Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар виз олгох нөхцлийг хөнгөлөв


Засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар аялал жуулчлалтай холбоотой хоёр асуудал хэлэлцэн дэмжсэн байна. Нэгдүгээрт, зарим жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон бол хоёрдугаарт, Аялал жуулчалын хөгжлийн төв байгуулахаар болжээ.

Визийн хөнгөлөлт нь гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг буюу групп аялагчдад Монгол Улсад зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл юм байна. Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэхээр болсон юм. Цаашид Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын нислэгийн үнэ тарифыг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа оны тавдугаар сар хүртэл бууруулах, хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгожээ.
Харин аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын урсгал, экспортыг нэмэгдүүлэх замаар тогтвортой, ногоон хөгжлийг бүрдүүлэх  боломж бүрдэнэ гэж Засгийн газрын гишүүд үзжээ. Тиймээс “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа.

Үйлдвэрийн газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж, яамны ажилд дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, статистик мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж, судалгаа, дүн шинжилгээ хийх, зорилтот зах зээлээ тодорхойлох, олон улсад гадаад сурталчилгаа хийх, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллах юм.

Дэлхийн 97 улсын 60 нь буюу 62 хувь нь аялал жуулчлалын үндэсний байгууллагатай байна. Манай улсад аялал жуулчлалын хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн хангалтгүй байгаа нь тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц байхгүйтэй шууд холбоотой гэж салбарын яам үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан