Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үл хөдлөх хөрөнгийн тухай бодох цаг боллоо

-10 жилийн өмнө та хуримтлалын данс нээлгэсэн бол...-


Н.УУГАН

Өрх бүр сар бүр 50 мянган төгрөг хуримтлуулаад байвал 10 жилийн дараа 13 сая төгрөгтэй болно гэсэн судалгааг та харсан уу.
10 жил гэдэг их урт хугацаа мэт боловч хүний амьдралын хувьд асар хурдан өнгөрдөг. Бодъё л доо. Таны анхны хүүхэд 10 настай болоход ердөө 4 дүгээр ангид байна. Та 22 настай гэр бүл зохиолоо гэхэд 32 хүрч ид хийж бүтээх үе чинь ирнэ.  Тэгвэл энэ хугацаанд хүний амьдралд юу өөрчлөгддөг юм бэ. Монгол залуусын олонхи нь 22-25 насандаа гэр бүл болдог. Шууд байр аваад тусдаа амьдрах боломжтой нь тун цөөхөн. Эцэг эхийнхээ нэг өрөөнд эсвэл бөөрөнхий гэр бариад айлын хашаа бараадна. Ингээд л гэр орондоо тавилга авах, хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулах гэж явсаар нэг мэдэхэд 10 жил өнгөрдөг. Залуу хүмүүс учраас зугаа цэнгэлд ч багагүй мөнгө зарцуулна. Хуримтлалын талаар санаа тавьж мөнгө далд хийх нь юу л бол...Монголын 820 мянган өрхийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн баримт ч үүнийг нотолно.

Гэтэл 10 жилийн дараа өөрийн гэсэн унаатай, байртай болох мөрөөдөл танд, үр хүүхэд чинь өөрийн өрөөтэй, компьютертэй болох хүсэлтэй болчихсон байна. Хэрвээ орон сууцны үнийн төвшин өнөөдөрийнх шиг байвал 13 сая төгрөгөөр 50 ам.метр талбайтай хоёр өрөө байрны урьдчилгааны 20 хувь гэсэн үг. Гэр бүлийн хоёр тус тусдаа хуримтлуулбал байрныхаа 30-40 хувийн урьдчилгааг цуглуулчихаж. Харин машины хувьд цоо шинэ болоод жийп авахгүй ч гайгүй сайхан япон тэрэг авчихна. Үнэндээ манайхан одоо л санхүүгийн бага зэрэг боловсролтой болж байгаа юм. Зээлийн учрыг сайн олдог шигээ хуримтлалын учрыг сайн мэддэг болчихвол уг нь.

Жишээ 1: Найз маань Герман, Японд сурч амьдарч байгаад Монголдоо төвхнөөд таван жил гаруй болж байгаа юм. Тэрээр ажил хийж, мөнгө цуглуулахаас илүүтэйгээр баклавр, магистр, доктор гээд суралцсаар байгаад ирсэн. Монголд ирээд биднийг бодвол харьцангуй цалин өндөртэй ажилд орсон. Түүний хувьд Япон, Германаас сурч ирсэн хамгийн чухал дадал бол санхүүгийн сахилга бат. Сар бүр цалингийнхаа 30 хувийг хуримтлуулдаг. Банкуудыг нарийн судалж, харилцагч нь болдог. Зээл авахаас өмнө цалингаа зөв зарцуулж сурах хэрэгтэй хэмээн бидэнд зөвлөдөг. Хүүхдүүдээ сайн боловсрол олгохыг чухалчилдаг. Шинэ хоол хүнс хэрэглэх ёстой гэдэг. Ирээд авсан байраа саяхан томруулсан. Учир нь, ирснээсээ хойш гурван гишүүнээр бүл нэмсэн болохоор тэр. Хүний амьдралд хэзээ ч хар өдөр учирч болзошгүй. Тиймээс заавал энэ өдөрт бэлэн байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Хуримтлалын тухай үргэлж бидэнд ярина. Манайхан дэлгүүрийн торонд хүртэл мөнгө зарах юмаа хэмээн заримдаа ярих нь тэр дэндүү нарийн хүн мэт санагддаг боловч, хэрвээ залуу гэр бүл бүхэн иймэрхүү санхүүгийн сахилга баттай бол бид олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулж чадна даа гэж өөрийн эрхгүй бодогддог.

30-40 нас гэдэг хүний амьдралаа төвхнүүлэх үе. Тэгвэл бидний амьдралын хамгийн чухал хэрэгцээ энэ насанд юу юм бэ. Өөрийн гэсэн орон гэр хэмээн хүн бүр хариулах нь тодорхой. Тиймээс өнөөдрөөс л та хуримтлалын тухай бод. Дээгүүр байгаа дарга нарт атаархаж, мөнгө идсэн дээ хэмээн хардаж суухаар хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө хэрхэн зөв зарцуулах вэ гэдгээ эхлээд тунгаая. Дэлхий дээр мянга мянган залуус бидний л адил хөдөлмөрлөж, ажиллаж, амьдарч байгаа. Мэдээж барууныхны хувьд эхлээд хуримтлал үүсгэж, орон гэрээ төвхнүүлчихээд өрх гэр толгойлдог бол бидний амьдралын хэвшил өөр. Эхлээд гэр бүлтэй болно. Дараа нь...

Жишээ 2. Ердөө өчигдрийн тоо баримт. Он гарсаар гал түймэрт өртөж, 50 хүн нас барсны 16 нь хүүхэд. Ялангуяа хүйтний улиралд энэ тоо нэмэгддэг. Өнөөдөр нийслэлийн гэр хороололд 182 мянган өрх амьдарч байгаа нөхцөлд галын аюул буурах тухай ярих нь илүүц биз. Утаа, галын аюулаас үр хүүхдээ хамгаалах арга бол орон сууцанд амьдрах. Эсвэл бөөрөнхий гэрээ нарны эрчим хүчээр халдаг, эсвэл төвийн дулаанд холбогдсон хувийн сууц болгох. Үүний тулд бидэнд мөнгө л хэрэгтэй. Харамсалтай нь ийм боломжтой хүн алга. Өнгөрсөн жилүүдэд ипотекийн 8 хувийн хүүтэй зээл олгох болсноор 85 мянган өрх өөрийн гэсэн гал голомтоо шинэ байрандаа бадраасан. Нэг хэсэг байр олддоггүй байсан бол өнөөдөр статистик мэдээгээр 25 мянган байр эзнээ хүлээж байгаа. Гэвч байрны урьдчилгаа өгөх чадалтай иргэд 85 мянгаар хязгаарлагдчихсан.

Үнэндээ, үр хүүхэд маань галаа түлээд хоолоо хийх насан дээр очиход бид байрны урьдчилгаа эсвэл орон гэрийнхээ нөхцөлийг сайжруулах мөнгөтэй байх л хэрэгтэй гэдгийг мэддэг ойлгодог. Гэнэт баяжина, цөм орлого олно гэдэг магадгүй АНУ шиг өндөр хонжвортой лото явуулдаг газарт тохирох үг байх. Харин манайд ийм боломж бараг үгүй. Тэгэхээр  гэр бүл болж бусдын өмнө хариуцлага хүлээхээ ухамсарласан өдрөөсөө л хуримтлалыг, хадгаламжийн дэвтрийг нээлгэх цаг болж.

Бид зээл аваад амьдарч чадаж байгаа юм чинь, таван төгрөг цааш нь хийгээд амьдарч чадах нь тодорхой. Хуримтлал гэдэг таны хувьд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хамгийн чухал үүргийн нэг гэдгийг мэдэрдэг бол... Магадгүй хэрвээ дүүргүүдийн гэр бүл бүртгэх хэлтэс дээр энэ тухай зөвлөгөө өгч, бүүр хадгаламжийн дэвтрийг нь гэр бүлийн батлахтай нь хамт гардуулдаг болчихвол...
Идэр насандаа өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгийг авч, гэр бүл, үр хүүхдийнхээ аз жаргалын төлөө сайн сайхан амьдралыг бүрдүүлж байгаа хэн бүхэн өөрөөрөө бардам бахархах буй за.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан