Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолооч нарт ногдуулах торгуулийн хэмжээ нэмэгдлээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар буюу нэмж, 240 мянга байхаар тогтоосныг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэллээ. Ингэснээр хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан заасан заасан торгуулиудын хэмжээ өсч байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн жолооч нарыг торгох торгуулийн хэмжээ нэмэгдэж байна. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад торгуулийн хэмжээ 9600-1.000.000 төгрөгийн хооронд байсан юм. Харин цалингийн доод хэмжээ  240 мянган төгрөг болсноор хамгийн бага 9600 төгрөгийн торгууль 12 мянган төгрөг болж өөрчлөгдөж байна.

Ядарсан үедээ жолоо барьвал 60 мянгаар торгоно

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувиар торгох хуулийн заалттай. Цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг байхад ядарсан үедээ жолоо барьвал 48 мянгаар торгож байсан бол 240 мянган төгрөг болж нэмэгдсэнээр 60 мянган төгрөгийн торгууль ноогдуулахаар болж байна. Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 24000 төгрөгөөр торгох юм.

Согтуугаар машин жолоодвол эрхийг нь хасч, нэг сая төгрөгөөр торгоно


Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол сонгох заалтгүйгээр 2 жилээр эрхээ хасуулж нэг сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээнэ. Ингэхдээ согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 480 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 120 мянган төгрөгөөр торгоно. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 480-960 мянган төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ. Хэрэв энэ зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах юм. Энэ нь өнөөдрийн дагаж мөрдөж байгаа 1992 онд баталсан захиргааны хариуцлагын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ямар нэгэн байдлаар торгох шийтгэл байдаггүй байсан юм.

Жолоо барьж явахдаа утсаар яривал 12000 төгрөгийн торгуултай

Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх 12000 төгрөгөөр торгоно.

Гэрлэн дохио зөрчвөл 24000 төгрөгөөр торгоно

Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 24000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Мөн Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол 24000 төгрөгөөр торгоно

Зам тавьж өгөх шаардлага биелүүлээгүй бол 24000 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 24000, жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн, хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол мөн 24000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.

Бичиг баримтгүйгээр  жолоо баривал 60 мянган төгрөгөөр торгоно

Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувь буюу 60 мянган төгрөгөөр торгох юм. Харин баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх буюу 24000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодвол 120 мянган төгрөгөөр торгоно

Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх буюу 120 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 240 мянган төгрөгөөр торгох юм байна. Харин тухайн жолоодож буй тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тэнцээгүй байхад нь замын хөдөлгөөнд оролцсон иргэн, хуулийн этгээдийг мөн дээрх хэмжээгээр торгохоор заажээ.

Бүс зүүгээгүй бол 12000 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Тодруулбал 12000 төгрөгөөр торгуулна. Бас мотоциколь, мопедын жолооч болон мотоциклоор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол мөн адил хэмжээний торгуулийн шийтгэл хүлээх юм.

Гарцгүй газраар гарсан явган зорчигчийг 24000 төгрөгөөр торгоно


Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох буюу 24000 төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээлгэнэ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх буюу 60 мянган төгрөгөөр торгоно. Мөн замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар буюу явган хүний зам, хөвөөгөөр явсан, эсвэл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, тэдний хооронд байр эзэлсэн бол дээр хэлсэнчлэн торгуулна.

Урсгал сөрвөл 120000 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 120 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэх юм.

Дугаарын  зөрчилтэй машин жолоодвол 60000 торгоно

Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсвэл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээ буюу 60 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. Харин Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээ буюу 120 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480 мянгаар торгоно. Мөн Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 240 мянгаар торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу нэг сая 200 мянган төгрөгөөр торгохоор зохицуулалт хийжээ.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан