдгээс тэс өөр байдалд орно. Малиа дахин энэ гэрт ирж чадахгүй гэдэгтээ хэрхэн харамсч буйгаа хэлсэн” гэжээ.

Ярилцлагынхаа төгсгөлд “Миний охид үүрнээсээ гарч далавчаа дэвэхэд бэлэн болсон. Бид тэднийг бэлэн болоогүй гэж бодож байсан ч, өөрсдийгөө бэлэн болсон гэж бодож байгаа” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан