Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд хаясан иргэний үнэмлэхээ авахад жилд хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулдаг


Н.БАТ

2016 он ямар жил байсан бэ, монголчуудад ээлгүй жил гэж үү гэх зэргээр өнгөрсөн оны сүүлээр салбар бүр өөр өөрийнхөө ажил үйлсээ дүгнэсэн билээ. Тэгвэл 2016 онд Монгол улсын статистик мэдээлэлд ямар өөрчлөлт орсныг хамтдаа сонирхоё.


Монголын эмэгтэйчүүд эрчүүдээсээ 30 мянгаар олон

Монгол Улсын хүн ам 2016 оны сүүлийн тоогоор 3 сая 123 мянга 936 болжээ. Энэ нь нэг жилийн дотор хүн амын тоо 65 мянгаар нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт юм. Үүнээс  Монгол Улсын харьяат болсон, сэргээсэн, мэдээллийн санд нөхөн бүртгүүлсэн 7759 иргэн бий.
Гэхдээ иргэншил шинээр авсан нь тав. Хүйсийн бүтцээр нь авч үзвэл нийт хүн амын 49,5 хувь нь эрэгтэй, 50,5 хувь нь эмэгтэй. Өөрөөр хэлбэл хүйсийн харьцаа 30 гаруй мянган хүний зөрүүтэй байгаа нь бусад улс оронтой харьцуулбал манай улсад хүйсийн  зөрүү бараг үгүй гэсэн үг.

Монгол бол залуусын орон гэгддэг. Нийт хүн амын маань 35 хувь нь 0-18 насныхан гэсэн дүнгээс харвал залуусын гэхээс илүүтэй хүүхдийн орон гэлтэй. Үнэндээ статистик мэдээлэл сүүлийн хэдэн арван жилийн турш ийм байгаа. Хүүхдийн гэх тодотголтой байгууллага, үйл ажиллагаатай энэ тоог харьцуулахын аргагүй.  Насанд хүрэгсдийн хувьд эмэгтэйчүүд арай илүү бол, 0-18 насныхны хувьд эрэгтэй нь давамгай байгаа юм. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг энэхүү статистик мэдээллийг танилцуулахад сонирхол татсан өөр нэг тоо баримт бол 2016 онд 17118 иргэн гэрлэлтээ батлуулсныг насаар нь авч үзвэл 18-24 насны эмэгтэйчүүд 35 хувь, 25-34 насны эрэгтэйчүүд 50 хувь байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрчүүд маань нилээн хожуу гэрлэх болжээ. Тэдний 87 хувь нь анхны гэрлэлт, 13 хувь нь дахин гэсэн баримт байна. Тэгвэл 4159 гэр бүл хууль шүүхийн байгуулагад хандан гэр бүлээ албан ёсоор цуцлуулжээ.

2278 хүн Монгол Улсын харьяатаас гарчээ

Насанд хүрсэн 2,1 сая хүний маань 245 мянга нь 2016 онд ямар нэг байдлаар иргэний үнэмлэх шинээр авсан байна. 40 гаруй  мянган хүүхэд насанд хүрч иргэний үнэмлэх шинээр гардан авсан бол 111 мянган хүн 25, 45 насныхаа сунгалтыг хийлгэжээ. Харин 83 мянган хүн иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлж, ахин авсан гэдэг баримт байгаа юм. Үүнийг хаяж үрэгдүүлсний улмаас иргэний үнэмлэх авахад төлдөг торгууль, шинээр авах мөнгөн дүнгээр тооцоход дунджаар 30-аад мянган төгрөг байдаг гэж үзэхэд л 2 тэрбум 490 сая төгрөг болох юм байна. Энэ нь бараг 3 шинэ цэцэрлэг барьсантай дүйх мөнгө болох нь.
Гадаад паспорт шинээр авсан иргэд маань 190 мянга. Энэ тооноос харвал сүүлийн жилүүдэд гадаад паспорт авч байгаа хүний тоо эрчимтэй өссөөр буй юм. Зөвхөн Эрээн гарахын тулд эсвэл Улаан-Үд орох гэж л гадаад паспорт аваад байна уу гэвэл өрөөсгөл ойлголт болно. Тэгэхээр гадаадад ажиллаж, амьдрах, сурах хүсэлтэй иргэдийн тоо л өссөөр байгааг энэ тоо батална. Зөвхөн 2016 онд 2278 хүн Монгол Улсын харьяатаас хасуулсан байна. Бага тоо гэж хэлэх үү?

Төрийн гэх тодотголт байгууллага 220-иор нэмэгджээ

Өнгөрсөн жил нийт 104 мянган иргэн шилжилт хийлгэсэн байна. 25 мянган иргэн нийслэлд шилжин ирсэн бол 14,4 мянган хүн нийслэлээс шилжсэн байна. Орон нутаг руу 26,5 мянган хүн шилжин очсон бол 37,9 мянган хүн явсан гэсэн баримт байна. Энэ нь нийслэлийг зорин ирэгсдийн тоо өнгөрсөн жилийг бодвол багассан тоон үзүүлэлт гэж байгаа боловч орон нутгаас шилжигсэд бас л өндөр хувьтай байгаа нь амьдрал эрэн улс дотроо шилжигсдийн тоон үзүүлэлт төдийлэн өөрчлөгдөхгүй нь гэдгийг илэрхийлнэ.

Одоогийн байдлаар Монгол улсад бүртгэлтэй 169 мянга 662 хуулийн этгээд бий гэнэ. Үүний 73 хувь нь ХХК бол 14 хувь нь ТББ юм. Өнгөрсөн жил шинээр хувьцаат компани 3, ХХК 10 мянга, тэдний 268 нь гадаадын хөрөнгө оруулалттай, Төрийн бус байгууллага 2393, Төрийн өмчит үйлдвэр 3, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар 220 гэх зэргээр нэмэгдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Үүнээс сонирхолтой нь, үйлдвэрчний эвлэлийн байгууллага 147, боловсрол сургалтынх 349, хэвлэл мэдээллийнх 93 нэмэгдсэн байхад эрдэм шинжилгээний байгууллага ердөө 2 ширхэг шинээр бүртгүүлсэн байна. Хэдийгээр 2016 он хямралын жил байж, төрийн болон төрийн бус байгууллага, компаниуд бүсээ чангалсаар байсан ч 14000 газар шинээр үүд хаалгаа нээсэн аж. Үүнээс төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар 220-оор нэмэгдсэн нь яалт ч үгүй анхаарал татаж байна.

Шинээр 158 бүтээлд патент олгожээ

Зохиогчийн эрхээ баталгаажуулахаар өнгөрсөн жил 962 мэдүүлэг гаргагч ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн бүртгэлийн төвд хандсан байна. Үүнээс 645 нь буюу дийлэнх нь шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүтээл байсан бол цахим мэдээллийн салбарынхан 130 бүтээлдээ эрх мэдүүлсэн байна. Харин дүрслэх урлагийнхан 65, архитектур, уран баримлынхан 27, дуу авиа бүхий дүрст бүтээл 68, тайлбар толь, лавлах зохиол бусад эмхэтгэл 21-ийг эрх авахаар бүртгүүлжээ.

Аж үйлдвэрийн салбарынхан 158 бүтээлдээ патент авч чадсан бол 325 бүтээгдэхүүний загварын эрхийн мэдүүлэг гаргаж, 81-д нь патенттэй болжээ.  Ашигтай загварын гэрчилгээг 129 бүтээлд олгосон гэнэ.
Газар өмчлөх эрхийн бүртгэлээ хийлгэж, гэрчилгээгээ баталгаажуулсан уу та...

2016 онд газар өмчлөх эрхийн бүртгэлээ 41322  иргэн хийлгэсэн байна. Төрөөс худалдаж авсан 16, үнэгүй хувьчилсан 39660, газар эзэмших, ашиглах бүртгэл хийлгэсэн 1600 хүн байгаа гэнэ. Тиймээс нийслэлээс зохион байгуулсан цахим бүртгэлээр газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн хэдэн хувь нь гэрчилгээгээ баталгаажуулсныг холбогдох албаныхнаас лавласан юм.

“2016 он цахимаар газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн 86 хувь өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байгаа юм. Газар өмчлөх эзэмших гэрчилгээгээ газрын албанаас авдаг. Газрын албанаас энэ иргэнд, энэ талбайд, энэ нэгж талбар газрыг өмчлүүлнэ гэсэн шийдвэр эхлээд гардаг.

Энэ шийдвэрээ иргэд маань газраа өмчлөөд авчихлаа гэж андуурдаг. Гэтэл бүртгэлийн газарт хандаж, үл хөдлөх хөрөнгө гэдгээ баталгаажуулж, гэрчилгээ авах ёстой.

Хэрвээ өнөөдөр цахимаар өмчилсөн газрынхаа эрхийг дүүргийн газрын албаар баталгаажуулаад авчихсан бол харьяа дүүрэг, сумынхаа бүртгэлийн газарт хандаж, өмчлөх эрхийн бүртгэлээ хийлгэж гэрчилгээгээ авах боломж нээлттэй байгааг”  ОӨУБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын мэргэжилтнүүд хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан