Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ ирэх дөрвөн жилд 260 хууль машиндана

Оны сүүлээр ирцээ ч бүрдүүлж чадахгүйд хүрээд байсан эрх баригч МАН-ын гишүүд оройхон гарч, ширүүхэн дайрахын үлгэрээр өдөрт 10 гаруй, оны сүүлийн ажлын өдрүүдэд нийт 34 хуулийн төсөл өргөн барьжээ. Ингээд тухайн сардаа нийтдээ 60 орчим хуулийн төслийг хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад уламжилсан байх юм. Хэдийгээр хууль санаачлагч субъектууд хэзээ хууль санаачилж, өргөн барих нь бүрэн эрхийнх нь асуудал ч шинэ оноос өмнө хуулийн төслөө өргөн барихаар яарцгааж байсан нь Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжих эхлэхтэй шууд холбоотой байв. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр УИХ-ын гишүүд зөв, буруу, баруун, солгойгүй хуулийн төсөл өргөн барихаа больж, хууль санаачлах норм, стандарт, дэс дараалал, цар хүрээ, үнэхээр хэлэлцэх шаардлагатай юу гэх зэрэг олон шалгуур үзүүлэлт давж байх, аливаа хуулийн төслөө хэлэлцүүлж эхлэх “дэг”-тэй болж байгаа юм.

Үүний хажуугаар өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд жилд хэлэлцэх хууль, тогтоомжийн төслийн тоог нарийн заачихсан. Жишээ нь, 2020 он хүртэл 260 хуулийн төсөл хэлэлцэнэ гэж байгаа юм. Үүнээс:

•    2016 онд хууль 31, УИХ-ын тогтоолын төсөл 4
•    2017 онд 131 хууль, УИХ-ын тогтоолын төсөл 11   
•    2018 онд 71 хуулийн төсөл, 1 тогтоолын төсөл
•    2019 онд 24
•    2020 онд гурван хуулийн төсөл хэлэлцэхээр тусгасан байна.

Харин Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөлд Засгийн газар өөрөө 239 хуулийг нь өргөн барьж санаачлахаар оруулжээ. УИХ-ын гишүүд 17, Ерөнхийлөгч дөрөв байгаа нь хууль санаачлагчдыг ялгавартай байдалд оруулж байна гэх шүүмжлэл дагуулж байгаа ч гишүүдийн олонх ийн “цензурдэх” нь зөв гэснээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Энэ “лимит”-ийн талаар УИХ-ын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос лавлаж байсан бөгөөд тэрээр,
“...Хууль тогтоомжийн тухай хуулиар Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газраас хуулийн төсөл боловсруулахдаа тодорхой шаардлагуудыг хангах үүрэг хүлээж байгаа. Тиймээс энэ зохицуулалтад нийцүүлэн дээрх үндсэн чиглэлийн төсөлд холбогдох 43 байгууллагаас санал авсан юм. Ингэхэд 430 хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэсэн санал ирүүлсэн. Эдгээрийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт нийцүүлэн зохицуулалт хийснээр 200 гаруй хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж үзэж үндсэн чиглэлийн төсөлд тусгасан” гэв.
Харин 260 хуулийн төсөл боловсруулна гэсэн нь одоо мөрдөгдөж байгаа бүх хуулийн 40 орчим хувь нь юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Нийгэм, амьдралын өөрчлөлтөд нийцүүлэн хууль, эрх зүйн баримт бичгүүдийг өөрчлөх нь зүй ёсны үзэгдэл. Гэхдээ жилд 200 гаруй хуулийг өөрчилнө, шинэчлэн найруулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна. Энэ нь манай улсад мөрдөгддөг хуулийн 40 орчим хувь, тиймээс хэчнээн хуулийг шинэчилэн найруулах, хэчнээн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг тодорхойлохгүй бол энэ нь гадаад орчинд “эрсдэл” болж харагдаад байгаа” гэсэн юм.
Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Үндсэн чиглэлийн төсөлд 230 хуулийн төслийг боловсруулна гэж тусгасан нь хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөн 260 орчим болсон. Үүнээс анхдагч хуулийн төсөл 65, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 99, шинэчилсэн найруулга хийх 85 хуулийн төсөл, олон улсын гэрээнд нэгдэн орох талаарх 10 хуулийн төсөл болон хууль хүчингүй болгох нэг хуулийн төслийг боловсруулахаар тусгасан” гэсэн юм.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

2016, 2017 гэхгүйгээр 2016-2020 он гэж оруулах нь зөв байсан. Энэ үндсэн чиглэлд зааснаар бол 2018 онд хэдэн хуультай, 2019, 2020 онд ажилгүй юм шиг л харагдаад байна. Яг тухайн жилд гэж тавьснаар хууль санаачлах эрхэнд жаахан нөлөөлсөн зүйл болчихоод байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өмнө нь хамгийн олон хуулдь санаачилдаг гишүүн байсан нь үнэн. Гэхдээ бүгдийг санаачлаад дуусчихсан гэж бодоод байгаа юм биш биз дээ. Яагаад гэвэл 2019, 2020 онд бид нар ажил хиймээр байна.

Мөн Засгийн газар энэ жагсаалтад тусгасан байдлыг харгалзахгүйгээр хууль санаачилж болно гэсэн заалт байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад нь харгалзах болчихоод байна. Энэ нь хууль санаачлагч субьектуудын эрхэнд халдсан л хэрэг болж байгаа юм л даа. Тиймээс хууль санаачлах эрхээ хязгаарлуулмааргүй, цаг хугацаагаар боймлуулмааргүй байна. Ингэж хугацаа тавьж, жагсаалт харгалзана гэхээр Үндсэн хуулийн зөрчил үүснэ. Цэцэд өгчихвөл хэрэгжихэд хэцүү л болно л доо. Яг энэ төслийг харвал, 2019, 2020 онд ямар ч ажил алга. Сүүлийн хоёр жил юу хийх нь ойлгомжгүй болох нь. Хууль санаачлагч гурван субьектын нэг нь давуу эрхтэй байж болохгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд

Дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Жишээ нь, одоо 2017 он гарчихсан. Гэтэл 2016 онд батална гэсэн хуулийн жагсаалт, батлагдаад хүчин төгөлдөр болчихсон хуулиуд жагсаалтад ороод ирсэн байна. Мөн  УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Гадаад харилцааны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Гэтэл Засгийн газар энэ хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина гэсэн байна. Энэ мэт засч, залруулах зөрчлүүд байна.
Түүнчлэн төлөвлөгөөний хавсралтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү бид хоёрын нэр дээр бичсэн байна. Гэтэл Н.Энхболд нарын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн бариад хэлэлцэж байгаа биз дээ. Гэтэл ирэх жил О.Баасанхүү гишүүн бид хоёр мэдэх болчихоод байна. Ер нь, аливаа сонгуулийн хуулийг эрх ашгийн зөрчилгүй батлах ёстой. Өмнөх парламентын гишүүд УИХ-ын сонгуулийн хуулийг өргөн барьсан. Энэ бол алдаа байсан. Өөрөөр хэлбэл, эрх ашгийн зөрчил гарч, дутагдал, эргэлзээ бий болсон. Хэрвээ энэ хуулиар АН ялсан бол МАН гудамжинд жагсаад, нилээн юм болох басан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Засгийн газраас өргөн бариад дараагийн дөрвөн жилд зориулаад боловсруулж байх ёстой байсан. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь өөрөө хуулиа боловсруулаад, өөрөө өргөн бариад, УИХ-ын дарга нь хүлээж аваад л явж байна. Гэтэл хүн бүр л Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших гэж буйг мэдэж байна. Тэгсэн хэрнээ өөрөө, өөрийнхөө сонгуулийн хуулийг яаравчилж байна. Нэгэнт баталсан хуулиараа сонгуулиа хийх хэрэгтэй байна.    

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Бид 2020 он хүртлэх төлөвлөгөө ярьж байна. Гэтэл нэгэнт батлагдчихсан юм чинь одоо хэлэлцэхгүй гээд байна. Ингэж болохгүй. Баталсан байж болох ч хоёр жилийн дараа гэхэд амьдрал дээр хэрэгжих боломжгүй болчихвол яах вэ, гэдгийг бодох ёстой. Тиймээс заавал жагсаалтад байгаа хуулийн төслүүд дээр ажиллана гэж хязгаарламааргүй байна. Жил бүрээр биш 2016-2020 он гэж ерөнхий тавихгүй бол болохгүй.

Жишээ нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2017 онд хий гэж шахаад байна. Би 2018 онд хиймээр байна. 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль юм чинь 2020 онд ч хийсэн ч болно биз дээ, жилийн өмнө. Тэрнээс биш зургаан сарын өмнө хууль санаачлахгүй гэж байхад Сонгуулийн тухай хуульд гар хүрье гэсэн зүйл байхгүй. Харин ч сонгуулийн хуульд нэг жилийн өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэж заамаар байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Засгийн газраас хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл гэж батлахаар оновчгүй байгаа. Тиймээс Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл гэдэг агуулгаар нь батлахыг дэмжиж байгаа. Энэ дотроо Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч ямар хууль санаачлахыг нь нээлттэй байлгах хэрэгтэй.
 
Тэгэхгүй бол үндсэн чиглэлд багтсан хулиудыг зөвхөн Засгийн газар өргөн барина гэхээр зөрчилтэй болоод байгаа. Тиймээс хууль санаачлагч субьект хэн ч бай, өргөн барих нь нээлттэй үлдээх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан