Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар гаргахаар боллоо


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг (ХАСМ) болон Хөрөнгө орло­гын мэдүүлэг (ХОМ)-ийг цаашид цахим хэлбэрээр авах талаарх асуудлыг хэлэлцэн, дэмжлээ.

АТГ-ын дэд дарга Ц.Ням­доржийн танилцуулс­наар улсын хэмжээнд холбогдох хуулийн үйлчлэлд хамрагдах 38 мянга орчим албан тушаалтан хуульд заасан үндэслэлийн дагуу ХАСМ болон ХОМ өгдөг байна. АТГ нь цахим систем буюу https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар бүртгэдэг ч давхар цаасан хэлбэрээр гаргуулан дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа юм байна.

Гэхдээ цаашдаа “Албан тушаалтнуудаас гаргаж буй ХАСМ, ХОМ-ийг цахим хэлбэрээр гаргуулан авснаар төрийн албан хаагчид интернэт бүхий орчинд хаанаас ч мэдүүлэг гаргах боломж бүрдэх юм байна. Ингэснээр улсын хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, мэдүүлгийн хяналт шалгалтыг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ХОМ-т олон талын судалгаа, дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтийг мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой” гэж АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж хэллээ.

2012 оноос ХАСМ болон ХОМ-ийг цаасан хэлбэрээр авахаас бүрэн татгалзах зорилт тавьж ирсэн, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хэрэгжих нөхцөл боломж хангалтгүй явж иржээ. Монгол Улсын хувьд цахим болон тоон гарын үсэг хэрэглэх эрх бүхий үндсийг тодорхойлж, тоон гарын үсгийн түлхүүрийн нийтийн дэд бүтцийг бий болгон, үйлчлэх хүрээний хувьд төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, дамжуулахтай хол­боотой харилцааг зохицуу­­лах зорилгоор 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан байдаг. Гэсэн ч 2016 онд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг аж ахуйн нэгжид олгожээ. Тиймд одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд мэдүүлэг гаргагч нь ХАСМ, ХОМ-ээ цахим бүртгэлийн программд оруулаад, баталгаажуулсны дараа хэвлэн, хуудас бүрт гарын үсэг зурж, тухайн бай­гуул­лагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгдөг байна. Үүний дараа ХАСМ, ХОМ-ийг хүлээн авсан тухай бүртгэлд бүртгүүлэх буюу цахимаар болон цаасаар давхар хэвлэн өгдөг хэлбэрээр явж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар ца­хим санд 2013-2016 оны хооронд гаргасан 161831 ХАСМ, ХОМ бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр мэдүүлгийг ердөө хэвлэхэд л нийтдээ 90.9 сая төгрөг зарцуулсан талаарх тооцоолол гаргасан байна. АТГ-аас ХАСМ болон хяналтын ажлыг цахимжуулахаар бэлт­гэл ханган, дуусах шатандаа явж байгаа гэлээ. АТГ жилд дунджаар 10 мянга орчим ир­гэний ХАСМ-ийг хянаж, хариу хүргүүлдэг бөгөөд 2015 онд 14.4 сая төгрөгийн зардал гаргажээ. Цаашид ХАСМ болон ХОМ-ийг цахим хэлбэрээр бүртгэн, цаасан хэлбэрээр авахаас татгалзах нь төсвийн хөрөнгө хэмнэх, мэдүүлэг гаргагч болон бүртгэгч, хянагчийн цагийг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулгынхаа төгсгөлд онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан