Их үйлс энгийнээс эхэлдэг
2017 оны 1 сарын 11


-Цаг агаарын мэдээнд дэлхийн хотуудаас илүүтэйгээр агаарын чанарыг онцлохсон-

Н.БАТ

Улаанбаатар хот маск “зүүжээ”. Гэхдээ хүүхдээсээ түрүүлээд хөшөөд нь “масктай болж”. Нэг бодлын аймшгийн харанга дэлдэх мэт харагдах ч нөгөө бодлын өнөөх “поп” гэх нэр томъёо талаас тайлж болох.  

Боловсролын сайдаас хүсэх зүйл байна...

2003 онд дэлхий нийтээр SARS гэх вирус дэгдэх үеэр манайхан нэг том том маск зүүснийг санах юм. Гэхдээ тухайн үед 1000-200 мянга хүртэл үнэлэгдэх олон янзын маск байсангүй. Ердөө самбай хэд давхарлаад сайхан маск оёдог байлаа. Саяхныг хүртэл оёсон доо. Харин энэ жилийн хувьд утааны эсрэг сайн дураараа нэгдэн тэмцэх болсон хэдэн залуусын ачаар маск чинь ийм олон янз байдаг юм уу гэж мэдлэгийн хүрээгээ “тэлэв”. Утаатай хамт гарч ирж байгаа нэг төрлийн бизнес бол энэ. Монголын амьдралаас тасарсан үнэтэй нь нэг биш харагдах. Хэдийгээр хамгийн багадаа 1000 төгрөгийн үнэтэй байгаа ч өдөр бүр маскаа солиод байх бэлтэй нь цөөн учраас гүйлгээ сайтай бизнес гэж хэлж чадахгүй. Яг үнэндээ маск нь утаанаас бүрэн хамгаалж чадахгүй л дээ. Ялангуяа хүүхдэд маск тогтмол зүүх тэвчээр бараг үгүй. Дээрээс нь стандартын маск гэж ямрыг нь хэлэх вэ. Энэ талаарх мэдээлэл ч манайханд алга. Өчигдрөөс л маскны хэрэглээний тухай судалгааг Анагаахын их сургуулиас явуулж эхэлсэн тухай сонсогдож байсан.

Мэдээж утаа гамшгийн хэмжээнд очлоо гэдгийг төр засагт анхааруулж, тэдний чихийг “зулгааж” чадсан залууст талархал илэрхийлье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга гээд дээрээсээ эхлээд утаанд анхаарал хандуулж, санаа зовниж байгаа нь ч талархууштай. Гэвч энгийн иргэдийн хэрэглээ рүү хандсан, сургалт мэдээллийн хөтөлбөрүүд илүүтэйгээр орхигдоод байна уу.  Сургалт, зөвлөгөө, хэрэглээнд хандсан наад захын мэт боловч заавал хэлэх шаардлагатай мэдээллийг аль салбарт хамааруулах ёстой вэ. Хэдэн эмнэлгийнхээ ачааллыг зохицуулах гээд самгардаж гүйж байгаа Эрүүл мэндийн сайдад хамаатай юу.

Яг үнэндээ өнөөдөр үүнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын гэх том яам маань дорвитойхон хөдөлж байх цаг мэт санагдана. Зөвхөн яам төдийгүй, нийслэлийн боловсролын газар мөн хүүхдийн төлөөх байгууллагуудад хаяглая. Наад зах нь маскны зөв хэрэглээний талаарх мэдээллийг хүүхэд багачуудад олгохсон. Бизнесийнхэн өөр өөрийн бүтээгдэхүүнийг магтах нь тодорхой. Гэвч хэрэглээг хэвшүүлэхэд хэн анхаарал хандуулах ёстой вэ. Цэцэрлэгийн багш нар хүүхэд бүрт гар угаах хэвшлийг суулгадаг шиг сургуульд ч гэсэн маск зүүх хэвшлийн тухай танин мэдэхүйн мэдээлэл олгох цаг нь болчихож. Өдөр бүр Улаанбаатарын утааны тухай сонсч байгаа ч үүнээс хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл ердөө цэвэр агаарт гар, маск зүү гэх төдийгөөр хязгаарлагдсаар байгаа нь үнэн.

Маск ба цаг агаарын мэдээ

Нэгэн цагт Азийн цагаан дагина гэгдэж байсан Улаанбаатар маань өнөөдөр орчин үеийн хүн ам төвлөрсөн их хот болоод нэлээд хэдэн жилийг үдлээ.
Монголын хүн амын гуравны нэг хувь нь 0-18 насныхан гэдгийг саяхан Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас мэдээлсэн. Тиймээс тэдэнд чиглэсэн сургалт сурталчилгааны ажил зайлшгүй шаардлагатай байгаа нь тодорхой.
Агаарын бохирдлыг дэлхий нийтэд агаарын чанарын индекс гэгчээр үнэлдэг гэдгийг саяхнаас хүмүүс сайн мэддэг болсон байх.

Энэ индекс 0-50 байхад хэвийн гэж үздэг бол 51-250 болчихвол мэдрэмтгий хүмүүс гадаа байх, гадна орчинд хийдэг биеийн ажлаа багасгахыг зөвлөдөг байна. Харин 251-400 байхад нийт хүн амд гадаа удаан байх, гадна орчинд биеийн хүчний ажил хийхээс зайлсхийхийг, 401-500 бол та хэрвээ мэдрэмтгий бол гадагшаа гарахгүй байх, гадна орчинд үйл ажиллагаа явуулахгүй  байна уу.  Нийтээрээ гадна удаан байхаас зайлсхийх, гадна биеийн хүчний ажил хийхгүй байхыг анхааруулж эхэлдэг.  Тэгвэл 500-гаас дээш бол маш их бохирдолтой гэж үздэг учраас нийт хүн амдаа аль болох гадагшаа гарахгүй байх, гадна орчинд үйл ажиллагаа явуулахгүй байхыг Эрүүл мэндийн салбарынхны зүгээс анхааруулдаг.

Өчигдрийн 17:30 цагийн байдлаар өнөөх 50 байх ёстой PM-2.5 нь Толгойтод 423, МҮОНРТВ орчимд 189, Амгаланд 193, Нисэхэд 337, Баянхошуунд 211 байгаа гэсэн мэдээ Агаарын чанарын албаны сайтад байршжээ. Өөрөөр хэлбэл хотынхон тэр аяараа гадаа удаан байхаас зайлсхийх шаардлагатай гэх зөвлөгөөг дагах ёстой гэсэн үг. Энэ бол айлууд төдийлэн гал түлээгүй байх үеийн дүн мэдээ. Өдрийн дундаж ерөнхийдөө ийм байдаг гэж хэлж болно. Гэтэл энэ үеэр сургууль цэцэрлэг тарж, автобусны буудал хүнээр дүүрдэг. Заримдаа гуч байтугай минут автобус хүлээнэ. Тэгэхээр нийслэлчүүд маань бүхэлдээ хорт утааг залгилсаар гэртээ харьдаг гэж хэлж болох нь.
Хүн өдөрт дунджаар 10 мянган литр агаараар амьсгалдаг. Энэ нь 5000 ширхэг шаар дүүргэхэд хүрэлцэх хэмжээний агаар гэнэ.

10 мянган литр агаараа 24 цагтаа тооцож үзэхэд нэг цагт дунджаар 416 литр агаараар амьсгалдаг. Зөвхөн гадаа байх хугацааны агаараа дунджаар тооцож үзэхэд хамгийн багадаа 2 цаг байхад л 1000 литр бохирдолтой агаарыг амьсгалын замаараа дамжуулан уушгиндаа цутгадаг гэсэн үг. Энэ нь шууд цусанд хүрнэ. Гэтэл хүүхэд маань хэдий хэмжээний уушгитай, цустай билээ.
Хэрвээ гэр хорооллын 190 мянган айл галаа өрдөж, хоолоо хийгээд эхэлбэл дүн мэдээ өөр гарна. Өглөөний 10 цаг хүртэл 1000 давсан мэдээ хадгалагддаг. Гэтэл сургуулийн хүүхдүүдийн маань дийлэнх нь өглөө 08:00 цагаас хичээлдээ явдаг. Өөрөөр хэлбэл агаарын чанар 500-гаас багадаа 2 дахин өндөр болсон үед сургууль цэцэрлэгтээ явдаг гэсэн үг. Өнөөх гадаа гарахгүй байх зөвлөгөө анхааруулгыг дагах ёстой гээд үзвэл өвлийн цагт хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт явуулах байтугай гадаа гаргаж болохгүй ээ гэсэн үг. Гэтэл өглөө бүр автобусанд ханиалгасан нус цэр нь дуугарсан хүүхдээ чирсэн хүмүүс л дүүрэн байдаг нь ердөө хэвийн үзэгдэл.

Харамсалтай нь, энэхүү агаарын бохирдлын индексийн талаар ойлголттой иргэн тун цөөн. Уг нь, хүн бүр утаснаасаа интернэтэд ордог болсон ч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах албаны сайтад хандаж, агаарын чанарын мэдээг хардаг хүн байхгүй гэхэд хилсдэхгүй.

Хэрвээ өглөө бүр агаарын чанарын мэдээг хардаг бол маск зүүдэггүй юмаа гэхэд ядаж хүүхдийнхээ ам хамрыг битүү боогоод гарахсан. Тэгэхээр оройн мэдээний дараа царайлаг хүүхнүүд эсвэл залуус цаг агаарын мэдээ уншиж, телевизийн сувгууд бас нэг шинэ трэнд гаргаж ирсэн шигээ агаарын чанарын индексийн мэдээг түгээж, араас нь бас анхааруулгыг нь хүргэчихдэг байвал гэмгүй санагдана. Аливаа зүйл жижгээс эхэлдэг биз дээ...
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.