Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Батболд: Хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хот хүлээж авахгүй


Б.МЯГМАРЖАВ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос агаарын бохирдлыг бууруулахад хотын удирдлагуудын зүгээс авч байгаа арга хэмжээ болон цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

-Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байна. Гэтэл нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс дорвитой ажил хийхгүй байна гэх шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг  даргын зүгээс гурван захирамж гаргалаа. Өнгөрсөн оны зургадугаар сараас нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг байгуулж, ажиллууллаа. Ингээд урин дулаан төдийгүй хүйтний улирлын нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр захирамж гаргасан. Нэгдүгээрт, Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамж.  Захирамжаар улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байна.

Дараагийн захирамж нь “Агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдлын  дөрвөн бүсчлэл тогтоолоо. Нэгдүгээр бүст орон сууц, байшин хороолол багтана.  Уг бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй. Хоёроос дөрөвдүгээр бүст тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн. Гурав дахь  нь “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай”. Энэхүү захирамжаар шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Тухайлбал Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх ёстой хүмүүсийн шилжүүлгийг хүлээн авна. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглолоо.

-Шилжилт хөдөлгөөнийг хо­риглох нь Үндсэн хуульд үл нийцсэн, хүний эрхийг хяз­гаар­ласан захирамж болох юм биш үү. Дээрх захирамжийн хэ­рэг­­жилтэд  хэрхэн хяналт тавих вэ?
-Захирамжийн талаар маргааш /өнөөдөр/ болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  өргөтгөсөн хуралдаанд танилцуулна. Захирамжийн хэрэгжилтэнд Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар хяналт тавина. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан мөн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн энэхүү захирамжийг гаргасан.

-Ер нь хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар ямар бодлого чиглэл баримталж байна вэ?
-Дээрх арга хэмжээг хэрэгжүүлээд эхэлбэл агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан үр дүнтэй ажил болно гэж бид үзэж байна. Улаанбаатар хотод утаа гаргадаг яндангийн тоог нэмэхгүй, орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөн  автомашины  оношил­гоог чанаржуулж, шаардлагатай  гэвэл  Улаанбаатар хотын агаарыг бохир­­­дуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч  шаардлага  тавьж, хөдөлгөөнд оролцуулна. .

-Нийслэлд томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж орны ачаалал 73 хувиар хэтэрсэн гэсэн. Энэ нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн. Иймээс ЭМ-ийн сайд А.Цогцэцэг танд албан тоот хүргүүлсэн гэсэн. Энэ талаар?
-Ханиад томуу болон агаарын бохирдолтой холбогдуулан сургууль, цэцэрлэгийн хичээллэх цагийн хуваарийг өөрчлөх талаар БСШУЯ-нд сарын өмнө хүргүүлсэн. Яамны зүгээс энэ тухай шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариулт өгсөн. Боловсролын тухай хуулиар зөвхөн гамшгийн байдалд орсон үед сургууль цэцэрлэгийн хуваарийг өөрчилнө гэж заасан байдаг. Өнөөдөр нийслэлд томуугийн тархалт 12 хувьтай байна. Хуульдаа томуугийн тархалт 15 хувь хүрэхэд хорио тогтооно гэдэг. Өнөөдөр нийслэлийн орлогч нар БСШУЯ-ны удирдлагуудтай уулзана. Хэрэв БСШУЯ-наас зөвшөөрөл өгвөл сургууль, цэцэрлэгийн амралтын хугацааг сунгаж болно. Гэвч нөгөө талаар сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгахаар тэр хүүхдүүдийг харах эцэг эхчүүдийн ажлын цагийг яах вэ гэсэн асуудал гарч ирдэг. Үүнийг хотын дарга дангаараа шийдэх боломжгүй. Хэрэв сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах эсвэл хорио тогтоох юм бол олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, бар цэнгээний газар олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохицуулах хэрэг гарна. Энэ талаар өнөөдөр орой шийдвэр гаргана.




0 Сэтгэгдэл
Уг нь монгол хүн "Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаар тогтоох" л гэж ярвдаг юм даа. эрхэм уяач Батболд оо....Хязгаарыг гэж юу донгосоод байгаа юм.....Эхлээд монголоор ярьж сур....
Хамгийн их уншсан