Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үйлдвэрлэгчид төрийн зохицуулалт хөнгөлөлт хэрэгтэйг учирлаж байлаа


Б.МЯГМАРЖАВ

Нийслэлийн агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, төр засгийн байгууллагууд болон иргэд ч агаарын бохирдлыг багасгах, түүнээс сэргийлэх арга замыг эрэлхийлсээр байна. Ерөнхий сайд 2016 оны сүүлээр эрдэмтдийг өрөөндөө дуудан байж, агаарын бохирдлыг бууруулах шинэ технологи боловсруулах, нэвтрүүлэхийг хүссэн.

Тэгвэл өчигдөр БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-г зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаныхан очиж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдэл бүхий бүтээлүүдтэй танилцсан юм. Цахилгаан халаагуур, үртсэн, шахмал түлш, дулаалгын материал үйлдвэрлэгчид мөн импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов. Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн иргэд ч олон байлаа. Иргэд өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө нүүрснээс татгалзаж, гэр орноо дулаан байлгах технологийн шинэ шийдэл бүхий хямд төсөр цахилгаан халаагуур сонирхох болсон нь тодорхой харагдсан. Өмнө нь, гэр хорооллын айл өрхүүд цахилгаан халаагуур, боловсруулсан түлш зэргийг тэр бүр сонирхдоггүй байв. Харин гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэснээр агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо бага ч гэсэн чухал гэдгийг ухамсарлаж эхэлсэн нь үнэхээр сайшаалтай.

Иргэд цахилгаан бага зарцуулдаг, үнэ өртөг боломжийн, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн технологи хүсч буй. Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс “Гэрэлтэх нарны туяа” ХХК-ийн үйлдвэрлэсэн усан халаагуур иргэдийн сонирхлыг ихэд татсан юм. Тус халаагуур нь цагт 1-1.5 кв цахилгаан зарцуулдаг. Тухайлбал,  35-40 ам.метр талбайг халаахын тулд цагт 1.5 кв цахилгаан зарцуулдаг гэнэ. Ингээд бодохоор нэг сард дунджаар 40 орчим мянган төгрөгийн цахилгаан зарцуулах нь. Өвөл, хаврын саруудад нэг өрх дунджаар 380 гаруй мянган төгрөг цахилгааны төлбөрт өгөх тооцоо гарна гэсэн үг. Худалдаж авах үнэ ханшийн хувьд 280-480 мянган төгрөг. Тус компани иргэдийн худалдан авсан халаагуурт жилийн баталгаа өгөх бөгөөд агаар чийгшүүлдэг хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгээр бусдаас давуу гэж тайлбарлаж байв. 

Таван ханатай гэрт амьдарч байгаа нэг айл дунджаар өвөлдөө гурван портер нүүрс түлдэг. Нэг портер нүүрс 200 орчим мянган төгрөг байна. Тэгэхээр 600 орчим мянган төгрөгийг зөвхөн нүүрсэнд зарцуулдаг гэсэн үг. Дээр нь мод түлшинд хэрэглэнэ гээд бодохоор цахилгаан халаагуур хэрэглэх нь хэмнэлттэй төдийгүй гэрийн ажлыг хөнгөвчлөнө, тухтай, эрүүл мэндэд тустай гээд олон давуу талтай. Иргэддээ хандаж хэлэхэд нэг удаа 480 мянган төгрөгөөр цахилгаан халаагуур худалдан авч нүүрстэй хутгалдалгүй өвлийг давах боломж байна гэдгийг сануулъя.

Нөгөөтэйгүүр манай улс эрчим хүчнийхээ дийлэнх хувийг халаалалтад зарцуулдаг. Тэгэхээр халаалтын эрчим хүчээ багасгах юм бол эрчим хүчний зөв графикт орох аж.  Өнөөдөр бид эрчим хүч хэмнэх гэхээр л гэрлээ унтрааж эсвэл төрөл бүрийн лед гэрэл тавьдаг. Энэ нь үр дүнгээ өгдөггүй гэж хэлж болохгүй ч илт мэдрэгдсэн ач холбогдол нь бага. Тиймээс доктор Д.Баяр Эрчим хүч үржүүлэгч төхөөрөмжөө танилцуулсан юм. Тус бүтээгдэхүүнийг айл өрхөд тавьснаар эрчим хүчийг дөрвөөс зургаа дахин хэмнэх боломжтой гэдгийг тэрээр хэлсэн. Туршилтыг гурван обьектод хийж, үр дүнг нь тооцжээ. 30 ам.метр энгийн байшин, 50 ам.метр орон сууц, 400 ам.метрээс дээш талбайтай байшинд тавьсан байна. Ингэхдээ 30 ам.метр 27 жил болсон байшинд туршилт хийхэд хэмнэлтийн төхөөрөмж тавиагүй байхад цахилгаан зарцуулалт 257 мянган гарч байсан бол төхөөрөмж тавьснаар 29 мянган төгрөг гарсан бодит жишээ бий гэв. Мөн төвийн халаалтгүй 50 ам.метр орон сууцанд сард 566 мянган төгрөгийн эрчим хүч зарцуулж байсан бол дээрх төхөөрөмжийг тавьснаар 87 мянган төгрөг болтол бууруулж чаджээ. Түүнчлэн МУБИС-ийн зүүн талд байрлах нийслэлийн номын худалдааны төвийн цахилгааны тариф дөрвөн сая 200 мянган төгрөг гардаг байсан бол эрчим хүч үржүүлэгчийг тавьснаар өнөөдөр цахилгааны зардал нь 700 мянган төгрөг гарах болсон аж.  Ингээд бодохоор тав дахин хэмнэлт гарч байна гэсэн үг. Мөн Баянчандмань дахь агро паркад тус технологийг хэрэглэснээр хөрсөн дээр нэмэх 40 хэм хүрч дотор нь гүзээлзгэнэ ургаж зөгий нисч байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар дээрх технологийг 5000 гаруй эрдэмтэн өөрсдийн бүтээлдээ хэрэглэсэн байдаг юм байна. Энэхүү бүтээгдэхүүнийг  ОХУ руу гаргаж байгаа Эрдэнэтийн цэвэр зэсээрээ дотооддоо үйлдвэрлэх боломжтойг хэлж байлаа.

Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагт дулаанаа хадгалах шийдлийг илүүтэй сонирхож байв. Ер нь иргэдэд санал болгож байгаа цахилгаан халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад 49 мянгаас 4.5 сая төгрөгийн үнэтэй байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэсгэлэнг үзэж, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж ярилцах үеэрээ “Үзэсгэлэнд оролцож буй бүх аж ахуйн нэгжтэй уулзах боломж бага. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид, үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй ойрмогхон дахин уулзахаа  хэлсэн.  Мөн тэрээр “Утааг эрс бууруулах шийдвэртэй бодлогыг хэрэгжүүлэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн бололцоо, боломж муу ч Засгийн газар  агаарын бохирдлыг бууруулах бодлогын шинжтэй  арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэлээ. Утааг оргүй арилгана гэж хэлэх хэцүү, багасгана. Дэлхийн 100 гаруй улсын 3000 хотод утаа, агаарын бохирдол асуудал үүсгээд байна. Эдгээр хотын нэг нь манай Улаанбаатар. Ганц Улаанбаатар ч биш зарим аймгийн төв утаатай болоод байна” гэсэн юм. Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахын тулд 140 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Гэсэн ч утаа буурсан талаар яриад ч нэмэргүй биз ээ. Үе үеийн Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулахын тулд зуух, түлш нийлүүлэх аргыг ашиглаж байсан. Тэгвэл Мэргэжлийн Засгийн газрын зүгээс түлш, зуух бус бусад олон төрлөөр тухайлбал, цахилгааны үнэ тарифыг бууруулах замаар утааг багасгах бодлого барьж ажиллана гэдгийг Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Түүнчлэн хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлнэ. Мөн Улаанбаатар руу түүхий нүүрс оруулдаггүй байх зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Харин үйлдвэрлэгчдийн зүгээс үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын дунд төрийн зохицуулалт тэр дундаа ногоон хөгжлийг дэмжсэн зээлийн зохицуулалт татварын хөнгөлөлт үгүйлэгдэж байгааг учирлав. Мөн эко технологи ашигладаг айлд хөнгөлөлт урамшуулал олгодог байх тухай асуудлыг ч хөндөж  байлаа.


Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух, нүүрс, түлш тарааж утаатай тэмцэхгүй

Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Ц.Донжавынд очлоо. Тэднийх 2010 оноос “Өлзий зуух” төсөл хэрэгжсэнээс хойш зуухыг хэрэглэж байгаа аж. Өлзий зуух нь ердийн зуухтай харьцуулахад түлш бага хэрэглэдэг, утаа бага гаргадаг гэж өрхийн тэргүүн хэлээд хоол, цайгаа зуухан дээр хийх боломжгүй. Цахилгаан зуух ашигладаг гэж байлаа.

Иргэн Ц.Донжав “Шүдэнз зурсан ч утаа, тортог гардаг. Засгийн газар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь зөв” гээд тус бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнд байсан цахилгаан халаагуурыг тэднийд авч өгье, халаагуурыг сар ашиглаад хэр үр дүнтэй байгаа тухай сэтгэгдлээ хуваалцаарай гэсэн юм.

Дараа нь Ерөнхий сайд Баянзүрхийн II хорооны иргэн Х.Билгүүнийхээр орсон юм. Тэднийх 2011 онд шалны халаалт тавиулжээ.
Иргэн Х.Билгүүн “2011 оноос өмнө нам даралтын зуухтай байсан. Өдөрт гурван шуудай нүүрс түлдэг. Сарын нүүрсний хэрэглээ 300 гаруй мянган төгрөг болдог байсан. Шалны халаалт тавиулснаас хойш түлээ, нүүрсэнд мөнгө зарлагадахаа больсон. Өрөө өрөөндөө халаалтын тохируулгатай, цахилгаанаа ч хэмнэх боломжтой. Сарын цахилгааны хэрэглээ дунджаар 60-70 орчим мянган төгрөг гардаг. Өдөртөө халаалтаа бараг ажиллуудаггүй, шөнөдөө л асаадаг ч орой ажлаас ирэхэд гэр дулаахан байдаг. Шалны халаалт тавиулснаас хойш мөнгө хэмнэхээс гадна орон сууцны айлаас дутахааргүй тав тухтай амьдарч байна. Хамаатны айлууд манайхаас туршлага авч, шалны халаалттай болж байгаа” гэж ярилаа. Тэрээр агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Ард иргэд маань санаачилгатай, зүтгэлтэй байх хэрэгтэй гэсэн юм.

Цаашид цахилгаан дулааны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газраас хийнэ. Цахилгаан станц барих төслүүдийн ажлыг аль болох хурдан, энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн орон сууцанд амьдрах иргэд ипотекийн зээлд хамрагдаж байгаа шиг гэр хорооллын иргэд халаалтын асуудлаа шийдвэрлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлж өгөх учиртай. Ингэвэл айл өрхүүд маань цахилгаан халаагуур хэрэглэх сонирхол нь нэмэгдэнэ. Засгийн газар зуух, нүүрс, түлш тарааж утаатай тэмцэхгүй, цахилгаан халаалтын төхөөрөмжүүдийг дэмжинэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан