Өрхийн орлого 10.9 хувиар буурч, Засгийн газрын зарлага өсчээ
2017 оны 1 сарын 6
Иргэдийн  дундаж  цалин өнгөрсөн онд  5.7 хувиар нэмэгдэж 884 мянган төгрөгт хүрсэн статистик судалгаа бий. Цалингийн хэмжээг  эдийн засгийн зарим салбараар задлаад харвал жижиг дунд үйлдвэрлэлд ажиллагчдын цалин 7.3 хувиар буурчээ. Мөн үйлчилгээний салбарт ажиллагчидын 6.6 хувиар багассан дүн гарав.  Харин  боловсруулах үйлдвэрт ажиллагчдынх 16.3, тээвэрчидынх 11, барилагчдынх 9.9 хувиар тус тус өссөн аж. Энэ нь нийт цалин өсөхөд хүргэсэн. Хэдийгээр нийт дүнгээрээ цалин нэмэгдсэн харагдаж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар муудаж эрэлт буурсан билээ.

Статистикаас харвал эдүгээ өрхийн хэрэглээ 13.2 хувиар буурлаа. Энэ нь ДНБ-ий өсөлтийг 7.2 хувиар доош нь татахад нөлөөлөв. Өрхийн орлого, санхүү муудсан явдал нь хэрэглээгээ хумихад хүргэсэн нь тодорхой. Жишээ нь өрхийн орлого сүүлийн долоон улирал дараалан  10.9 хувиар буурсан байна. Ялангуяа мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг өрхийн орлого хамгийн их буурсан дүн бий.

Мэдээж орлогоо дагаад өрхийн сарын дундаж зарлага буурна. Ингээд хүнснээс бусад төрлийн зардал буурчээ. Эдийн засгийн засгийн хямрал үргэлжилж буй тул ирэх гурван улиралд өрхийн орлого, зарлага нэмэгэдхгүй гэсэн тооцоог эдийн засагчид хийгээд байна. Ийнхүү өрхийн хэрэглээ буурч байхад Засгийн газрынх өсөв. Үүнийг 2015 оныхтой харьцуулбал өнгөрсөн онд 26 хувиар нэмэгдсэн дүн гарсан. Энэ нь ДНБ-ий өсөлтөд 2.6 хувийн нөлөө үзүүлсэн аж. Засгийн газрын зардал ийнхүү өсөхөд сонгуультай холбоотой төсөвт тусгаагүй зардал гарсан явдал нөлөөлжээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.