Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Тамир: Энэ онд иргэдийн хөрөнгийн зах зээлийг сонирхох давалгаа нэмэгдэнэ


Т.ЖАНЦАН


“Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамираас эдийн засгийн нөхцөл байдал болон хөрөнгийн зах зээлд гаргаж буй шинэ бүтээгдэхүүнийх нь талаар тодрууллаа.   

-Шинэ он гарлаа. Өнгөрсөн жил эдийн засаг хүндхэн байсан. Энэ онд ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдал аажим аажмаар сайжирч байна. Томоохон төслүүд хөдөлгөөнд орж эхэллээ. Гадаадаас хөрөнгө оруулалтууд орж ирэх болсон. Ингээд валютын урсгал нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгэхээр өнгөрсөн 2016 оныг бодвол эдийн засгийн нөхцөл байдалд сэргэлт гарна гэсэн хүлээлт бий.

-Тэгвэл манай улсын хөрөнгийн зах зээлд ямар ямар үйл явдал өрнөхөөр байна. Танай компанийн хувьд төлөвлөсөн ажил юу вэ?
-Энэ онд хөрөнгийн зах зээлд илүү дэвшил гарах болно гэдэгт итгэлтэй байна. Бидэнд төлөвлөсөн ажил их бий. Учир нь иргэд өнгөрсөн жилээс хөрөнгийн зах зээлд оролцох сонирхолтой болсон. Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгтэй болох мэдээлэл авч илүү идэвхжиж байна. Энэ жил уг давалгаа илүү эрчимжинэ гэж харж байгаа. Бид өнгөрсөн жил “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааг борлуулдаг байв. Одоо үүн дээр нэмж “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэдэг хаалттай хувьцаат компанийн хувьцааг борлуулах болсон. Өөрөөр хэлбэл, ард иргэдтэй хамтарч арилжааны банк үүсгэн байгуулах юм. Цаашдаа улс орны стратегийн ач холбогдолтой, эдийн засагт гол нөлөө үзүүлэхүйц хэмжээний төслүүд, үл хөдлөх хөрөнгө, бизнесүүдэд хөрөнгө оруулах боломж бүрдүүлэх компанийн хувьцааг борлуулж байна.
Энэ оноос “Хөрөнгө оруулагч” компанийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлнэ. Мөн “Ард санхүүгийн нэгдэл” бонд гаргах төлөвлөгөө бий. Бид өөрийн чадлын хэрээр хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлж байна. Үүнээс гадна 2016 оны сүүлчээр “Хүннү эйр” компанийн 600 мянган ам.долларын бондыг хаалттай байдлаар гаргаж өглөө. Манай дотоодын бусад аж ахуйн нэгж, төслүүд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах сураг чимээ байгаа. Иймд бусад компани, аж ахуйн нэгж, төслүүд хөрөнгийн зах зээлд идвэхтэй ажиллаж шинэ бүтээгдэхүүн гаргаасай гэж хүсч байна. 

-Монголчууд бидэнд их мөнгөтэй байж л хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцдог гэсэн ойлголт яваад байдаг. Хэдэн төгрөгтэй байж танайхаас хувьцаа худалдан авч болох вэ?
-Бидний борлуулж буй “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэгж хувьцаа 2300 төгрөгийн үнэтэй. Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 2550 төгрөгт хүрсэн. Энэ хувьцааг нэг, арав, хорь, зуу гээд хэдэн ч ширхэгийг авч болно. Гагцхүү хувьцаа худалдан авагч үнэт цаасны данс нээлгүүлсэн байх шаардлагатай. “Хөрөнгө оруулагч үндэстэн” компанийн хувьцаа өнгөрсөн оны нэгдүгээр сарын 9-нд нэгж хувьцаа нь 1000 төгрөгөөр гарч байсан. Ингээд арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар нэгж хувьцааны үнэлгээ 1550 төгрөгт хүрээд байна. Бидний нийтэд санал болгож буй үнэ нь 1250 төгрөг. Гэхдээ “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани банк үүсгэн байгуулах хэмжээнд аль болох хурдан хүрэх үүднээс доод босго тавьж өгсөн. Анх нэг сая төгрөгөөр хувьцаа авах босготой байсан. Иргэдэд илүү хүртээлтэй болгох үүднээс доод босгыг нь 300 мянган төгрөг болгосон. Тэгэхээр 1250 төгрөгөөр 240 ширхэг хувьцаа авах боломжтой гэсэн үг.

-Та дээр иргэд хөрөнгийн зах зээлийг илүү сонирхох болсон гэлээ. Харин энэ талын мэдлэг, мэдээлэл хаанаас авч болох вэ?
-Тийм. Хувьцааны талаарх ойлголт, мэдээлэл урд урдынхаас илүү сонирхох болсон.  Иймээс бид “Ард академи” байгуулж 14 хоногт нэг удаа бямба гараг болгонд сургалт явуулж байна. Энэ сургалтаар хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг, хувийн санхүүгийн боловсролын талаар мэдлэг олгодог.
Үүнээс гадна “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэсэн фейсбүүк худасанд мэдээллээ тавьж байгаа. Мөн хувийн санхүүгийн зөвлөгөө, хөрөнгийн зах зээлийн мэдлэг авахыг хүсвэл “Ард санхүүгийн нэгдэл” компани дээр ирж уулзаж болно. Иргэдийн санхүүгийн асуудлаа шийдэх бүхий л боломж бололцоог бид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан