Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 он улс төрийн амьдралд: “Хонгилд ганцхан харх амьдардаггүй”

Харх гэгч амьтан ханаж, цадахыг мэддэггүй, хомхой, идэмхий бүр их өлсвөл ган төмрийг ч идшээ болгож, гэдэс гардаг амьтан. Тэд асар хурдан үржихийн зэрэгцээ хонгилд амьдарч, өөрийн оршин тогтнож буй хонгилоос бусдыг бага, багаар үгүй хийдэг гэдгийг бид мэддэг. Хэрвээ, хөлөг онгоц живбэл, хамгийн түрүүнд хархнууд л зугтана. Төрөлхийн ийм араншинтай амьтанг хааяа хүнтэй харьцуулах нь бий ч яг ямар шинжээр нь адилтгадаг вэ, гэвэл шунал, тачаал, ханаж цадахгүй сэтгэл, аюул тулгарлаа гэхэд хамгийн түрүүнд амиа хоохойлох зэргийг нэн түрүүнд нэрлэж болох.

Тэгвэл монголын улс төрчдөөс хэнийг “харх”-тай зүйрлэх вэ, гэвэл та хэн гэж хариулах бол?  Эрх мэдлийн төлөөх тэмцлийн оргил мөчлөг энэ онд болж, улстөрчдийн улайран шунасан зүтгэл танд хэн нэгнийг хархтай адилтган харуулсан уу, гэдгийг тунгаан бодоорой. Учир нь, өнгөрч буй 2016 он бүхэлдээ хонгилын тухай, түүнд нь хэн багтдаг тухай, хонгилд орохгүй бол хорьж цагддаг тухай тэмцэл болж өрнөлөө гэдэгтэй маргахгүй байх. Өнгө зүс, өмссөн хувцас өөр ч “харх”-нуудын нийтлэг шинж нь “хонгилд” амьдардаг явдал юм. Харин 2016 онд болж өнгөрсөн улс төрийн үйл явдал, элдэв баривчилгаа, шийдэмгий мэдэгдэл зэргийг эргэн сануулбал хэн нь хэн бэ, гэдгийг ялгаж, салгахад илүү дөхөм болох биз ээ.

Хамгийн их анхаарал татсан үгс : “бүлэглэл, хонгил”

2004 оны сонгуулийн үр дүнд МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл 37, 35 харьцаатайгаар УИХ-ын суудлыг хуваасан байдаг. Аль нэг нь олонх биш тул “Зөвшилцлийн гэрээ” гэгч зүйлийг анх удаагаа байгуулж, улс төрийн эрс тэс үзэлтэй, өөр, өөр амлалттай ч хамтарсан гэх Засгийн газар Монгол Улсыг удирдаж эхэлсэн юм. Эндээс монголын парламентын маш ээдрээтэй үе эхэлсэн гэж үздэг.

Учир нь, 2004 оноос хойш 12 жилийн хугацаанд аль нэг нам дангаараа Засгийн эрхэнд гаралгүй, үргэлж хамтарсан Засгийн газар байгуулж ирсэн. Энэ дундуур “МҮАН-МАХН”-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан цөөн хэдэн сарыг эс тооцвол, Монгол Улсыг АН болон МАН-ын хамтарсан МАНАН удирдаж ирлээ. Тиймээс МАНАН гэгчийн үүсэл нь 2004 оноос эхлэлтэй юм.

Тэгвэл 2004-2016 он хүртэлх хугацаанд МАНАН дотор эрх ашиг нийлсэн, явцуу бүлэглэл үүссэн гэх бөгөөд 2016 оноос АН доторх хагарал үүнийг илүү ойлгомжтой болгож байсан юм. Жишээ нь, ашиглагдаагүй нөөцөөрөө дэлхийд нэгт бичигддэг Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар АН, МАН-ын хэсэг нөхөд нэг талдаа гарч, УИХ-аар лоббидож эхэлсэн нь бид МАНАН-г таньж эхлэх боломж олгосон явдал байлаа. Ингээд энэ оны эхний улиралд МАНАН-гийн эсрэг гэх иргэд олширц, эцэстээ олныг хамарсан жагсаал болсон бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эрхмүүд анхаарал татах хэд, хэдэн зүйл хэлсэн юм.

Жишээ нь, Л.Эрдэнэчимэг: Үндсэн хуулиар олгогдсон газрын хэвлийн баялаг ард түмний өмч. Ард түмний өмчийг өөрийн болгох гэсэн улс төр, бизнесийн бүлэглэлийн буруу. Ардчилал өөрөө 26 настай залуу. Гэтэл энэ бүлэглэл арав гаруйхан настай мөртлөө Ардчилал ахыгаа бүрэн залгиж дууслаа.

Г.Уянга: “Бид “МАНАН”, “Олигарх бүлэглэл”, “Нам дамнасан бүлэглэл”, “Нүүрсчдийн нам”, газрын наймаачид, “Авилгачдын аалзны тор”, “Гадаадынхны бөгс долоогч”, “Эх орноо худалдагч” гэж янз бүрээр хочлон цоллодог ч тэд эцсийн дүндээ ганцхан л бүлэглэл” гэсэн билээ.

Харин Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг өөрийгөө огцорсон шалтгааныг Тавантолгойн ордыг дэмжээгүйтэй холбоотой гэдэг. Түүнийг Ерөнхий сайдаас огцорсны дараа Тавантолгойн асуудлыг ярьж эхэлсэн бөгөөд түүнтэй холбоотой хэд, хэдэн хүнийг АТГ-т шалгаж эхэлсэн юм.

Тэсвэр алдсан Н.Алтанхуяг дөрөвдүгээр сард шуурхай мэдээлэл хийх зар тараасан бөгөөд “Авлигатай тэмцэх амаргүй ажил хэмээн Ерөнхийлөгч байнга жүжиг тоглодог. Төрөөс төрсөн тэрбумтнуудын бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан чиглүүлдэг. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй тул өнгөрсөн хугацаанд маш их гүтгэлэг, доромжлолыг над руу чиглүүлсэн. Өнөөдөр би ийнхүү нэр цохон мэдэгдэл хийснээр өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулж байгаагаа маш сайн мэдэж байна. Гэвч ардчиллыг хамгаалах цаг болсон тул би энэ мэдэгдлийг хийж байна” гэсэн билээ. Өнөөдөр түүний эхнэр, төрсөн дүүд АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж, зарим нэгнийг нь цагдан хориод байна.

Ямартай ч, ийм нэг хонгил бий болж, түүн дотор нь 10 гаруй настай бүлэглэлийн гишүүд аж төрж, амь зуудаг юм байна гэдгийг бид улс төрийн асар их тэмцэл дундаас олж сонссон билээ.

Эрдэнэтийн хувьцаа: Өнөөх бүлэглэл чинь

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын “Ростех” компанийн хувьцааг Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани болох “Монголын зэс” компани худалдаж авсан гэдгийг зарласан юм.

Энэ бол “саалийн үнээ” монголынх боллоо гэсэн маш том мэдээ байв. Харин сайн уу, муу юу гэдгийг хэлж мэдэх хүн олдохгүй байсан ч сонгуулийн дүн Сайханбилэгийн эсрэг талд гарсан. Тэгэхээр иргэд “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалаас хэн нэгэн хувь хүртжээ гэх сөрөг хүчинд илүү итгэсэн гэсэн үг. Гэвч, сонгуулийн дараа сөрөг хүчнийхэн “Эрдэнэт” үйлдвэрийн талаар ярихаа больж, ам ангайж байгаа нь одоогийн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж л болж. Тэрээр “Эрдэнэт”-ийг луйвардаж авсан гэх байр суурьтай байгаа бөгөөд бүлэглэл, мафи гэх үгийг хэрэглэх болсон нь санаандгүй зүйл биш биз ээ.

Тэрээр нэг удаа ““Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж. Зургаадугаар сарын 29-нд Ташкентад гурван улсын уулзалт болоход ХХБ-ны О.Орхон нь өөрөө очиж эцсийн цэг тавьсан. Одоо мэдэн будлиад байх хэрэггүй. Бүлэглэл дамжсан луйвраа хамгаалж их ажил хийх юм шиг байна" гэсэн билээ.

Түүний “Эзнээ үзчихээд үхмээр байна шүү дээ Орхоон. Миний эзнийг чи надад нэг үзүүлээч” гэсэн нь олныг цочроосон бөгөөд Ц.Нямдоржийн эзэн хэн юм бол гэдгийг 2016 онд хамгийн их сонирхсон нь лавтай.  

Шинэ сургамж: Хөршөөсөө хэнийг залахаа асуудаг юм шүү дээ

2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд Монголд ирж, 23-ны өдөр буцсан Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц бидэнд шинэ “сургамж” өгөөд буцав. Хэдийгээр Монгол Улсад ес дэх удаагаа айлчилж ирсэн ч түүний айлчлалаас үүдэн хэзээ, хэзээнээс илүү урд хөршийн дарамтад орсон нь оны эцэст ширүүхэн мэдэгдэж байна.

Урьд бид Далай багшаас айлдвар сонсч, “Архиа бага ууж, айргаа их уу” зэргээр сургааль, сургамж авч хоцордог байсан бол цаг үе өөрчлөгдөж урд хөрш биднийг “сургадаг” болсон гэдгийг мэдсэн нь 2016 оны Далай багшийн айлчлаас онцлох асуудал яах аргагүй мөн байв. Учир нь, Хятадын эрх баригчид Далай ламын айлчилснаас болж, дээд түвшний харилцаагаа зогсоож, зээл олгохгүй зэргээр эдийн засгийн “хориг” арга хэмжээ авч эхэлсэн нь ирэх жилүүдийн дотоод нөхцөл байдлыг муутгах хэмжээнд хүрсэн юм.

Хэдийгээр манай Засгийн газар энэ айлчлал нь цэвэр номын айлчлал гэсэн ч Хятад айлчлалыг эсэргүүцэн, Засгийн газрыг буруутгаж, МАН-ын хүссэн 4.2 тэрбум ам.долларын зээлийн яриа хэлэлцээрийг зогсоосон юм. Харин гадаад харилцааг төлөөлж буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ярилцлага өгснийг Хятадын тал онцолж, “Далай ламыг улсдаа урьсан явдал хоёр орны харилцаанд муугаар нөлөөлсөнд харамсч байна. Монгол Улс “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмжсээр ирсэн бөгөөд дахин хзээ ч Далай ламыг шашны асуудлаар урихгүй гэдгээ амалж байна” гэсэн хэмээн олон улсад дамжуулж эхэлсэн юм.

Энэ явдалтай холбогдуулан БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин “Монголын тал энэ явдлаас сургамж авч, цаашид БНХАУ-ын суурь ашиг сонирхлыг хүндэтгэдэг, харилцаагаа улам сайжруулахын төлөө хичээдэг болно гэж найдаж байна” гэсэн юм. Ямартай ч, Далай ламыг тусгаар улсдаа дахин урихаар бол Хятадын амыг харж, ашиг сонирхолыг нь хүндэтгэх шаардлагатай болсон гэдгийг энэ явдал гэрчлэв. Хятадууд ч асар богино хугацаанд манай улсын эрх баригчдыг харамстал нь хашраах аргаа олжээ. Ингэснээр оны хамгийн том “сургамж”-ийг эрх баригч МАН-ынхан авав.

Даравч далдайна: Оффшор

2016 оны тавдугаар сард Панамын хуулийн фирм болох дэлхийн дөрөв дэх том оффшор үйлчилгээ үзүүлэгч “Mossack Fonseca” компанийн мэдээлэл алдагдаж, урьд байгаагүй их хэмжээний нууц материалууд олны хүртээл болсон юм. 200 гаруй улсын 214488 холбогдогчтой 11.5 сая материалууд дунд 1977 оноос 2015 он хүртэлх 40 жилийн хугацаан дахь цахим шуудангууд, санхүүгийн тайлан, пасспорт зэрэг чухал мэдээллүүд багтаж байсан юм. Харин эдгээр дунд монголын хэд, хэдэн улстөрчийн нэр бичигдсэн байсан нь энэ онд илэрсэн томоохон “булхай”-нуудын нэг байлаа.

Нийтээрээ оффшор бүсийг татвараа зайлсхийсэн, эх орон биш гэж шүүмжилж байсан ч оффшорт компани байгуулсан гэж дурдагдсан хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь хачирхалтай явдал болж өнгөрсөн юм.
Монголын 49 иргэн оффшор бүст компани байгуулсан нь илэрсэн бөгөөд энэ дунд Сангийн сайд асан Я.Очирсүх, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, “Болд төмөр ерөө гол” компанийн захирал, одоогийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж Х.Бум-Эрдэнэ, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нар нууц данстай нь илэрсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, Ч.Батзориг, С.Баярын охид Б.Нандин, Б.Бадамханд нарын нэрс байсан нь олны анхаарлыг татсан юм. МАН-ын Засгийн газар оффшор бүсийг хориглох хуулийн төсөл боловсруулна гэж байсан ч орулж ирсэн хуулийн төсөл нь оффшорчдыг хамгаалсан, оффшор гэж юу болохыг тайлбарлаагүй хуулийн төсөл болсон тул УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг авахгүй байгаа юм. Голдуу мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг үндэслэлээр оффшорт компани байгуулдаг ч манай улсын Засгийн газар “сайн, муу” хоёр талаас нь тайлбарлаж, энэ оны хамгийн том мэдэн будилалтаа хийж байна.

Маш нууц: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт амь үрэгдсэн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болсон нь хамгийн дуулиант хэргийн шүүх хурлаар нэрлэгдэж байна.

Он дамжих нь гарцаагүй болсон хэргийн анхны шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 11.28 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р ангийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд эхэлсэн юм. Түүний хэргийг захиалгаар үйлдсэн гэж зүйлчилсэн ч одоогоор шүүх хуралд шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нар оролцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд хэргийг гүйцэтгэсэн гэх бөгөөд захиалагч нь нас барсан гэх таамаглал бий. Харин хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун оролцох ёстой байсан ч шүүх хуралдаанд ирэхгүй байгаа. Албан бус эх сурвалжийн мэдээллээр С.Оюун шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч улсын нууцтай холбоотой мэдээлэл, баримт яригдах тул хүслэтийг хүлээж аваагүй бололтой. Энэ хэрэгт гэрчээр Зориг агсны хамтран амьдрагч, амьд гэрч Д.Булган оролцохгүй байгаа бөгөөд гэрчээр н.Давааням, н.Чулуунбат гэх хоёр хүнийг оролцуулсан гэх мэдээлэл байна. Хавтаст хэрэгт нууцын зэрэгт хамаарах баримт, материал байгаа тул шүүх хуралдаан хаалттай үргэлжилж, ямар нэг мэдээлэл өгөхгүй байгаа билээ.

Сонгуулийн жил байлаа

2015.12.25 УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн Сонгуулийн тухай хуулийг баталсан.

2016.04.22 Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн пропорциональ системээр буюу жагсаалтаар 28 гишүүн сонгогдох заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлт гаргав.

2016.05.15 Сонгуулийн тухай хуульд жагсаалтаар нэр дэвшихтэй холбоотой заалтуудад өөрчлөлт оруулж, холимог системээр бус мажоритар тогтолооцоогоор сонгууль явуулахаар шийдсэн.

2016.06.29
УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт болов. УИХ-ын сонгуулийн 76 мандатад 76 тойргоос, НИТХ-ын сонгуулийн45 мандатад45 тойрогт улс төрийн хүчнүүд нэр дэвшүүлэн өрсөлдсөн.НИТХ-ын сонгуулийн 45 тойргийн 34-ийг Монгол Ардын нам, 11-ийг нь Ардчилсан нам авсан юм. НИТХ-ын сонгуульд есөн намын 238 нэр дэвшигч сонгуульд оролцсон. Харин Завхан, Сүхбаатар аймагт АН олонхи болж, 19 аймагт МАН олонхийг бүрдүүлж засгийн эрхийг аваад байгаа. Сүхбаатар аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд батламжлаагүй, Увс аймгийн Засаг даргыг томилсон шийдвэрийг цуцалсан. Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийн үеэр маргаан гарсан учир шүүхэд хандаж, дахин сонгууль явуулахаар шийдвэрлээд байгаа ч үүнийг биелүүлээгүй.
УИХ-ын сонгуулийн санал хураалтын явцын мэдээг Сонгуулийн ерөнхий хороо анх удаа олон нийтэд шууд харуулах технологийг ашигласан. Санал хураалтын дүнгээр УИХ-ын 76 тойргийн 65 нь Монгол Ардын нам, есөд нь Ардчилсан нам, нэгт нь Монгол Ардын хувьсгалт нам, нэгт нь бие даагч гишүүн сонгогдсон. УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвслээс нийтдээ 498 нэр дэвшигч өрсөлдсөн юм. 

2016.10.19
Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт болов. 21 аймгийн 330 сумын 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 7282 төлөөлөгч сонгосон. Нийслэлийн есөн дүүргээс Багануур, Багахангай, Хан-Уул, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д МАН олохи болсон бол Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүрэгт АН олон суудал аваад байгаа. Гэсэн ч Баянзүрх дүүргийн Засаг даргыг нийслэлийн Засаг даргыг одоо хүртэл батламжлаагүй.Орон нутгийн сонгуульд зургаан нам, нэг эвслээс 13834, бие дааж 673 нийтдээ 14507 нэр дэвшигч өрсөлдсөн. 

Ялагдал ба АН-ын шинэчлэл

2012 онд УИХ-ын 35 суудал ес, НИТХ-ын 26, таван дүүргийн ИТХ,13 аймгийн ИТХ-д олонхи болж засгийн эрхийг аваад байсан Ардчилсан нам 2016 оны сонгуулиудад ялагдав. Энэ нь намын удирдлагын түвшинд ойлголцохгүй, хэтэрхий их хагаралтай байсантай холбоотой, жирийн гишүүдээсээ холдож, намдаа агаар салхи оруулаагүйтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс залуучууд нь шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж, түүнээс улбаалсан хэлэлцүүлэг, уулзалтууд үргэлжилж Үндэсний зөвлөлдөх хороо, ээлжит Их хурлаа хуралдуулав.

 Энд ярьсан гол асуудал АН-ын шинэчлэлийг нэн даруй эхлүүлэх. АН-ын VI Их хурлаар үндсэн дүрмээ өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулж төсөл бэлэн болсон. Гэвч 1210 төлөөлөгч оролцсон тус Их хурлаар намын даргыг сонгуулиар сонгох, гишүүдийнхээ бүртгэлийг шинэчлэх хоёр заалтыг батлав. Үлдсэн өөрчлөлтүүдийг намын шинэ дарга сонгогдож, бүтэц бүрэлдэхүүнээрээ VII Их хурлаа 2017 оны хоёрдугаар сарын 12-нд хуралдуулахаар зарласан.Монголын улс төрийн намуудаас анх удаа бүх гишүүдээсээ даргаа сонгохоор дүрмээ өөрчилж, сунгаа эхлээд байгаа. 2017 оны нэгдүгээр сарын 29-нд АН-ын шинэ дарга сонгогдоно. Түүний араас шинэчлэлийн процессууд үргэлжлэнэ. Товчхондоо АН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ, орон нутгийн сонгуулийн бэлтгэлдээ орлоо.

МАН-ын “Мэргэжлийн” Засгийн газар

Сүүлийн дөрвөн удаагийн сонгуулийн дараа маргаан гарч УИХ-ын 76 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ тангараг өргөөгүй аж. Ерөнхийдөө энэ удаагийн сонгуулиар сонгогчдыг зөөвөрлөж санал өгүүлсэн тухай хэд хэдэн тойрогт маргаан гарч,зарим нь шүүхэд хандсан. Гэсэн ч сонгуулийн санал хураалт 29-ний өдөр дуусахад дүнг нэгтгээд 30-нд нь Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Долдугаар сарын 5-нд УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулж, УИХ-ын даргаар М.Энхболдыг сонгосон. Маргааш өдөр нь МАН-ын Бага хурал хуралдаж Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг томилуулахаар өргөн барьж, УИХ-аар дэмжсэн. Томилгоог шуурхайлах байсан ч АСЕМ-ын уулзалтад анхнаас нь бэлтгэсэн зарим сайдын ажлыг дуусгаад танхимаа бүрдүүлэх санал Еөнхийлөгчөөс тавьсан. Ингээд долдугаар сарын 23-нд 11 сайдыг УИХ томилж, дөрвөн салбарын сайдад ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзсэн. Гэхдээ 29-30-нд нь парламент дөрвөн салбарын сайдыг томилон мэргэжлийн Засгийн газар бүрдэв.

МАН-ын мөрийн хөтөлбөрт мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж туссан ч зарим сайдын томилгоо эсэргүүцэлтэй тулж, хамаатан садан, найз нөхдийн хүрээний томилгоо хийлээ хэмээн шүүмжлүүлсээр байгаа. УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ынхан зөвхөн нийслэлийн хэмжээнд төрийн албанд томилгоо хийснээр 60 тэрбум төгрөг босгох талаар ярьсан бичлэг нийтэд ил болж багагүй шуугиан дагуулсан. Төрийн албанд ажиллаж байсан 11 мянга гаруй хүнийг халж, сэлгээ хийсэн гэдэг мэдээлэл ч бий.

Түүнээс гадна “мэргэжлийн” Засгийн газар өмнөх УИХ-ын баталсан хуулиудыг ёсчлон батлаагүй гэдэг үнэдслэлээр хүчингүй болгож, “сайн” тодотголтой хөтөлбөрүүдийг зогсоосон. Гэхдээ буцаасан хуулиудаа эргүүлэн өргөн барьж, “сайн” нэртэй хөтөлбөрүүдийн нэр нь өөрчлөгдөх төдийгөөр МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан бодлого болж хэрэгжихээр болов.
Эдийн засгийн хямралыг даван гарахын тулд Засгийн газар гадаадын улс орнууд, банк санхүүгийн байгууллагаас зээл тусламж хүсч буй ч хаанаас ямар хэмжээний хөрөнгө оруулалт авах нь шийдэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан