Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгаас шилжин ирэгсдийг хязгаарлах захирамжийг ҮАБЗ дэмжжээ


Т.ЦЭЛМЭГ


Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд оролцож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулсан байна. Тус хуралдаанд мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд оролцож, хамтран ажиллахаар болж. Нийслэлийн Засаг даргын агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээг тусгасан захирамжуудыг, ялангуяа 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл Улаанбаатарт хотод шилжин ирэх орон нутгийн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг ҮАБЗ-өөс дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Өнөөдөр ҮАБЗ-ийн зөвлөмжийг танилцуулах бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчидтэй уулзалт хийхээр товлоод байгаа юм. Хурлын дараа Нийслэлийн Засаг дарга зарим мэдээллээ танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Нийслэлийн зүгээс хотын хэмжээнд ашиглаж буй нам даралтын 200 орчим зуухыг үе шаттайгаар хэрэглээнээс халж, орчин үеийн стандарт, зохих шаардлагад нийцэх технологи нэвтрүүлэн өөрчлөх юм байна. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс энгийн галлагааны зуухыг худалдаалахыг хориглож, утаа, бохирдлын стандартыг тогтоож, шаардлага хангах зуухыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийх аж. Түүнээс гадна зориулалтын бус зүйл буюу хуучин дугуй, түүхий нүүрс зэрэг түлж байгаа талаархи мэдээллийг өгсөн иргэдийг урамшуулах гэнэ.

Түүнчлэн нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, хувийн болон улсын өмчийн нийтийн тээврийн компаниудад зөвхөн хосолмол буюу хайбрид, цахилгаан, гаазан хөдөлгүүртэй автобус ашиглаж эхэлнэ. Хувийн автомашинуудын оношилгоог энэ жилээс сайжруулах арга хэмжээ авна гээд эдгээрийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах то­моохон алхам болно гэж үзжээ.

-2018 нэгдүгээр сарын 1-нээс хойш урт хугацаандаа ямар ажил хэрэгжүүлэх юм бэ. Бүрэн эрхийнхээ хугацаанд Улаанбаатарын утааг хэдэн хувиар бууруулах вэ. Гэр хорооллын 180 мянган өрхийн хэдийг нь орон сууцжуулах боломжтой гэж үзэж байна. Хязгаарлалтын бүсэд байгаа орлого багатай өрхүүдэд зориулсан ямар арга хэмжээ авах вэ?
-Мөрийн хөтөлбөрт утааг 20 хувиар бууруулахаар тусгасан. Засгийн газраас явуулах үйл ажиллагаатай хамтарч хэрэгжүүлэх ажлууд бий. Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээг халах замаар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авна. Улаанбаатар хот хэнийг ч ажлын байргүй болгох гэсэнгүй. Дугуй засвар ажиллуулж байгаа иргэд нүүрс түлэхээ больчих хэрэгтэй. Сайжруулсан түлш юмуу гааз хэрэглэж болно. Эсвэл цахилгаан халаагуур хэрэглэх ёстой. Шөнийн цахилгааны төлбөрийг тэглэсэн шүү дээ. Бүгд утаанаас салахыг хүсч байгаа учраас эдгээр ажлыг хэрэгжүүлэх бололцоотой гэж үзэж байна. Иргэдийг шахсан, хавчсан шийдвэр гаргамааргүй байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой. Хэдийгээр орлого багатай байсан ч бид энэ ажлын ард нь гарах хэрэгтэй. 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжүүлээд үр дүнг нь харж байгаад хугацааг сунгах боломжтой гэдэг зөвлөмж ҮАБЗ гаргах юм билээ.

-Хязгаарлалтын бүсэд хэрвээ түүхий нүүрс түлвэл ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-ҮАБЗ-өөр агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг тогтоосон. Нийтийг хамаарсан байгалийн аюулт үзэгдлийг гамшиг гэж байгаа. Байгалийн биш хүний үйл ажиллагаанаас хамаарсан гамшгийн хэмжээнд хүрсэн байна гэж тогтоосон. Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар хэмжээгээр нөлөөлж байгаа вэ гэдгийг тооцоо судалгаанд дурдсан. Энд дурдсан нөхцөл байдал үүссэн. Мэдээж нарийвчлан судлах шаардлага бол бий. Агаарын бохирдлын тухай хуульд хүлээлгэх бүх хариуцлагыг заасан байгаа. Нөхцөл байдал хүндэрсэн учир иргэдийг орон нутагтаа буцаад шилжиж очиход чиглэсэн тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газартай ярьж байна. Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нар хамтарч ажиллаад хаанаас хэдэн иргэн нийслэлд шилжиж ирсэн судалгааг гаргаж, орон нутагтаа буцах бол ажлын байр гаргах талаар хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Нийслэлд шилжин ирэх иргэдийн эрхийг зөрчлөө гэж Үндсэн хуулийн цэц дээр очоод уначихгүй юу. Өмнө нь нийслэлд шилжин ирэхэд татвар авах шийдвэрийг ҮХЦ хүчингүй болгож байсан.
-Хэвлэлийн мэдээллийн байгууллагын удирдлагууд энэ өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Ерөнхийлөгч хотын даргын гаргасан шийдвэрийг үнэн зөв ойлгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжиж ажиллаарай гэж уриалсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Эрүүл, аюулгүй, баталгаатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Хотын захиргаа бол нийслэлд амьдарч байгаа 1,3 сая иргэний эрхийг хангах үүднээс, түүнийг баталгаажуулахын тулд гамшиг тохиолдсон үед тодорхой эрхийг хязгаарлахаас өөр аргагүй. Энэ бол Улаанбаатар хотод л хамаатай. Түүнээс Ховд аймгаас өөр аймагт шилжиж суурьшихыг хязгаарлаагүй.  
-Эмнэлгүүдийн ачааллыг хэрхэн бууруулах гэж байгаа вэ. Сургуулиудад агааржуулах төхөөрөмж тавих, маск тараах үйл ажил хэдий хүртэл үргэлжилж, хэдэн төгрөг төсөвлөж байгаа вэ. Хотын захын сургууль цэцэрлэгүүдийн нам даралтын зуухыг солих ажил хэзээ дуусах бол?
-Улаанбаатар хотод хүүхдийн өвчлөл их байгаа учраас 600 ороор эмнэлгүүдийг өргөтгөж ажиллаж байгаа. Баянгол дүүрэгт 100 ортой хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдийн хоёр эмнэлэг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Томуугийн өвчлөл харьцангуй буурч байгаа судалгаа бий.
13 хувь байсан бол одоо 10 хувь болсон. Хүүхдийн түргэний дуудлага өдөртөө 2500 байсан бол 1000 болж мөн буурсан. Нэгдсэн эмнэлгүүдэд хүүхдийн ор цөөхөн байдаг нь улирлын чанартай өвчлөлтэй холбоотой. Дулааны улирлалд хүүхдийн тасаг харьцангуй ачаалал багатай байдаг болохоор хүүхдийн ор нэмэхэд асуудалтай. Томуугийн дэгдэлтийн үед өөр тасгууддаа хүүхэд хүлээн авах зэргээр зохион байгуулалт хийхгүй бол эмнэлгүүдийн санхүүжилтэд нөлөөлдөг тал бий. Цэцэрлэг болон сургуулийн бага бүлгийн 250 ангид агаар цэвэршүүлэгч тараасан. Энэ болон ирэх онд багтааж нийслэлийн бүх сургуулийн анги танхимд агаар шүүгч тараана. Хороод, хэсгийн цагдаа, эмнэлгүүдээ нарны болон сэргээгдэх эрчим хүчээр хангахаар шийдсэн. Нийслэлийн харьяа газрууд зуух хэрэглэхгүй гэсэн үг. Жижиг ТҮЦ, үйлчилгээний газруудад энэ жишгээр ажиллах шаардлага тавина.

-Улаанбаатар хотод жилд хэчнээн хүн шилжиж ирж байна вэ?
-2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар 29 мянга 380 хүн шилжиж ирсэн. 30 мянган хүнийг таван ам бүлтэй айлаар тооцож бодоход 6000 өрх. Энэ бол маш их тоо. Шилжиж ирж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь гэр хороололд суурьшдаг. Тийм учраас бид шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан