Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа орон нутагт үргэлжилсээр


Хэнтий аймагт хийж, хэлэлцүүлгээ эхлүүлсэн Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Он солигдохын өмнөхөн хэд хэдэн аймагт очиж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулаж яваа таван нэр дэвшигч хамтаа сурталчилгаагаа хийж байгаа билээ. Энэ сарын 29-ний өдөр болох сонгуулийн санал хураалтаас өмнө нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүдтэйгээ уулзана. Сурталчилгааг хамтдаа хийж байгаа нэр дэвшигч Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар шинэ оны анхны уулзалтаа Өмнөговь аймагт хийхээр болжээ.

Сүхбаатар

Сүхбаатар аймгийн Буруун-Уртын Жааханшарга театрт ээлжит уулзалт болов. Тус аймгийн АН-ын дарга Ж.Батсуурь уулзалт хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “2016 оны улс төрийн сонгуульд АН ялсан хоёр аймгийн нэг нь Сүхбаатар. Бид ардчилсан үзэлтэй хүмүүс учраас намын даргад нэр дэвшиж буй таван лидерийнхээ илтгэл, санаа бодлыг нягтлан үзэж, мэргэн сонголтоо хийгээрэй” гэлээ.
Намын даргын сонгуулын хорооны дэг ёсоор хэлэлцүүлгийн салхийг нэр дэвшигч Д.Эрдэнэбат илтгэл мөрийн хөтөлбөрөө танилцуулан хагалсан юм.  Дараа нь Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нарын нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулан тайлагналаа.
Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд дэмжигчдээс гарсан санал хүсэлт, асуултыг тоймлосон юм. “Монгол Улсыг газар нутаг зээлийн хүүнд явчих гээд байгаад онцгой анхаарч улс эх орны хойчийн ирээдүйд санаа сэтгэлээ чилээгээрэй”, “Та бүхний хэн нь ч намын дарга боллоо  гэсэн удирдаж чадах улстөрчид байна. Нам доторхи бүлэглэлийг тараана гэсэн санал оруулж байгаа нь сайн хэрэг. Гэвч ялагдчихаад бүлгээ тарааж, ялахаараа фракцаа байгуулдаг байдлаа болих хэрэгтэй”, “Юуны өмнө манай нам орох оронтой, оочих аягатай болох хэрэгтэй байна. Намын байр барих тал дээр анхаарал хандуулаачээ”, “Намын даргаа нийт гишүүдийн сонголтоор батална гэдэг бол үнэхээр сонгодог санаа болжээ. Хөдөө орон нутгийн гишүүд дэмжигчид бидэнд итгэл өгч, гал бадрааж өгсөнд баярлалаа. Гэвч Сүхбаатар аймгийн АН орон нутгийн сонгуульд ялчихаад байхад засаглах эрх нь алга. Үүнийг одоо яаж шийдэх вэ” гэх зэргээр санал бодлоо хэлж, асуулт тавьж байсан юм. Гишүүд дэмжигчдээс ирсэн 20 орчим асуултад нэр дэвшигч тус бүр хариулт өгөв.

Дорнод


Дорнод аймагт болсон уулзалт хэлэлцүүлгийг тус аймгийн АН-ын дарга П.Батчимэг нээж хэлсэн үгэндээ “Монгол улс төрийн намуудаас анх удаа АН нийт гишүүд дундаасаа намын даргаа сонгох түүхэн цаг үеийн өмнө тулж ирээд байна. Энэ бол Монгол төрийн ирээдүйд ч, намын ирээдүйд ч туйлын чухал” хэмээн онцлоод аймгийн гишүүд дэмжигчдэдээ шинэчилсэн бүртгэлд идэвхтэй оролцохыг уриалж, сонголт мэргэн байхыг ерөөлөө.
Чойбалсан хотод өрнөсөн уулзалт хэлэлцүүлгийн салхийг хагалж С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.Түүний дараа нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр гэсэн дарааллаар мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн юм.Ж.Оюунбаатар даргатай Намын даргын сонгуулийн хорооноос дэг гарган уулзалтад илтгэл тавих дарааллыг сугалаагаар шийдвэрлэж байгаа билээ.
Уулзалт, хэлэлцүүлэг Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрт болж, 700 гаруй гишүүн дэмжигч оролцсон байна. Ардчиллыг дэмжигч гишүүд намын бодлого, шинэчлэлд эерэг хандлагатай байв. Намаа шинэ шатанд гарган хөгжүүлэх намын даргаа сонгох гэж буйд гишүүд дэмжигчид баяртай буйгаа илэрхийлж, санал сэтгэгдлээ солилцсон юм.
      
Дорноговь, Говьсүмбэр


АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй таван нэр дэвшигч Дорноговь аймгийн Сайншандад намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзсан. Саранхөхөө театрын танхимд дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уулзалт, хэлэлцүүлгийг сугалааны дагуу АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батзандан эхэлж илтгэлээ танилцуулав. Дараа нь нэр дэвшигч Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар тус бүр 20 минутад багтаан АН-ыг шинэчлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
Нэр дэвшигч Ж.Батзандан намынхаа толгойг нь жижигсгэж, хөлийг нь томруулах бодлого баримтлана гэлээ. Хөдөө орон нутаг дахь намын үүрүүдэд анхаарлаа хандуулж, дэмжих бодлого аж. Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх хугацаандаа хийсэн ажлуудаа тайлагнасан. Бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлснээ үргэлжлүүлэхээ илэрхийлж, намын гишүүдээсээ дэмжлэг хүсч байлаа. Нэр дэвшигч Л.Гантөмөр ХХI зуун бол техник технологи, шинжлэх ухааны зуун гэж тодотгоод хамгийн сайн бодлого боловсруулдаг Бодлогын нам болох шаардлагатайг хэлэв. Дарга нарын бус гишүүдийн нам болгож хамтдаа бодлогоо тодорхойлох ёстой гэсэн юм. Нэр дэвшигч С.Эрдэнэд намаа шинэчилж, хөгжүүлэх 11 шийдэл байгааг дурдсан. Ахмад, эмэгтэйчүүд залуусыг дэмжин улс төрд бэлтгэх бодлого баримтална гэж мөрийн хөтөлбөрөөр танилцууллаа. Нэр дэвшигч Д.Эрдэнэбат бусад нэр дэвшигчийн адил АН-ыг шинэчлэх шаардлагатай гэсэн байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлсэн. Тэрээр намын анхан шатны нэгжүүдийг хүчтэй болгохын тулд үүрийн дарга нарыг ч гэсэн бүх гишүүнээсээ сонгож, тэднийг төв намаас цалинжуулах нь эргээд хариуцлага нэхэх гол зарчим болно гэж мөрийн хөтөлбөртөө багтаасан байна.
Уулзалтын төгсгөлд Дорноговь аймгийн АН-ын дарга П.Ганхуяг нэр дэвшигчдэд амжилт хүссэн юм.
Дараагийн уулзалтаа нэр дэвшигчид Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгад хийв. Говьсүмбэрийн АН-ын дарга Л.Одсэр гишүүдийн хамт угтан авч, уулзалт хэлэлцүүлгээ явууллаа. АН-ын даргын сонгуулын хорооны дэгийг даргалагч С.Эрдэнэболд уулзалт хэлэлцүүлгийн дэгийг танилцуулж, уламжлал ёсоор нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулан үргэлжилсэн.

Багануур

АН-ын шинэчлэлийг намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буйД.Эрдэнэбат, Н.Алтанхуяг,  Ж.Батзандан, Лу.Гантөмөр, С.Эрдэнэ нар Багануур дүүргийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Дүүргийн “Өргөө” соёлын ордонд уулзалт хэлэлцүүлэг болж, нийт 300 гаруй гишүүн дэмжигч оролцсон. Тус уулзалтыг нээж дүүргийн АН-ын дарга О.Мөнхтулга үг хэлэв. Тэрээр “Намын шинэчлэлийн эхлэл болж байгаа намын даргын сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдэд баяр хүргэн, Улаанбаатар хотын гал голомт болсон энэ дүүргийнхэн манлайлан оролцож сонгуульд идэвхтэй оролцох ёстой. АН-ын шинэчлэл бол зөвхөн дотоод асуудал биш Монгол Улсын хөгжлийн асуудал” хэмээн онцолсон юм. Нэр дэвшигч тус бүр 20 минутад багтаан АН-ыг шинэчлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсон санаа бодлоо хуваалцлаа. Гишүүд дэмжигчдийн хувьд эвээ эрхэмлэн, намаа, Монголоо шинэчлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж, гишүүдээ сонсдог, дэмждэг байхыг хүссэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан