Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Рэгдэл: Ний нуугүй хэлэхэд мөнгөний ажлууд эрдэмтдийг дандаа тойрч өнгөрдөг нь нууц биш


Ж.ЖАМУХА

Шинжлэх ухааны академиас эрхлэн гаргасаар хоёр дахь жилтэйгээ золгож буй “Танин мэдэхүйн цуврал” номын 11-22 дахь цувралын нээлтийн ёслол өчигдөр болж өнгөрлөө. Өнгөрсөн жил эхний арван цуврал нь уншигчдын гарт хүрсэн эл бүтээлийг ШУА-ийн эрдэмтэн мэргэд, судлаачид эрхлэн гаргадгаараа онцлогтой. Хэдий ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулагдсан ч шинжлэх ухаанд дурлагч хэн бүхний гарын авлага, ширээний ном болж чадахуйц эл бүтээл энэ жил Эх дэлхий, Монголын эзэнт гүрэн, Дэлхийн шашин, Хотжилт зэрэг 12 дэвтрээс бүтэж буй. Олон арван эрдэмтний нөр их хөдөлмөрийн үр шимээр бүтсэн шинэ цувралыг өлгийдөх ёслолын ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дарга Н.Гантулга, Монголын үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн удирдлагууд болон нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн төлөөлөл, багш, оюутан сурагчид оролцсон юм.
Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ярилцлаа.


-Эрдэмтэн судлаачид маань ахлах ангийн сурагчдад зориулсан ном бичиж байгаа нь сонирхолтой санагдсаны дээр багахан гайхшрал төрүүлсэн. Анхны арван цувралаа гаргаснаас хойш чамгүй туршлагажсан байх?
-Мэдээж өмнөх арван цувралд алдаж оносон нь бий. Гэхдээ одоо ном, товхимол бичиж буй эрдэмтэд маань танин мэдэхүйн цувралыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тохирхуйцаар энгийн, ойлгомжтой байдлаар бичих хэмжээнд дадлага туршлага хуримтлуулж л байна.
Дадлага туршлага гэдэг нэг номны ард гараад бий болчихдог зүйл биш, аажим төлөвшдөг зүйл. Тиймдээ ч яваандаа манай судлаачид ном, бүтээлийн ажилд гарших болов уу гэж бодож байна. Бидний зүгээс цувралынхаа сэдвүүдийг эрт боловсруулж, тухайн номын зохиогчийг ч эртнээс тодруулахыг эрмэлзэж байна. Түүнчлэн, ном, бүтээл туурвидаг арвин их туршлагатай бичгийн хүмүүсээр лекц уншуулж, сургалт хийлгэсний дараа бичүүлэх бодолтой явна даа.

-22 цувралын ард гарчихлаа. Нэг товхимол нэг л сэдвийн хүрээнд бичигддэгээрээ үр өгөөж ихтэй нь харагдсан. Цаашид сэдэв хангалттай учир энэ мэтээр үргэлжлэн гарсаар байна биз?
-Тэгэлгүй яахав. Энэ ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Монгол Улсад ерөнхий боловсролын сургууль байж гэмээнэ, эрдэмтэн судлаачид ажлаа хийж байгаа л бол энэ ажил зогсох учиргүй. Бид өдгөө дуусч дундрашгүй өргөн агуулга, сэдэв бүхий асар том шинжлэх ухааны салбараас дуслын төдийг нь л ном, товхимол болгоод байна. Хэдий ерөнхий боловсролын сургуульд шинжлэх ухааны салбарын суурь, ерөнхий эрдмийн хичээлүүд ордог ч бидний эрхлэн гаргаж буй товхимол сурагчдад тэр бүхнийг задлан шинжлэх боломж олгож буйгаараа онцлогтой.

-Цаашид ном бичихэд зохиолчдыг өргөнөөр хамруулна гэж байна. Тавигдах шаардлага ямар байх бол?
-Хамгийн гол нь эрдэмт­дийг өргөнөөр оролцуулна. Ном зохиол бичиж хүнд хүргэдэг, туршлагатай, чадвартай улсаас зөвлөгөө авч, бэлтгэсний дүнд үргэлжлүүлэх нь зүйн хэрэг. Ер нь, дэлхийн жишгийг харж байхад шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл туурвидаг мэргэжлийн сэтгүүлч, зохиолч нар их байдаг. Манайд ийм мэргэжилтнүүд бий болтол бидний зүгээс энэ ажлаа таслахгүй байхыг хичээх болно. Мэдээж тодорхой цаг хугацааны дараа, нөхцөл нь бүрдмэгц энэ чиглэлээр ном, бүтээл туурвидаг хүн олширч, энэ талын ажлыг аваад явчих мэргэшсэн хүмүүс бий болох болов уу гэж найдаж явна даа.

-Ерөнхий боловсролын сургалтын программаас ангид, нэмэлт товхимол гаргах болсон шалтгаан, ач холбогдол юу болохыг сонирхвол?
-Юуны өмнө бид ямар юмтай тулж ажиллах тухайгаа зөв тодорхойлох хэрэгтэй байна. Жишээ нь, бие хүн аливаа юмыг танин мэдэхийг хүсэх оргил үе хэзээ тохиодог гэхээр мэдээж хүүхэд нас шүү дээ. Энэ хүсэл эрмэлзэл таван наснаас илүү хүчтэй бий болдог юм байна. Тодорхой шинжлэх ухааны асуудлыг сонирхож, учир начрыг нь олохсон, судалж танин мэдэхсэн гэх хүсэл дунд ангид ороход нь төлөвшчихсөн байдаг. Тэгэхээр хүүхдийн эл хүсэл эрмэлзэл, халуунаараа буй сонирхолд нь тулгуурлаж товчхон товхимол, сэдэв дагнасан гарын авлага бий болгох нь нэг ёсны тулах цэг болж өгөх юм. Ийм үед нь шинжлэх ухааны бүх л салбарыг хамарсан, нэг сэдвийг дагнан бичсэн ном, товхимол бий болгох бодол, хүсэл бидэнд эртнээс бий болсон л доо. Гэвч бодит ажил хэрэг болгоход хөрөнгө санхүү, бодлого төлөвлөлтийн асуудал бишгүй л тулгарч байв. Тиймдээ ч эртнээс төлөвлөж байсан ажил ноднин жилээс биеллээ олж, анхны арван товхимолоо гаргасан бол энэ жил 12-ыг хэвлүүллээ. Ерөнхийдөө, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан, тэр төвшинд бичигдсэн ном. Гэвч зөвхөн хүүхдүүд гэлтгүй эцэг эх, ах эгч нар нь ч уншсан мэдлэг, мэдээлэл болж чадахуйц номнууд гэж болно. Сурах бичигт шинжлэх ухааны асуудал бишгүй л байдаг, ялангуяа ахлах ангид. Гэхдээ хүүхэд бүрийн сонирхолд нийцсэн байдлаар, дагнасан гарын авлага бий болгох нь чухал.
Товчхондоо, сурах бичигт хоёр хуудас төдий багтсан сэдвийг нэгэн товхимол болгон гаргах нь тухайн сэдвийг сонирхон судалдаг хүүхдэд маш том суурь болж өгөх юм. Би яагаад аав ээжтэйгээ адилхан байдаг юм гэх асуултыг хүүхэд бүр сонирхдог. Үүнийг шинжлэх ухааны үндэстэй, тухайн хүүхдийн насны онцлогт тохирсон байдлаар тайлбарлаад өгчихвөл хүүхэд өөрийн гэсэн ойлголттой болохын зэрэгцээ цаашид энэ мэдлэг, мэдээлэлдээ үндэслэж шинжлэх ухааны бусад асуудалд ч татагдаж эхэлнэ. Хүүхэд гэлтгүй хүн бүр эргэцүүлдэг дээ, дэлхий ертөнц анх хаанаас, хэрхэн бий болсон юм бол, энэ их уудам огторгуй, сүүн замын галактикт биднээс өөр амьд оршихуй, ертөнц бий болов уу гэхчлэн их тэсрэлтийн онолоос аваад өнөөгийн техник технологийн эрин зуун хүртэлх түмэн асуултад манай товхимлууд хариулт өгнө.

-Таны жишээ татсан их тэсрэлт, тэлэлтийн онолын тухай сэдэв одоо болтол сурах бичигт ороогүй байх жишээтэй?
-Уул нь астраноми гэж хичээл хичээлийн программд байсан л даа. Энэ хичээл хуучин шигээ орж байсан бол тэр тухай зайлшгүй дурдана. Гэтэл астраноми нь орохоо больчихтой зэрэг бидний жишээ болгоод буй их тэсрэлтийн онол маань физикийн зарим хуультай тэрсэлдээд байдаг. Угтаа их тэсрэлт болсон гэвэл тэсрэлтээс үүссэн жижиг хэсгүүд төв цэгээс алсрах тусмаа хурд нь буурах ёстой байтал одоогийн физикийн шинжлэх ухаанаар тэсрэслтийн төвөөс холдох тусмаа хурд нь нэмэгдээд байдаг. Үүнийг өнөөгийн физикийн онолоор тайлбарлахад хэцүү. Тиймдээ ч сурах бичигт оруулдаггүй тал бий болов уу. Яахав, нийгмийн ухааны сурах бичгүүд харин бодлого, цаг үеэ дагаж өөрчлөгдөх нь бий.
Түүнчлэн, манай түүхийн сурах бичгүүдийг яг ямар концепцоор хийж гаргах нь зөв гэдэг дээр тогтсон юм алга. Тиймдээ ч тухайн салбарын ном товхимолд аль нэг том дарга дур мэдэн хуруу дүрж, түүхийн сурах бичигт хүртэл өөрчлөлт оруулчих нөхцөл бүрдчихсэн байна.

-Үнэнийг хэлэхэд нэг нам гарч ирмэгцээ мөрийн хөтөлбөрийнхөө дагуу элдэв төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлдэг. Хэн нэгэн тендерийг нь аваад ном, сурах бичгийг дахиад л шинээр хэвлэдэг. Энэ мэт ерөнхий боловсрол олгох хамгийн чухал гарын авлага болсон сурах бичиг маань одоо ч эмхэрч, цэгцрээгүй л байна. Та бүхний зүгээс сурах бичгийн асуудлаар судалгаа хийсэн байх?
-Сурах бичиг, танин мэдэхүйн цуврал ном хоёр өөр л дөө. Сурах бичигт хүн төрөлхтний хөгжил дэвшлийн дүнд, шинжлэх ухааны салбарт бий болчихсон мэдлэгүүд дотроос хамгийн баталгаатай, зайлшгүй шаардлагатай гэсэн юмыг нь л оруулдаг. Жишээ нь, өнөөгийн физикийн сурах бичигт XVII, XVIII зуунд хийсэн нээлтүүд орж байна. Гэтэл байгалийн ухааны сурах бичгүүд маш бага өөрчлөгддөг. Үнэндээ байгалийн процессуудыг үнэхээр ул суурьтай тайлбарласан зүйлс нь өөрчлөгдөх нь ховор.

-Академийн эрдэмтэн судлаачдаас сурах бичгийн ажилд гар, бие оролцдог нь хэр байдаг юм бол?
-Ний нуугүй хэлэхэд мөнгөний ажлууд эрдэмтдийг дандаа тойрч өнгөрдөг. Сурах бичгийн тендер мань мэтдээ олдох нь битгий хэл дуулдах ч үгүй. Угтаа, сурах бичгийн концепц гэгч зүйлийг академийн эрдэмтдээр хийлгэж байх ёстой л доо. Товчхондоо, салбарын шинжлэх ухааныг судладаг, эрдэмтэн мэргэд, судлаачид тухайн сурах бичгийн ноён нурууг тодотгож, тэгшитгэж өгөх учиртай юм. Ингэж гэмээнэ урт настай, сайн сурах бичиг бий болдог. Энэ зүгээр нэг миний хэлсэн үг биш, дэлхий дахины практик, зүй тогтол. Түүнээс нэг нь тендер зарлаад нөгөөдөө өгчихдөг юм биш. Боловсролын асуудалд ингэж хандсаар байвал нэг үе битгий хэл бүхэл бүтэн нийгэм ч хохирдог аюултай.

-22 ном гарчихлаа. Цаашид битгий тасраасай гэж хүсч, хүлээж буй хүн их байна. Та дээр хэлэхдээ төсөв санхүүгийн асуудал хүнд байна гэсэн?
-Яахав, энэ хэмжээгээрээ жилд 10 орчим товхимол гаргаж нэг бүрийг нь 700-1000 хувь хэвлэж сургууль, номын сангуудад ганц ганцыг тараагаад байвал энэ байдлаараа хэчнээн ч жил явж болно. Гэвч бид ингэж аргацаахыг хүсэхгүй байна. Угтаа ядаж нэг товхимлоос сургуулийн номын санд таван ширхэгийг өгчихдөг, сонирхсон хүмүүст хэвлэл захиалгатай цуг борлуулах байдлаар өргөжүүлмээр байгаа юм. Яг энэ асуудлаар миний л бодож буйгаар нэг журам гаргах нь зүйтэй гэж санадаг.

-Өнгөрсөн жилийн арван цувралыг хэдэн хувь хэвлүүлсэн бол, мөн энэ жилийнхийг?
-Өнгөрсөн жил нийт арван товхимол эмхэтгэж тус бүрийг нь 1000 хувь хэвлүүлж байсан бол энэ жил төсөв хөрөнгөний хүрэлцээ муугаас 12 гарын авлагаа тус бүрийг нь 400-500 ширхэг л хэвлэсэн. Эдийн засгийн хүндрэлийн үед энэ зэрэгтэй л явах шинжтэй. Хүртээмжийг нь бодолцож үзвэл энэ тоог ирэх жилээс өсгөхөөс өөр аргагүй. Нэг товхимол 400-500 ширхэг хэвлэгдэнэ гэдэг ёстой л нөгөө аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг нь болоод байна даа.

1 Сэтгэгдэл
Бүх яум огторгуйгаас үүсээд огторгуй руугаа шингэдэг
erdemted chin setgeleesee sudalgaa hiiseg bi sudlaach bish bolovch olon jil shinjleh uhaanii baiguullagad nya bo hiisen mash baga mungu batalj ugdug ch setgeleesee ajlaa hiine huviasaa gargana hugsuchuul ni ur huuhdeesee handiv avna ingej l ajlaa hiideg humuus shuu joohon l demjvel monukl badran mandanaa ed nar hulgai hiihiig medehgui harin ch hemnelttei arga erelhiildeg bas mash heregtai neelt gargadag daan ch uls toohgui uam daa
Хамгийн их уншсан