Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэнгэлдэх тойрсон цэнгэлдээн



Дэлгэр зуны ид үед жилдээ нэг л болдог улсын наадам тохиож монгол түмэн бултаараа тэнэгэр сайхан наадлаа. Наадмын өдрүүдэд “хотын төв” урагш нүүж төв цэнгэлдэх хүрээлэн орчимд түмэн түжигнэв. Эрээн цэнхэр асрууд мөөг адил хүрээлэн “ургаж” хүн бүрийн танил үнэр ханхийнэ. Жил жилийн наадмыг эрийн гурван наадаан, тэгээд хуушуур тодорхойлдог хойно доо. Соёолонгийн тоосонд дарагдаж хийморио сэргээж, хүндэлж дэмждэг бөхөө барилдахыг үзэнгээ амттай хуушуур идэх нь наадмын утга учир гэлтэй.Үхрийн махтай, хонины махтай, халиартай, цагаан хоолтонд зориулсан гээд л сонголт ч арвин юм. Хэрэглэгч хаан болой.

Цэнгэлдэх хүрээлэнгийн дотор бөхчүүд уран шаламгай үзэгч олноо шуугиулан барилдаж байхад гадна нь хүмүүс хуушуур идэж, айраг ууж, мөрийтэй тоглож, тоглуулж, наадамчдыг зугаацуулан “мөнгө хийцгээж” байлаа. Жилийнхээ азыг үзье, ёндоогоо шалгах гэж шоо тааж, дартс шидэж тоглоно. Багачууд нь бөмбөг шидэж лааз онон, цахилгаан галт тэрэг унаж, завиар сэлж нэгээс нөгөөд дамжин тоглоно. Хүүхдийн инээд цалгисан, баяр бялхсан газар болсон байлаа.Тэнд очсон хүн бүрийг ижилсүүлэн гоёх нэг л зүйл байсан нь тус бүр нь 1000 төгрөгийн үнэтэй төрийн далбаа, соёмбо, монгол бичгийн наадаг шивээс байлаа. “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэж бүтэн жил хүлээдэг наадмаараа дэлхийд ганцхан гэж омогшиж өөрийгөө, өөрсдийгөө монгол хүн гэдгийг төрийн соёмбо, далбаагаараа гангарах нь зүй ёсны юм. Эдгээр шивээсийг хэн нэгэн эрхэм үй олноор нь урд газар хийлгээд, зарсан 100 ширхэг тутамд 30 хувийн ашиг олгох тохиролцоог бас ч багагүй олон хүнтэй хийж хот, хөдөөгүй явуулж заруулсан гэх.

Реклам гэх үг нь эртний утгаараа хашхираа гэсэн утгатай гэсэн. Бум бужигнасан цэнгэлдэхийн газар хуушуурын сурталчилгаа хамгийн эртний хэлбэрээрээ явж байхад манай томоохон компани, корпорациуд боловсруулсан PR-аа амжилттай хийж байлаа. Мобиком корпораци гэхэд л Card Plus нэртэй “үнэгүй” тодотголтой ус тарааж, нэг өдрийн карт пласын эрх бэлэглэж, “Хараа”, “Фрутта”, “Скайтел” гэсэн сэвүүр халуун наранд хүн бүрийн хэрэглээ болсон байлаа. Наадам болохоос хэд хоногийн урьд л цэмцгэр наадахыг уриалсан төсөл Цэнгэлдэх хүрээлэнд очоод GP батерейн реклам төдий зүйл болж хувирав.

Зөөлөн хур, хурц нар сэлгэсэн наадмын өдрүүдэд элдэв гоёмсог шүхэр эрэлт ихтэй бараа байлаа. Энд амьдрал буцлах шиг л болно. Харин эсрэгээрээ хотын төвд нам гүм ноёрхож байсан юм. Хүүхдийн тоглоом, амьтны худалдаа, мобикомын 99-тэй дугаар, нутгийн айраг, гэрийн хуушуур гээдэлдэв наймаа “цэцэглэсэн” цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур бараа бүтээгдэхүүн жирийн үеийнхээсээ хэд нугарсан үнээр зарагдаж байсан юм. Шагийн билет л гэхэд эхний өдөр энгийн нэг нь 30000 мянган төгрөг шүргэж “ховрын эд” болж байснаа хоёр дахь өдрийн үдээс хойш үндсэн үнээсээ ч доогуур болсонбайлаа. Ерөөс наадмын үйл ажиллагаа төгсөх дөхөхөд наймаачид үлдсэн цөөхөн бараагаа хямдруулсан үнээр зарж эхэлсэн юм.

Хоёр өдөр үргэлжилсэн баяр наадам тарсаны дараа туулын хөвөөнд хөлийн чимээ тасарч цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон, 120-ийн автобусны буудал орчимд гялгар уут, ам арчсан цаас, хагархай шаар, ундааны хоосон сав, хуулаад хаясан шивээсний цаас л ул мөр болон үлдсэн юм. Жигдхэн ногоон подволка, малгай өмссөн хэсэг залуусын ар нуруун дээр ньGP батерей гэсэн бичиг тодхон харагдна. “Цэмцгэр наадацгаая! Хажуудаа байгаа хогоо аваад хогийн саванд шууд гоол ...” хэмээн цагаан хоолойгоор уриалж, хогийн хар уут барьж зогссон тэдний хөдөлмөр “хуушуур байна, айраг байна” гэсэн олны чимээг давсангүй юу эсвэл “хог бүү хая” гэх нь “хуушуур байна...” гэхээс илүүгээр наадамчдын сонирхлыг татаж чадсангүй юу... Том хар уут барьчихаад хогоо хогийн саванд хая гэж хоолойгоо сөөтөл орилсон тэд үнэндээ бусдадаа үлгэр болоод газраас ганц ширхэг цаас түүж харагдсангүй.

Есөн хөлт цагаан тугаа цэнгэлдэх хүрээлэнгээс сүр жавхлантайгаар залж гаргахад хүн бүрийн бодолд “Дараа жилийн наадам даанч хол байнадаа, хол байна” гэсэн хөнгөн гуниг төрөө биз. Наадам ч сайхан боллоо. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, суудлаас нь байн байн өндөлзүүлсэн барилдаан болж, хурдан ажнай нар нь сэтгэл уярааж, нулимс нэрүүлсээр зурхай давж, Цэц магнай харваачид нь уухай хашхируулсан сайхнаас ч сайхан наадам боллоо.Гэвч цаг хугацаа сум адил харван өнгөрч ганцхан жилийн дараа дахиад л наадам болно. Наадмын дараа нэгэнт ирчихсэн намрын их ажил, өвлийн бэлтгэл өмнө минь биднийг хүлээж байна.

Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан