Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхболдод Ерөнхий сайдынхаа өмнүүр орж гуйлга гуйхаас өөр ажил алга аа


УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны анхны айлчлалаа Японоос эхлэх нь. Хоёрдугаар сард Японд айлчлал хийхээр товлосон гэнэ. Сураг сонсох нь ээ зээл тусламж хүсэх гэж байгаа аж. Олон улсын валютын сангийн “Стэнд Бай” хөтөлбөрт Монгол Улсыг хамрагдах юм бол хоёр тэрбум ам.долларын зээл япончууд өгөх тухай мэдээлэл бий. Өнгөрсөн намар манай улсад ирж ажилласан ОУВС-гийнхан энэ сарын дундуур дахин ирж судалгаа хийхээр болжээ. Тэгэхээр тэдний ямар шаардлага тавихаас Япон улсад айлчлахдаа ямар хэмжээний зээл тусламж хүсэх нь шалтгаалж магадгүй нь.

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болоод анхны айлчлалаа тус улсаас эхлүүлсэн. Тэр үеэр Монгол Японы стратеги түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх зорилготой дунд хугацааны шинэ хөтөлбөр байгуулахаар болсон. Үүнээс өмнөх хугацааны буюу 2013-2017 оны Монгол Японы стратеги түншлэлийг сайн хийсний үр дүнд хоёр орны харилцаа, худалдаа эдийн засгийн хувьд нэлээд дэвшил гарсан. Төрийн өндөр дээд түвшний айлчлалуудын давтамжууд ч ойртоод буй. Өнгөрсөн намрын Ж.Эрдэнэбат сайдын айлчлалаар Тавантолгойн тендерт оролцогч “Сумитомо” групп Монголын сайн чанарын нүүрсийг худалдан борлуулах санамж бичиг байгуулсан, стратеги түншлэлээ үргэлжүүлнэ гэхээс өөр нааштай мэдээлэл алга.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоосны 45 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймдээ ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд багагүй амжилт, ахиц гараад байгаа юм. Тухайлбал, 2014 оны долдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад ажлын айлчлал хийж, Чөлөөт худалдааны хэлэлцээр хийхээр болсон. Түүний дараахан буюу 2015 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын айлчлалаарааЭдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр байгуулж, бизнесийн салбарт нэгэн чухал шийдвэр болж, тодорхой тооны бараа, бүтээгдэхүүнийг харилцан татваргүй нийлүүлж байгаа. Энэ нь Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүн болоод хийсэн анхны гадаад айлчлал байсан юм. Нэг зүйлийг сануулахад Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалтад шаардлагатай байсан 36,8 тэрбум иенийн нэмэлт зээлийг энэ айлчлалаар шийдсэн байдаг. Одоо Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж, Японы Наритагийн нисэх буудлаас менежментийг нь хариуцаж ажиллах санал ч тавьсан гэж байгаа. 2016 оны зургадугаар сард УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад ажлын айлчлал хийхдээ манай улс ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур чадварыг дээшлүүлэх мэргэжлийн сургалтад дадлагажигчид хамруулах талаар санамж бичиг байгуулсан. Мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээ Японд бэлтгээд авах нь алсдаа бидэнд хамгийн үр өгөөжтэй. Түүнээс гадна нүүрс хийжүүлэх технологи болон хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиолцон санамж бичиг байгуулсан юм.

2015 онд Монгол Улсад айлчлахдаа Ерөнхий сайд Шинзо Абэ зүүн чиглэлийн төмөр замын төсөлд оролцох сонирхолоо илэрхийлж, энэ тал дээр хамтарч ажиллахаа илэрхийлж, хэд хэдэн санамж бичиг байгуулаад явсан.Төрийн өндөр дээд түвшний айлчлал бүрээр уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөндөж ирсэн. Ер нь манай улсын уул уурхайн салбарыг япончууд маш их сонирхож байгаагаа айлчлал, уулзалт болгоноороо илэрхийлдэг.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд болоод 2006 онд анхны айлчлал хийсэн орон нь мөн л Япон байжээ. Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг гээд гурван Ерөнхий сайд энэ улс руу анх хөлгийн жолоо залсан нь бас учиртай болов уу. Хоёр хөршөөс илүүтэй эртнээс манай улсад тусламж, дэмжлэг үзүүлж байсан болоод ч тэр үү хамгийн боломжит хувилбар одоогийн байдлаар Япон болоод байх шиг. Ерөнхий сайдаас илүүтэй спикер, намын дарга бадар барьж, айлчлалд мордсоор байгаа нь энэ онд ч үргэлжилж буй.

Манай улсад суухаар ирсэн Элчин сайд ноён Масато Такаокатой өнгөрсөн лхагва гарагт уулзахдаа айлчлалынхаа талаар ярилцжээ. “Айлчлах нэг хэрэг. Үр дүн хамгийн чухал. Энэ үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирвол сайн байна. Энэ баримт бичиг манай хоёр орны хамтын ажиллагааны ойрын ирээдүйг тодорхойлох болно” гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлээд айлчлалыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён Элчин сайдаас хүссэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэгийн асуудалд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ гэж албан мэдээнд дурджээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлалаараа эдийн засгийн хувьд дэмжлэг хүссэн тухай мэдээлэл бий. Тэгвэл Элчин сайд “Санхүүгийн дэмжлэгийн хувьд ОУВС-тай хийх яриа хэлэлцээ маш чухал. Айлчлалыг амжилттай зохион байгуулахын тулд хичээх болно” гэж УИХ-ын даргад хариулт өгсөн юм.Энэ нь манай эдийн засаг бага ч болов гэгээ татуулаад байгаа нь нууц биш.

Мэргэжлийн Засгийн газрын гол найдлага тавьж байсан Хятадын дөрвөн тэрбум ам.долларын зээлд асуудал үүсч, гацаанд ороод буй. Урш хөрштэйгээ харилцаагаа ээдрээтүүлсэн эвгүй асуудал одоо ч үргэлжилсээр.Харин хойд хөрш Оросоос санхүүгийн дэмжлэг хүссэн боловчхамжилт олоогүй. 100 тэрбум рубль буюу 1,6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах хүсэлтээ илрэхийлсэнийг хүлээн аваагүй гэдэг мэдээ гарсан.Хамгийн харамсалтай нь манай улс ийм төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийнэ гэсэн тооцоо судалгаатай зүйл үзүүлээгүй тул эрсдэлээ тооцож үзээд татгалзсан гэнэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ илүү бадар барьж, мөнгө хайж яваа спикер Арабын нэгдсэн Эмират, Саудын Арабт өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж, мөн л зээл тусламж гуйгаад ирсэн. Хүний гарт баригдаж, нүдэнд харагдах төсөл хөтөлбөр танилцуулаад явах баг байсангүйюу, УИХ-ын баахан гишүүн дагуулж явсан нь нөлөөлсөн үү УИХ-ын даргын айлчлал ажил гэхээсээ аялал шиг ойлгогдох болов. Олон нийтийн сүлжээнд хүртэл албан ёсны айлчлалын хувцаслалтын соёлын талаар УИХ-ын гишүүдээс эхлээд УИХ-ын даргын гадаад бодлогын зөвлөхөд зөвлөгөө өгөх хэмжээнд хүртлээ шүүмжлэлд өртсөн. Бөө зайран болж, гал асааж дүвчигнөж байж бонд босгож ирлээ гэж шүүмжлүүлж байсантай үүнийг харьцуулах ч шаардлагагүй биз. Ерөнхий сайд, Сангийн сайд нь мөнгө гуйж явдаг болохоос УИХ-ын дарга нь завсар зайгүй хилийн дээс алхаж, аль наашаа харсан болгон руу инээд алдан гүйдэг байсан нь үгүй.

Юутай ч аль ч талын харилцаагаа бодсон хамгийн боломжит хувилбар болох аралын Япон улсад найдлага тээн очих гэж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод амжилт хүсэх л үлдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан