Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баатарсүх: Багануур, Налайх дүүргийн эмнэлгийн ачаалал нэмэгдээд байна


Б.МЯГМАРЖАВ


Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Гэсэн ч холбогдох албаны зүгээс томуугийн  дэгдэлтийн үе дөнгөж эхэлж байгааг хэлж буй. Тэгвэл цаашдаа томуугийн өвчлөл нэмэгдэх үед хэрхэн ажиллах талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа.  

-Шинэ жилийн баярын өдрүүдэд эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн гэсэн. Байдал ямар байна вэ. Энэ жилийн томуу, томуу төст өвчний вирусийн онцлог нь харшлын гаралтай байна гэх. Та манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөөч?
-Жил бүр өвлийн улиралд томуугийн дэгдэлт эрчимждэг. Энэ жилийн хувьд вирусийн гаралтай ханиад дэгдэж, элдэв хүндрэл дагуулах нь их байна. Ганц хоёр хоноод л хатгалгаа өвчин болдог. Томуугийн дэгдэлтийн үе нэгээс гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээс А хүрээний томуугийн вирус идэвхжиж,  хурц үрэвсэл үүсгэж эхэлсэн. Олон вирусийн холимог дэгдэлт байна гэж хэлж болно. Шинэ оны баярын үеэр томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн тэр дундаа захын дүүргүүдэд өвчлөл өссөн. Тухайлбал, Багануур, Налайх дүүргийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн.
 
-Өвчлөл нэмэгдэхэд гол нөлөөлж байгаа зүйл нь агаарын бохирдол гэдгийг хүн бүр хэлдэг. Нийслэлийн эрүүл мэндийн газрын зүгээс томуугийн өвчлөлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Амьсгалын замын цочмог халдвар гарахад агаар, утаа, тоос шороо тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хамгийн наад зах нь харшил үүсгэж мөн амьсгалахад түвэгтэй болгодог. Нийслэлийн эрүүл мэндийн газрын зүгээс чадах чинээгээрээ ажиллаж байна. НЗДТГ-аас захын хорооллын цэцэрлэг, сургуулиудад 21 мянга гаруй амны хаалт, мөн агаар цэвэршүүлэгч олгоод байна. Төр иргэн хамтарч л агаарын бохирдолтой тэмцэх хэрэгтэй. Нийслэлийн зүгээс тодорхой хэмжээний ажлууд хийж байна. Харин иргэдийн хувьд агаарын бохирдол их байна гэж суухын оронд ядаж гэрийнхээ агаар солилцоог сайн хийж хэвших хэрэгтэй. 

-Ханиад хүрсэн хүүх­дүүдийн ихэнх нь хатгал­гаа болж байна. Эм­нэлгүүдийн ачаалал, орны зохи­цуулалтыг хэрхэн хийж байна. Нэг удаад 50 ор дэлгэх нь түр зуурын ажил шүү дээ?
-Томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх нийс­лэлийн Эрүүл мэндийн газрын төлөвлөгөө гэж байдаг. Уг төлөвлөгөөний дагуу эмнэлгүүд өөрсдийн болол­цоондоо тохируулан орны зохицуулалт хийж эхэлсэн. Тухайлбал, насанд хүрэгч­дийн орыг хүүхдийн оронд шилжүүлэх мөн нөөц өрөөнүүд болох чийрэгжүүлэлтийн болон амрах өрөөг хэвтэх тасаг болгож байгаа. Ингээд нийслэлд 600 гаруй ор нэмсэн гэсэн үг. Нөгөө талаас эмнэлэгт зайлшгүй хэвтэх шаардлагатай, хүнд өвчилсөн хүүхдүүдийг хэвтэн эмчилдэг.  Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ ханиад хүрэхээс нь урьтаж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагаас сургалт сурталчилгааны ажлыг түлхүү зохион байгуулж байна. Иргэдэд хүрэх мэдээ мэдээллийг сайжруулснаар өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Эцэг эхчүүд ханиад хүрсэн хойно нь хэрхэн эдгээх вэ хэмээн толгойгоо гашилгаж суухаар урьдчилан сэргийлэх л шаардлагатай. Нийслэлд 1689 хүүхдийн ор бий. Иймээс хүн ам ихтэй, ачаалал нэмэгдэж буй эмнэлгүүдэд орны зохицуулалтыг хийж байна. Үүнд, Баянзүрх, Сонгино­хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулторт 50 ор нэмж дэлгэж ажиллуулсан.
-Нэгдсэн эмнэлгүүдээс гадна өрхийн эрүүл мэндийн төвүүд ачааллаа дийлэхгүй, эмч ажилчид нь хүрэлцэхгүй зутруухан байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Одоогоор анхан шатны нэгжид эрүүл мэндийн 533 ажилтан ажиллуулж байна. Цаашдаа энэ тоог 700-д хүргэнэ. Эдгээр эрүүл мэндийн ажилтан өвчин нь хүндэрч болзошгүй бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудад гэрээр үзлэг хийж эхэлсэн. Ингэхдээ урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хамтад нь өгдөг болсон. Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаах ухааны их сургуультай хамтраад резидент эмч нарыг сургалтад хамруулж байна. Мөн шаардлагатай тохиолдолд Хан-Уул нэгдсэн эмнэлэг дээр төвлөрсөн байдлаар эмнэлгийн ор дэлгэнэ. Түүнчлэн  хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулах, Сонгино­хайр­­хан дүүргийн I амбула­торийн нэгдүгээр давхрыг чөлөөлж, хүүхдийн 70 ор байршуулсан.

-Эцэг эхчүүд хүүхэд нь  ханиад хүрэхээр эмнэлэг гэхээсээ урьтаж эмийн сан руу орж, дур мэдэн эм, тариа худалдан авч өгдөг. Үүнээс болоод хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлэх тохиолдол ч гардаг. Энэ тухайд?
-Эрүүл мэндийн байгууллагын зүгээс ханиад хүрэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүрсэн тохиолдолд яаж эмчлэх вэ  гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байна. Эцэг эхчүүдийн дунд ханиад хүрлээ л бол захын эмийн сан руу орж эмийн санчаас нь асууж, хүүхдэдээ авч өгдөг байдал хэвээр байна. Иймээс хяналт шалгалтын газрууд үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай.

-Гэрийн нөхцөлд хүүхдээ ханиад хүргэхгүйн тулд ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ сайн хийж агааржуулах шаардлагатай. Ингэж дотоод агаарын солилцоог хийх хэрэгтэй. Агааржуулахдаа нэг өрөөгөө нэвт салхилуулсны дараа цонхоо хааж, дулаан болсны хойно нь орох хэрэгтэй. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхэд заавал ариутгалын бодис байх албагүй. Өдөрт багадаа хоёр удаа тоос шороогоо арчиж шалаа угаана. Аль болох тоос бужигнуулахгүй. Мөн харшлын гаралтай ханиад их байгаа болохоор тасалгааны ургамлаа сайн арчлаарай. Эмийн эмчилгээг бол заавал эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Мөн болж өгвөл амны хаалтыг зүүж  хэвших учиртай. Зарим хүн нэг маскаа хэд хоногоор зүүдэг. Гэтэл маскийг хоёр цаг тутамд сольж байх хэрэгтэй байдаг гэдгийг сануулъя.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан