Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эгэх хариуцлагыг тодорхой болгохоор чууллаа


Б.ЦЭДЭВ


“Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын форум боллоо. Нийгмийн эгэх хариуцлага гэдэг нь иргэдийн сайн сайхан амьдралд нөлөөлдөг засаглал, үйлчилгээ хүргэхтэй холбоотой асуудал, бэрхшээлийг тодорхойлохоос эхлэн учир шалтгааныг ойлгох, зохих шийдлийг боловсруулахад иргэдийн оролцоог хангах үйл явц юм. Тус үйл явцын хүрээнд “Глоб интернэйшнл” төв, БСШУСЯ, “Бүх нийтийн боловсролын төлөө” төв, Иргэний нийгмийн үндэсний эвсэл зэрэг байгууллага хамтран боловсролын салбарт эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулахаар ерөнхий боловсролын сургуулиудад “Сайн сургуулийг дэмжих аргалчлал”-ын эхний шатны төслийг тодорхой хугацаанд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын 28 сургуульд эцэг эх, багшийн холбоог байгуулж, таван сургууль дээр хэрэгжүүлжээ. Тодруулбал, Архангай, Булган, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар, Увс аймгийн 20 суманд хэрэгжүүлж байгаа аж. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдүүддээ зөвхөн сургуульд даатгаад орхих биш, сургуулийн үйл ажиллагаанд оролцдог, асуудлыг хамтран хэлэлцдэг, хүүхдийнхээ сургалтын орчинг сайжруулахад эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй арга юм байна. Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулж, сургуулийн үйл ажиллагаа, төсөв санхүүгийн хүрэлцээ зэрэг асуудалд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь хүүхдийн сурах орчинд эерэгээр нөлөөлж байна гэсэн судалгаа гарчээ.

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд тулгуурлан хэд хэдэн зөвлөмжүүдийг холбогдох албаныханд хүргүүлэх аж. Тухайлбал, Боловсролын салбарт иргэдийн оролцоог сайжруулахын тулд Боловсролын тухай хуулийг дагалдан гарах журмыг батлах,  Төсвийн тухай хуульд заасан “төсөв төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах” гэсэн заалтад өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. Мөн Төсвийн тухай хуульд “Төсвийн үйл ажиллагааг нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх” гэж заасан ч иргэдэд ойлгомжгүй, хүртээмжгүй байдаг. Тиймээс энэ зохицуулалтыг Төвсийн тухай хуульд нэмэх ёстой гэсэн зөвлөмжүүдийг холбогдох албаныханд хүргүүлжээ.  Төслийн хоёрдугаар шатыг Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан