Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын дарга Япон Улсын Элчин сайдтай уулзлаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа. Хотын даргын зүгээс ноён Масато Такаокаг Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бүхий л талаар тусалж дэмжихээ илэрхийллээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаока “Миний бие өнгөрсөн оны төгсгөлд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирлээ. Ажлаа эхлээд удалгүй Улаанбаатар хотын даргатай уулзаж байгаадаа баяртай байна. Япон, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа олон жилийн туршид нягт нямбай, халуун дотно байж ирсэн. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Бидний зүгээс стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд хүргэх хүсэлтэй байгаа.” гэлээ.

Хотын дарга С.Батболд “10 жилийн өмнө Япон улстай шинэ онгоцны буудал барих талаар ярилцаж байсан. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал баригдаж, удахгүй ашиглалтад орох гэж байна. Энэ бол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том илрэл. Ирэх жилүүдэд бид харилцаагаа илүү шинэ шатанд гаргах бодолтой байгаа.” гэсэн юм.

Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот Токио хоттой харилцаагаа өргөжүүлж, Ах дүү хотуудын харилцаатай болох саналыг Элчин сайдад албан ёсоор тавилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан