Хүүхдийнхээ боловсролд анхааръя гэвэл мөнгө л хэрэгтэй
2016 оны 12 сарын 21


-Айл бүр гэрийн даалгавартай болъё-

Н.УУГАНБАЯР

Цаг минут бүхэн мөнгөөр хэмжигддэг орчин цагийн энэ амьдралд хүүхдээ сургуулиас авах, хүргэж өгөх гэдэг багагүй цаг хугацаа шаарддаг ажил. Дээрээс нь хотын түгжрэл гэж нэг садаа бий. Ер нь залуу гэр бүл бүхэн ийм зовлонтой нүүр тулдаг. Хүүхэд зургаа, долдугаар анги хүртэл автобусанд суух, гэртээ ганцаараа байх зэрэгт үргэлж санаа зовнино. Арга ядаад ажилтайгаа ойрхон сургуульд оруулна. Хичээлээс нь аваад хүүхдээ ажлынхаа аль нэг өрөөнд суулгачихна. Үнэндээ ийм дүр төрхийг Монголд хаана ч харж болно. Такси хөлсөлдөг, хувийн жолоочтой тохирдог гээд янз бүрийн л арга хэрэглэдэг хүмүүс байгаа л даа. Гэхдээ хоёул ажил хийдэг манай гэр бүлийн хувьд хүүхдээ ажилдаа ойр сургуульд өгч, орой хамт харих нь л оновчтой шийдэл байв. Улсын сургуульд оруулах гэхээр харьяаллын бус гээд авахгүй. Тиймээс гэр бүлийн орлогоо тооцож үзээд 3 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд оруулж, хүүхэд маань ч дуртай сурч эхэлсэн. Хувийн сургуульд улсын сургуулийг бодвол ганц нэг давуу тал ч бий. Ингээд хоёр жил орчим бидний амьдрал хэвийн л үр­гэлжиллээ. Цалингаа авна. Тухай бүрт нь зарцуулна. Хүүх­дийнхээ төлбөрийг цалин­гийн зээлээр төлнө. Сар бүр цалингаасаа суутгуулна. Гэтэл эдийн засгийн хямрал гээ­чээс үүдэж гэр бүлийн ор­лого эрс хумигдаж эхлэв. Хүүх­дийн төлбөрөө ч төлж дий­лэхгүй тухай яригдаж, цалин­гийн зээл ч бүтэхгүй учраас, сургуулиас нь шилжүүлэх юм боллоо. Хүүхэд сургууль шилжих дургүй ч аав ээжийн цалин хүрэхгүй учраас нэлээн урвагар ч үгүй гэж хэлж зүрхлэхгүй. Есдүгээр сар дөхөөд байдаг. Ямар ч байсан сургуульд нь оруулчихлаа. Өдөр бүр төлбөр нэхнэ. Гэнэт охин маань хадгаламжийн дэвтрээ гаргаад сар бүр дансанд нь хуримтлагддаг 20 мянган төгрөгөө тооцож, төлбө­рөө төлөх тухай ярив. Хэдэн жилийн өмнө 300 мянган төгрөгтэй хадгалам­жийг хүүхдийн мөнгөний данстай холбосноор сар бүрийн 20 мянган төгрөг нь хуримтлагдсаар 2 сая болжээ.
Үнэндээ бид хоёрын хэн нь ч сар бүр цалингаасаа 20 мянган төгрөг далд хийх тухай бодож байсангүй. Ердөө л өнөөдөр болж байгаа юм чинь маргааш ч болно гэсэн сэтгэхүйтэй өдийг хүрчээ. Гэтэл улсаас өгдөг хүүхдийн 20 мянган төгрөг хуримтлалын ашиг тусыг манай гэр бүлд мэдрүүлэв. Гэр бүлийн орлогоо тооцож үзвэл бид сар бүр багадаа 50 мянган төгрөг хуримтлуулах боломжтой юм байна. Зөвхөн хүүхдийн төлбөрт ч гэлтгүй дамжаа сургалтад явуулахад ч зайлшгүй мөнгө шаардлагатай.

Нөхөр бид хоёрын цалин, эмээгийн тэтгэвэр, бас жижиг сажиг халтуурны орлого бий. Манайх ам бүл тав. Том хүүхэд маань улсын сургуульд сурдаг учраас өдөр бүр унааны мөнгө шаардлагатай. Ер нь, судалгаагаар өрхийн орлогын 36 хувь нь хоол хүнсэнд, 13 хувь нь өр төлбөрт, 20 хувь нь хувцас хунарт, 5,6 хувь нь тээврийн хэрэгсэлд, 10 хувь нь угаалгын элдэв зүйлст, 3,5 хувь нь боловсролд зарцуулагддаг гэдэг юм билээ. Харин манай гэр бүлийн хувьд боловсролд зарцуулах мөнгө нь арай ахуй байж тараад байдаг. Бусад нь энэ судалгаатай бараг л дүйх биз. Тэгэхээр хэрвээ орлогынхоо 15-20 хувийг хадгалаад байдаг бол хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яах вэ хэмээн толгой гашилгахгүй амьдрах боломж байж. Гэтэл бид бусад залуу гэр бүлийн адил хоол хүнсэнд гамгүй мөнгө зарцуулдгаа өөрсдийн бодит амьдралд тохиолдсон хүндрэлийн дараа л сая мэдрэв.

Яаж хуримтлал үүсгэх вэ?

Ингээд л тооцоотой амьдрахаар ярилцаж, хуримтлал ч үүсгэх тухай зөвлөлдөв, гэр бүлээрээ. Гэр бүлийн гишүүн бүрийн дагаж мөрдөх гэрийн даалгавартай болов. Ингээд даалгавраа дугаарлаж байгаад бичлээ.
1. Гэр бүлийнхээ орлого, зарлагыг төлөвлөж сурах
2. Хүнсээ авахдаа махнаас бусдыг яг өнөөдөр, маргааш хэрэглэх үү гэдгээ эхлээд өөрсдөөсөө асуух
3. Такси барихдаа эхлээд бодох
4. Утсаар 10 минут ярьдаг бол 5 минут болгох
5. Хичээлийн хэрэглэлдээ хяналт тавих, дуусаагүй дэвтэр, бал үзэг хаяхгүй байх
6. Орлогоо төлөвлөж, сар бүр хуримтлалын мөнгөө далд хийх
7. Хуримтлалаа хамгаалах
8. Орлого, зарлагын дэвтэр хөтлөх
Ер нь, хэрхэн бага мөнгө үрж, аз жаргалтай амьдарч болох вэ гэдэгт л суралцахаар ярилцаж тохиролцсон юм.
Хоёр сар, гурван сар хичээлээ. Заримдаа өнөөх хуримтлалаа далд хийхээ мартчихна. Банк руу аваачиж хадгаламжинд хийнэ гэдэг багадаа 30 минут “иднэ”. Гол нь банкинд дугаарлахаас төвөгшөөнө, чи хий, би хий гээд хариуцлагаас мултрах гэж үзнэ. Ингээд сар бүр нөхөр бид хоёр тус бүрийн цалингаас 50 мянган төгрөг хийгээд л байв. 12 сарын дараа гээд тооцоод үзэхээр сая гаруй л төгрөг байдаг. Гэтэл үүнээс илүүг далд хийж чаддаггүй.
 
Хуримтлалыг хэвшил болгоё

Хүүхдийнхээ сургалтын төлбөрийн тодорхой хувийг авсан ч цалингийн зээл хүсэхээс өөр аргагүй учраас цалин авдаг банкиндаа хандав. “Голомт” банкны эдийн засагч бүсгүй та зээл авч байгаа ч хуримтлал үүсгэх боломжтой гэдгийг хэлж, сар бүр цалингаас тань автоматаар суутгагдаж, таны дансанд хуримтлал үүсгэх боломж бий гэдгийг тайлбарлаж өгөв. Ингээд зээлийн эдийн засагч бүсгүйтэй ярилц­­саар 100 мянган төг­рөг хуримтлуулахаар тохиролц­лоо. Мэдээж өрхийн орлогоо сайн тооцсоны эцэст ийн шийдэв. Хэдийгээр зээл авсан ч бас хуримтлал үүс­гээд дансандаа мөнгө хий­дэг болсон. Нөхрийнхөө цалин­гийн дансыг ч хуримтлалын данстай нь холбов. Одоо бидний орлого тодорхой боллоо. Сар бүр банкнаас өөрөө хуримтлалын дансанд мөнгө төвлөрүүлж байгаа. Бид ч хагалдаг гахайнд мөнгө хийх, эсвэл банк руу явж дугаарлах тухай маргах шаардлагагүй. Хуримтлал манай гэр бүлийн хувьд хэвшил болов. Гол нь гэр бүлийн өмнөө тавьсан даалгавраа мартаж болохгүй. Манай гэр бүлийн өглөө бүр харах ёстой даалгавар хөргөгчний өмнө, хувцасны шүүгээн дээр хадаастай байгаа. Ямар ч байсан хоёр жил энэ даалгавраа харж, ягштал биелүүлж байхаар бид ярилцсан учраас...
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.