Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын даргад “далдуур” өрсөлдөгч


Б.МИШЭЭЛ


Гар гараасаа “атгасан” таван эрхэм эх орноо тойрч явна. АН-ын даргын сунгаа хэмээх нам доторх эл өрсөлдөөн ердөө 2015 оны сүүлээс эхэлсэн гэвэл эндүүрэл. Товчхондоо  Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч болсон 2009 онд өнөөдрийн энэхүү өрсөлдөөний эхлэл тавигдсан гэх нэгэн ч бий. УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдсан шалтгааныг Ерөнхийлөгчийн намын лидерүүдтэйгээ хагаралдсан, намын нэр хүндэд халгаатай үйлдэлтэй холбон тайлбарласан нь ч цөөнгүй. Ямартаа ч энэ ялагдлын дараа нэг хэсэгтээ сэхээ авч чадалгүй эргэлзээнд орсон АН эдүгээ намаа аврах ажиллагааг эхлүүлсэн нь энэхүү намын даргын төлөөх сунгаа юм. Бүх гишүүдийнхээ итгэлийг хүлээсэн нь дарга болно гэх шударга ардчилсан сонголтыг АН эхлүүлэн ийн өрсөлдөгчид гар гараасаа “атган” бүх гишүүддээ хүрэхийн төлөө эх орноо тойрч яваа юм.
Хамгийн сонирхол татаж буй асуудал бол АН-ын даргын тамгыг барихын төлөө таван хүн өрсөлдөх болсноо зарласан явдал. Намын даргын ажлыг хийхгүй хэмээн мэдэгдэж байсан эрхмүүд ч сүүлийн мөчид сунгааны замд жолоо таталгүй орлоо. Үүний цаана АН дахь айдас хийгээд талцал нуугдсаар буй хэмээн харж болно. Сайн талаас нь харвал ардчилсан, шударга өрсөлдөөн зүй ёсоор өрнөх боломж одоо ч АН-д байгааг илтгэж буй нь энэ намын онцлог гэлтэй.
Хэдийгээр таван өрсөлдөгчийн нэр сонсогдож буй боловч гол өрсөлдөөн АН-ын нэр нүүр гэгддэг анхдагч лидерүүд болсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын дунд өрнөж буйг хялбархан таамаглах боломжтой.
Нөгөө талаар АН-д үе хоорондын өрсөлдөөн аль хэдийнэ эхэлснийг нэр дэвшигчдийн нам доторх нэр хүнд, насны байдал харуулж байна. Залуу үеийнхний төлөөлөл хэмээн Ж.Батзандан, Лу.Гантөмөр нарыг олон нийт харж буй юм. Энэ тохиолдолд Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар дунд үеийнхний төлөөлөл болж байна. Ингэхэд АН-ын сунгаанд өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ гэсэн асуулт гарч ирлээ.

Ж.Батзандангийн хувьд гудамжны жагсаалаас улс төрийн карьераа эхлүүлсэн, Унгарт боловсрол эзэмшсэн, УИХ-д хоёр удаа сонгогдсон нэгэн. Түүнийг хэн нэгнээс хараат бус, бие даасан улстөрч хэмээн харахгүй байх нэг шалтгаан бий. Ж.Батзандан төрийн ордныг тойрсон олон жагсаал цуглааныг зохион байгуулсан бөгөөд түүний заримынх нь санхүүжүүлэгчээр тухайн үед хэвлэл мэдээллийнхэн Ц.Элбэгдоржийг нэрлэж байв.

Лу.Гантөмөрийн хувьд Японд боловсрол эзэмшсэн, УИХ-д гурван ч удаа сонгогдсон, АН-ын Засгийн газрын үед БСШУ-ны сайдаар ажиллаж байсан намтартай. Түүнд намын ажлын туршлага байхгүй хэмээн шүүмжилж буй хүн цөөнгүй. Энэ нь ч үнэн. Намын анхан шатны байгууллагын талаар ойлголт муутай байдаг нь УИХ-аар дагнасан гишүүдийн гол дутагдал байдаг. Лу.Гантөмөр өнөөхөндөө бие даасан өрсөлдөгч мэтээр харагдаж буй нь сайн мэдээ. Гэвч түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан М.Батчимэг нар дэмжиж буй нь мөнөөх л Ерөнхийлөгчийн талын хүн гэх хардлагыг төрүүлж буй.

Харин С.Эрдэнэ бол хашир бурхи. Хувь хүнийхээ хувьд болон улстөрч талаасаа яах аргагүй олон жилийн турш АН-д зүтгэсэн нэгэн. Яагаад ч юм түүнээс нам нэгтнүүд нь хүртэл эмээдэг. С.Эрдэнэ өөрийгөө намын даргад өрсөлдөх боломжтой хэмээн үзсэн ч нам дотроо дэмжлэг авч чадах эсэхэд нь олон хүн эргэлзэж байгаа ч гэх.

  АН-ын генсекээр ажиллаж байсан, даргын үүрэг гүйцэтгэгчээр намаа удирдан орон нутгийн сонгуульд орсон Д.Эрдэнэбатын хувьд туршлагатай улстөрч. Шулуухан зантай энэ эрхэм Н.Алтанхуягийг АН-ын дарга байх үед гар нийлэн ажиллаж, намаа ялалт, эв нэгдэлд хөтлөлцсөн. Сүүлийн мөчид намын даргад өрсөлдөхөөр шийдсэн түүний гэнэтийн шийдвэр магадгүй “Бацаанууд АН-ыг удирдах болоогүй” хэмээсэн шазруун үзэл бодолтой нь холбоотой биз.
Харин хамгийн “жинтэй” бөгөөд бодитой өрсөлдөгч бол яах аргагүй Н.Алтанхуяг. Удаа дараагийн ялагдлын дараа хагарч бутран, нам гэдэг утгаа бараг л алдаад байсан АН-ыг эв нэгдэлд дуудаж, холбон тоглогч хэмээх хоч хүртэл зүүгээд амжсан Н.Алтанхуягийн үед АН удаан хүлээсэн ялалтаасаа атгасан. Мөн хамгийн нэр хүндтэй, үр бүтээлтэй, өөрчлөлт хийж чадсан Шинэчлэлийн Засгийн газрыг Н.Алтанхуяг удирдан чиглүүлж байсан нь маргахын аргагүй үнэн юм. Чухам түүний үед АН улс төрийн хүчин гэдэг утгаараа төлөвшлийн зам дээр гарч чадсан байдаг. Гэвч энэ нь зарим хүнд таалагдсангүй. Магадгүй тиймээс ч энэ удаагийн намын даргын сунгаанд түүний эсрэг нэг бус хүн тавихад хүргэсэн байх магадлалтай. Олон ч удаа шалгагдаж, гэр бүл, найз нөхдөөрөө хэлмэгдэн хохирсон Н.Алтанхуяг шударга ёсыг авчрахын төлөө энэ өрсөлдөөнд хөл тавьж буйгаа зоригтой зарласан. Тэгэхээр түүний хувьд эл сунгаа илүү том зорилго, илүү өргөн хүрээг хамарч буй нь эдүгээ ил тод болсон.Тэгээд ч Н.Алтанхуяг нам нэгтнүүддээ төдийгүй ард түмэндээ өөрийгөө хангалттай таниулсан нэгэн.
Эцэст нь хэлэхэд АН-ын даргаар хэн сонгогдохоос энэ намын төдийгүй улс орны цаашдын хувь заяа шалтгаална. Тийм ч болохоор гишүүд дэмжигчид нь таван өрсөлдөгчөөс Н.Алтанхуягт илүүтэй итгэж буй бололтой.

0 Сэтгэгдэл
Алтанхуягийг хэлмэгдсэн гэж үзэж болохгүй. Зөвлөх нь шоронд орсон шүү дээ. Тэгэхээр нүүрс хөтөлбөрөөр луйвар хийсэн нь батлагдаж хүн шоронд орсон байхад хэлмэгдсэн гэж болохгүй. Алтанхуяг харин ч шоронд суух ёстой. Түүнд эхнэр Сэлэнгэ, хүргэн Дэнзэн, охин Саранзаяа гээд л бусад луйварчид олон бий дээ.
Хамгийн их уншсан