Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батсайхан: Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгө 4 дахин буурсан


Н.БАТ

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхантай уулзаж, цөөн асуултанд хариу авав.

-Сайхан өвөлжиж байна уу. Танай аймгаар цас хэр унав?
-Сайхан өвөлжиж байна аа. Цас бол нэлээн уналаа. Хоёр сум маань цагаан зу­дын байдалтай өвөлжиж байна. Бусад сумдын хувьд харь­цан­гуй гайгүй, өнөтэй байгаа даа.

-Өвлийн өвс тэжээлийн нөөцөө сайн базааж чадсан уу. Учир нь энэ жил шат шатны сонгуулиас үүдэж, орон нутгийн удирдлагын баг их өөрчлөгдлөө. Энэ нь нэг талаар ажил цалгардах шалтгаан болчихоод байдаг?
-Аймгийн Засаг даргаар томилогдоод энэ жил дөрвөн төрлөөр нөөц бүрдүүлэхээр чиглэл өгч ажиллалаа. Эхнийх нь буюу малчдын хотонд өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг манай аймаг хангалттай сайн хийсэн. Өнгөрсөн зун зуншлага сайхан байсан учраас хаанаас ч хадлангаа авчих бололцоотой байлаа. Малчид маань хадлангаа хангалттай сайн авсан. Хоёр дахь нь сумдын нөөц бүрдүүлэх. Хамгийн муу хийгдсэн ажил. Долоон сум бараг нөөц бүрдүүлж чадаагүй. Гурав дахь шатны нөөц бол аймгийн нөөц. Намайг аймгийн Засаг даргаар томилогдоод ажлаа авахад нөөцөд нэг ч кг өвс байсангүй. Ингээд төсвийн тодотголоо хийж, Орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой хөрөнгө гарган өвс тэжээл бэлтгэх, нөөцлөх ажлаа хангалттай хийж дуусгалаа. Дөрөв дэх нь улсын нөөц. Энэ жил улсын нөөц шинэчлэгдсэн. Шинээр нөөц бүрдүүлэх ажлыг улсын нөөц бүрдүүлэх газрынхан хангалттай сайн хийсэн.

-Та Орон нутгийг хөгжүү­лэх сангаас тодорхой хөрөнгө гаргасан гэж байна. Ирэх жилийн хувьд энэ санд маш бага мөнгө хувиарлагдаж байгаа. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө 4 дахин буурсан. Энэ мөнгө буурна гэдэг орон нутгийн хөгжил саарна л гэсэн үг. Үүнд аймгууд маш их шүүмжлэлтэй хандах ёстой юм. Аймгийн удирдлагууд Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөө нэмэгдүүлэх тал дээр өөрсдөө санаачлага гарган, бүхий л боломжийг эрэлхийлж байна.Засгийн газартаа бас санал тавьж байна. Тус сангийн хөрөнгө аймаг орон нутгийнхаа хөгжилд их чухал үүрэг гүйцэтгэж байгааг өнгөрсөн жилүүдэд манайхан хангалттай харж мэдэрлээ. Засаг дарга нар ч ярьж байна. Тэгэхээр энэ сангийн хөрөнгийг бууруулж болохгүй. Үүнээс гадна эрх мэдлийг төвлөрлийг сааруулах шаардлага байна.

-Эрх мэдлийн төвлөрөл гэхээр орон нутгийн удирдлагууд маань толгой мэдэн  шийдвэр гаргах боломжоор хомс байгааг хэлээд байна уу та?
-Тийм. Орон нутгийн түвшиндээ шийдэж болох асуудлыг яамдын төвшинд авчирч шийдэж байна. Асуудлыг төв рүү татаж, төвлөрүүлж шийднэ гэдэг. Үүнд шүүмжлэлтэй хандах ёстой. Ганцхан томилгооны асуудал ч биш юм. Хэм хэмжээ тогтоох стандартын асуудал ч байна.

-Томилгоо гэснээс төрийн албаны тогтвор суурьшилтай ажиллах боломж 4 жилээр л хэмжигдэж байна. Энэ нь хөгжилд маш их чөдөр болдог талаар судлаачид хэлдэг?
-Манай тогтолцооны их том алдаа энэ байгаа юм. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж боддог. Дөрөв дөрвөн жилээр ажлын байр солигддог нь төрийн албыг тогтвор суурьшилгүй болгоод зогсохгүй бодлогын залгамж халааг үгүй хийдэг. Тогтвортой үргэлжлэх хөгжлийн үйл явц нь саармагждаг сөрөг тал ч бий. Аймгийн Засаг даргын ХЭГ-ын хүрээний хэлтэс агентлагуудын боловсон хүчний томилгооны 60 хувийг төрөөс томилж хийж байна. Аймгийн Засаг даргын удирдлага дор ажиллах хүмүүсийг өөртэй нь зөвлөлгүй томилдог. Дээр нь аймгийн Засаг дарга ИТХ-ын шийдэх асуудлын дийлэнхийг дээш нь татаж төвлөрүүлдэг. Шийдвэр гаргах төвшний зохистой бус харьцаа нь эрх мэдлийн төвлөрлийг сааруулахад маш сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн эрхзүйн асуудал ч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан