170 тэрбум төгрөгийн үнэлгээтэй өмчийг хэзээ хувьчлах вэ
2017 оны 1 сарын 4
-Төрд 21-22 орчим их наяд төгрөгийн өмч хөрөнгө бий гэсэн
урьдчилсан тооцоо бий-


Төрийн өмчийн эзэн нь ард түмэн. Улс, орон нутгийн засаг захиргааны байгууллагын мэдэлд байдаг төрийн өмчийг УИХ болон ИТХ менежмент хийж авч явдаг. Монгол Улс Урд нь 1990 онд төвлөрсөн төвөлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд төрийн өмчит 430 үйлдвэр, аж ахуйн нэгжийг цэнхэр, ягаан тасалбараар хувьчилсан. Тухайн үед иргэдийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг доогуур байсан тул онохоос алдсан нь их хувьчлал болсон гэдэг. Тэгвэл энэ онд төр хоёр дахь удаагаа өмч хувьчлал хийх ажил эхлүүлнэ. Учир нь төрийн өмчит 89 компанийн 30 нь ашигтай үлдсэн нь ашиггүй ажиллаж байгаа судалгаа гараад буй. Ашиггүй ажиллаж байгаа компаниуд илүү зардал гаргаж улсын төсөвт дарамт болдог. Ингээд төрийн өмчит компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэх, улсын төсөвт мөнгө төвлөрүүлэх ганц гарц нь хувьчлал хэмээн Засгийн газар үзсэн. Иймд өмч хувьчлалаар энэ онд дор хаяж 170 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо хийгээд байна. Гэвч хямралын үед өмч хувьчлах нь буруу, үнэгүйдэх аюул бий гэсэн шүүмжлэл ч гараад байгаа. Мөн ашиггүй ажиллаж байгаа компанийг  хувьчлах нь зөв. Төр бизнесийн бүхий л салбарт хутгалдан ордогоо болих хэрэгтэй. Эдийн засагаа эрүүлжүүлж хямрлаас гарах нэг алхам нь өмч хувьчлал гэсэн эсрэг тэсрэг байр суурь нийгэмд өрнөж байгаа юм.  Ингээд энэ онд хувьчлагдах компаниудын  талаарх товч мэдээллийг дор өгүүлье.


 “Монгол шуудан” компанийн 34 хувийг хувьчилна. Үүний доод үнэлгээ нь 20 тэрбум төгрөг. Монгол Улсын  21 аймаг, 335 сум, Улаанбаатар хотын 39 салбарт нийт 900 гаруй ажилтантай.  Шуудангийн 20 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг. Өнөөдрийн байдлаар тус компани нь улс, хот хооронд долоо хоногт 2-5, аймгийн төв сум хооронд 1-3 удаа, сумаас 1200 гаруй багт нэг удаа шуудангийн хүргэлт үйлчилгээ үзүүлж байна. Мөн дэлхийн 200 улс оронтой шуудангын солилцоо үзүүлдэг. Бас буухиа шууданг 36 оронтой солилцож, 40 мянган үйлчлүүлэгчдэд хэрэглэгчийн болон орцны шуудангийн хайрцгаар дамжуулан үйлчилгээ үзүүлж буй. Шуудангийн тухай хуулийн дагуу Монгол Улсад шуудангийн бүх нийтийн үүргийг дангаараа гүйцэтгэж байгаа компани юм.

“Монголын хөрөнгийн бирж” компанид бүтцийг өөрчлөлт хийж  34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгож хувьчилна. Тэгэхдээ хувьцааг нь Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар бэлтгэж байна. Энэ оны улсын төсөвт “Монголын хөрөнгийн бирж”-ийг хувьчлах доод үнийг 20 тэрбум төгрөг хэмээн тооцжээ. 

“Оргил рашаан сувилал”-ын эхний үнэ долоон тэрбум төгрөг.  Рашаан нь   гидрокарбонат, кальци, натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр эмчилгээ сувилалд хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох, даралт ихдэх, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. “Оргил рашаан сувилал” байнгын ажиллагаатай. Нэг ээлжинд 250 хүн хүлээн авдаг. Хотын төвд ойр, дөрвөн га газартай томоохон хэмжээний байшинтай юм.

 “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийн тодорхой хувийг 30 тэрбум төгрөгөөр тус тус хувьчлах юм. Тус компани нь Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Өмнөговь, Баянхонгор зэрэг 11 аймгийн 94 сум суурин газрын 3900 аж ахуйн нэгж, 51000 айл өрхөд цахилгаан эрчим хүч түгээдэг. Одоогоор 0.4-35кв-ын 6029  км шугам сүлжээ, 529 дэд станц болон хуваарилах байгууламжтай.  Компанийн эзэмшил үйлчилгээний заагийн хойд тал нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, урд тал нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо, зүүн тал нь Төв аймгийн Бүрэн, баруун тал нь Завхан аймгийн Их-Уул сум хүртлэх 370 ам км  газар нутагт цахилгаан эрчим хүчийг түгээдэг. Жилд дунджаар 960 сая кВт цаг цахилгаан эрчим хүч түгээж 70  гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг аж. Булган, Архангай, Өвөрхангай, Хархорины гэсэн орон нутгийн салбартай. Захиргаа удирдлагын, Техникийн, Борлуулалт маркетингийн, Санхүү эдийн засгийн гэсэн дөрвөн хэлтэст нийт 560 гаруй ажилтан бий.

Энэ өмч хувьчлалыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийх нь хамгийн үр дүнтэй арга болно хэмээн эдийн засагчид хэлж байгаа. Үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр өмч хувьчлалын талаар “Төр өөрийн өмчит компаниудын хэдэн хувийг хувьчилхаа  тодорхойлох ёстой. Жишээ нь эхний удаагын өмч хувьчлалаар цахилгаан станцын 51 хувийг хувьчилна гэвэл мэдээж алдаатай бодлого болох юм. Иймд эхний ээлжинд 17 хувийг нь хөрөнгийн зах зээлд гаргаж болно. Тэгээд тодорхой хэмжээнд хөрөнгө босгоод менежментээ сайжруулаад аваад явах хэрэгтэй. Менежмент нь сайжрах тусам компанийн үнэлгээ өсдөг. Дараагийн шатанд тав эсвэл 10 хувийг нь нэмж зараад илүү их мөнгө босгож хөгжүүлэх  боломж бий. Өмч хувьчилна гэдэг нь шат дараалалтай хийх үйл явдал. Түүнээс биш нэг өдөр, нэг амьсгаагаар хийж болохгүй. Иймд Төрийн өмчийг зохицуулах газар дангаараа өмч хувьчлал хийхгүй байх. Маш олон газрын мэргэжилтнүүд оролцож дүн шинжилгээ хийж байж төлөвлөгөө гаргаад, төр засаг тодорхой бодлогоор энэ өмч хувьчлалыг хийх ёстой гэж бодож байна. Түүнээс биш 10 мэргэжилтэн ширээний ард суугаад өмч хувьчлал хийхгүй. Хийх ч ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.

Төрийн өмчийн тооллогыг дөрвөн жил тутамд хийдэг. Өнгөрсөн онд хийсэн төрийн өмчийн тооллогын албан ёсны дүн хараахан гараагүй байна. Гэвч төрд 21-22 орчим их наяд төгрөгийн өмч хөрөнгө бий гэсэн урьдчилсан тооцоо бий. Үүнд төрийн өмчит компаниудаас гадна нийслэл, аймаг, дүүрэг, сумын сургууль, цэцэрлэгийн байшин барилгаас өгсүүлээд төсөвт байгууллагуудын өмч хөрөнгө тоологдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл 5600 төсөвт байгууллагын өмч хөрөнгийн хэмжээ юм.  Өмнө нь 2012 онд хийсэн тооллогоор төр 16 их наяд төгрөгийн өмчтэй гэсэн дүн гарч байв. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2017-2020 онд өмч хувьчлалын талаар баримтлах үндсэн чиглэлээ гаргасан байна. Эндээс харвал эхний ээлжинд есөн компанийг татан буулгах юм. Уг компаниуд огт үйл ажиллагаа явуулдаггүй, зориулалтын хөрөнгөггүй аж. Мөн  10 компанид бүтэцийн өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Харин ирэх онуудад төр үйл ажиллагаанд нь заавал оролцох албагүй 30 компанийн тодорхой хувийг хувьчилна. Үүнд аймаг бүрт байдаг Авто замын засвар ашиглалтын /АЗЗА/ компаниуд багтаж байна. Эдгээрээс гадна Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгдөг, үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой 40 компани төрийн мэдэлд бий. Тэдний удирдлага, менежментийг сайжруулж тодорхой хувийг нь хувьчлах ёстой гэж буй. Үүнд дулааны цахилгаан станц, “МИАТ” зэрэг компаниуд ордог. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Хямралын үед өмч хувьчлал хийх нь төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хямд үнээр өөрсдөө авсан гэдэг шүүмжлэл гарч болох юм. Иймд сайтар судалж байж олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах маягаар худалдах нь улсад ашигтай гэж үзэж байгаа. Төрийн өмчит компанийг ямар аргаар хувьчлахыг манай газар судалж байна. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. МИАТ, Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам зэрэг томоохон компанийг яарч хувьчлах нь үр ашиггүй” гэж мэдэгдсэн билээ.

Цаашид төрийн өмчит томоохон компаниудын гүйцэтгэх захирал, ТУЗ- ийн гишүүдийг зургаан сарын хугацаатай гэрээгээр ажиллуулж ажлыг нь дүгнээд тооцох хариуцлагыг  өндөрсгөнө гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдэгдээд байгаа. Учир нь төрийн өмчит компаниудын дийлэнх нь алдагдалтай ажиллаж байгаа нь менежмент муу, шахааны бизнес гэж өхөөрдсөн луйвар газар авсантай холбоотой нь өнөөдөр тодорхой болсон. Төрийн өмчит компаниуд эдүгээ 11.3 их наяд төгрөгийн алдагдалдтай ажиллаж буй дүн бий. Үүнээс гадна Монголбанк, НДЕГ, Татварын ерөнхий газрын хамтарсан шалтгалтаар төрийн өмчит компаниудын өр сүүлийн таван жилд 10.5 их наяд төгрөгт хүрчээ. Иймд өмч хувьчлал хийснээр тэдний алдагдал арилж, өр төлбөр нэмэхгүй болно хэмээн төрөөс үзэж байгаа. Ингээд энэ онд төрийн өмчит компаниудын улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гараад байна. Эцэст нь хэлэхэд төрийн өмчит компаниудыг хувьчилснаар төсөвөөс мөнгө нэхдэг бус өгдөг болно гэсэн итгэл байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.