Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярцогтод мөнгө угаасан хэргээр Швейцарьт эрүүгийн хэрэг үүсгэжээ


-Түүний дансанд 9.2 сая ам.доллар байсаар байгаа гэв-

Монгол Улсын сайд асан “...С.Баярцогтод Швейцарийн холбооны улсын шүүхээс тус улсын Эрүүгийн хуулийн 305-р зүйлийг (мөнгө угаах) үндэслэн хэрэг үүсгэсэн...” гэж Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос өчигдөр мэдээллээ. Тус байгууллагын төлөөлөл Швейцарийн улсын яллагч (прокурор), өмгөөлөгчидтэй уулзаж, С.Баярцогтод үүсгэсэн эрүүгийн хэрэгт холбогдох зарим баримтыг авчээ. Хэдийгээр тус улсын банк харилцагчдын мэдээллийг өндөр нууцалдаг ч 2017.01.01-ний өдрөөс эхлэн оффшор бүстэй холбоотой буюу мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй мөнгийг хадгалахгүй, өөрийн улсад гүйлгээнд оруулахгүй байх хууль хэрэгжиж эхлэх тул оффшор бүсээс орж ирсэн, хууль бусаар хөрөнгөжсөн байх магадлалтай дансыг шалгаж эхэлсэн байна. Хэрвээ, мөнгөний эх үүсвэр “бохир” гэдэг нь батлагдвал тухайн дансан дахь мөнгийг эзэмшигчээс түдгэлзүүлж, тухайн улсын Засгийн газарт өгөх юм байна.

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгийг Оюутолгойн гэрээтэй холбон хардаж, түүний оффшор бүст нэг бус 9.2 сая ам.доллар байгаа гэдгийг С.Баярцогтын банкны харилцагчийн мэдээлэлд тулгуурлан мэдээллээ.

Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын дансанд Оюутолгойн гэрээ хийгдсэнээс 20 хоногийн дотор их хэмжээний мөнгө орсон байх үндэслэлүүдийг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо дэвшүүлж, Ашигт малтмалын болон татварын тухай хуульд өөрчлөлт оруулж “РиоТинто” компани Оуютолгойн гэрээ хийх ашигтай байдал үүсгэсний “шан” гэж хардаж байгаагаа хэллээ.

Тус байгууллага 2015 онд Швейцарын хуулийн байгууллагад хандаж, 27 баримт материалыг шалгуулахаар прокурорын байгууллагад нь өгсөн байна. Харин С.Баярцогтын дансанд мөнгө орсон байгааг Швейцарийн прокурорын байгууллага тус улсын “Swiss credit” банкны бичгээр баталгаажуулжээ.

С.Баярцогтод хандсан хүсэлтийг албан бусаар орчуулбал:

Хувь хүний банкны харьцаа

SIOA 9

Лео Н.Шу                                     Леженд плас капитал ХХК

Харилцааны менежер           Ноён Сангажавын Баярцогтын

+41-44 333 3667                                         анхааралд

Leo.n.shu@credit-suisse.com

2009 оны 10-р сарын 27.

Хүндэт, Баярцогт танаа:

Таны ам.долларын дансанд 9,200,000.00 ам.доллар орсныг бид үүгээр баталж байна.

Швейцарийн банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах ёстой. Тиймээс та “ANZ банкнаас шилжүүлсэн 9,200,000.00 ам.долларын талаарх мэдээллийг (гэрээ хэлцээрийн хуулбар, нэхэмжлэх гэх мэт) бидэнд өгнө үү.

Танаас авсан мэдээллийн нууцыг бид бүрэн хадгалах болно.

Бидэнд итгэж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Танд ямар нэгэн асуулт байвал эргэлзэх хэрэггүй бидэнтэй холбогдоно уу.

Хүндэтгэсэн,

Лео Н.Шу

“Кредит Свисс” банк


С.Баярцогт худал хэлсэн болж таарав уу

Тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтод хаягласан “Swiss credit” компанийн хүсэлтээс харвал, хэд хэдэн зүйл тодорхой болж байгааг бид харна.

Нэгдүгээрт, түүний дансанд 2009 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 9.2 сая ам.доллар байж. Энэ мөнгийг Шинэ Зеландын “ANZ” банкнаас шилжүүлсэн байна.

Хоёрдугаарт, банкны ажилтан С.Баярцогтоос мөнгөний эх сурвалжийг баталгаажуулах хүсэлт илгээхдээ түүнийг “Леженд плас капитал” ХХК компанид хамаатуулсан байна. Тэгвэл “Леженд плас капитал” ХХК нь оффшор бүст бүртгэлтэй компани гэдгийг монголчууд бараг мартсан байж магадгүй.

Сануулбал, С.Баярцогтыг оффшор бүст компанитай, Швейцар дахь нууц дансандаа нэг сая ам.доллартай гэх баримт 2013 онд буюу түүнийг УИХ-ын дэд даргаар ажиллаж байхад нь гарсан билээ.

Энэхүү баримтад, түүний компанийн бүртгэлийн талаар:

29th day of May 2008
Bayartsogt SANGAJAV
E-4 Selbe Hothon
7th Horoo, Sukhbaatar dist.
Ulaanbaatar, Mongolia, China

RE: LEGEND PLUS CAPITAL LIMITED гэсэн байдаг юм.

С.Баярцогт “Леженд плас капитал” ХХК компанийнхаа талаар өмнө нь дурдаж байгаагүй бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаад данс, компанийнхаа талаар мэдүүлж байгаагүй юм.

Тэрээр 2013 онд оффшор бүст компанитай гэх мэдээлэл цацагдсаны дараа тухайн үед хашч байсан УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч, өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж байна гэж мэдэгдэж байлаа. Гэвч, түүний тайлбарласнаар “...дансанд нэг сая ам.доллар байсан, түүнийгээ мартсан...” гэдэг нь 9.2 сая ам.долларын нотолгоогоор үгүйсгэгдэж байгаа юм. Тиймээс түүний данс болон тухайн үед өгч байсан тайлбарууд худал байх магадлалтай.

АТГ гэх байгууллага ажлаа хийж байна уу

Төрийн өндөр, дээд албан тушаал хашч байсан С.Баярцогтыг мөнгө угаасан үндэслэлээр шалгаж байгаа нь 100 хувь иргэний нийгмийн хөдөлгөөний нөлөө байлаа гэдгийг онцлон тэмдэглэх ёстой. Үүнд, авлигын эсрэг уриатай АТГ болон монголын цагдаа, тагнуулынхан хуруугаа ч нэмэрлээгүй юм. Харин ч эсрэгээрээ тэдний хүсэлтийг шалгах боломжгүй гэж буцааж иржээ.

Тухайлбал, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо С.Баярцогтыг “оффшор”-той нэр холбогдохоос эхлээд Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор түүнийг шалгуулах хүсэлт гаргаж эхэлсэн байна.

Жишээ нь:


С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн газарт гаргахад, хүсэлтийг 2013 оны дөрөвдүгээр сарын 25-нд АТГ-т шилжүүлсэн байна. Тус газар 2013 оны зургадугаар сард “Танайхаас ирүүлсэн бичгийг хүлээн авч танилцлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120.1-д заасны дагуу байцаан шийтгэх ажлын оролцох этгээдэд хамааралгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн байцаан шийтгэх ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

Мөн “Ёс зүйн хороо С.Баярцогтод холбогдох асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн тул хариуг УИХ-ын Тамгын газраас авна уу. Эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй” гэх хариулт өгчээ. Түүнчлэн “Хятадын монгол” гэж бичсэн асуудлаар “буруу бичигдсэн...” гэхээс өөр тайлбар гараагүй гэдгийг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо онцоллоо.

Хэргийг Швейцарийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан