Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: Далай ламд виз олгосон асуудал “нууц”


Б.БИЛГҮҮН


Гадаад харилцааны яамны газрын дарга нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр газрын дарга нараас цөөн асуултад хариулт авав.

-Энэтхэгийн Засгийн газраас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг  зарим орны хэвлэлээр шүүмжилсэн байна. Энэ талаар яам ямар байр суурьтай байгаа вэ?
-Хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Элчин сайд болон Ерөнхий консул, консулууд төвөөсөө зөвшөөрөл авч байж суугаа орныхоо хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгдөг журамтай. Нэг тэрбум ам.долларын шугамтай холбоотой асуудлаар тус улсад суугаа Элчин сайд мэдээлэл өгсөн. Тиймээс тухайн мэдээллийн хуулбар болон тайлбараа өгч явуулахыг үүрэг болгосон. Хариу тайлбар удахгүй ирнэ. Энэтхэгийн Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээхээ мэдэгдсэн. Энэ бол олон улсын гэрээ. Тиймээс энэ дагуу хэрэгжих ажил юм.

-Далай ламд виз олгосон консулын ажилтан ажлаасаа халагдсан гэх мэдээлэл гарч байна. Үүнд тайлбар хэлэх үү?
-Энэ талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа. Яг энэ асуудал нь Төрийн нууцын зохих зэрэглэлтэй холбоотой учраас ямар нэгэн хариу, тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Дуучин С.Амармандахтай холбоотой асуудлаар консулын газраас ямар тайлбар хийх вэ?
-Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас манай Гадаад харилцааны яаманд хандан “ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан дипломат эрх ямба эдэлдэг үү...” гэсэн лавлагаа авахыг хүссэн. Лавлагааг бид цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас бид үүнээс өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Монголын хил дээр 60 км урт түгжрэл үүссэн тухай гаднын хэвлэл мэдээлсэн. Энэ мэдээлэл ортой юу?
-Нэг аютомашины урт 18 метр, чиргүүлтэйгээ 36 метр байдаг. Даваа гарагийн өглөө ажил эхлэхээр урт цуваа үүсч, ачаалал үүсдэг нь үнэн. Үүний зэрэгцээ шалган нэвтрүүлэхүүдийн хоорондох автопост дээр хураамж авах гэж дугаар үүсдэг тал бий. Энэ талаар гаалийнхантай ярилцсан. Цаашид ийм дараалал үүсгэхгүйн тулд ярьж хэлэлцэж байна.

-Монгол, АНУ хоёрын Гадаад харилцааны яам хоорондын уулзалт болсон. Ямар асуудлууд яригдсан бэ?
-Энэ уулзалтаар АНУ-ын H2 ангиллын виз буюу Америкт ажиллах хүч хүлээн авах хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлыг АНУ-ын талд тавьсан. АНУ-ын тал 2018 оноос эхлээд Монгол Улсыг энэ хөтөлбөртөө оруулах асуудлыг судалж үзэхээ илэрхийлсэн. Мөн иргэд харилцан зорчих хүрээнд ирээдүйд АНУ-ын визээс Монгол Улсын иргэдийг чөлөөлөх асуудлыг урт хугацаандаа шийдвэрлэх саналыг тавьж, бэлтгэл ажлуудаа хийхээр тохиролцсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан