Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн төсөвт хувьчлалаас 35 тэрбум төгрөг төвлөрүүлнэ


Б.МЯГМАРЖАВ

Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед  нийслэлийн өмчид бүртгэлтэй ч ашигладаггүй зарим обьект, өмчөө дуудлага худалдаагаар худалдаж,  хотын жил жилийн төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг. Заримдаа иргэд болон ИТХ дахь сөрөг хүчнээс дуудлага худалдаагаар оруулахаар зэхэж байсан обьектуудыг хувьчлахыг эсэргүүцэх тохиолдол ч бий. Тухайлбал, өмнөх хотын даргын үед Гэрлэх ёслолын ордонг хувьчлахаар зэхсэн ч амжилтгүй болсон юм. Мөн хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах тухай яригдсан ч дэмжлэг аваагүй. Харин ердөө хоёр хоногийн өмнө Хан-Уул дүүрэг дэх Усан спорт сургалтын төвийг хувьчлахаар 10 тэрбум 817 сая 620 мянган төгрөгөөс дуудлага худалдаа явуулахаар зарласан.

Харамсалтай нь, дуудлага худалдаанд оролцохоор ямар нэгэн иргэн аж ахуйн нэгж  санал ирүүлээгүй гэнэ. Иймээс дуудлага худалдааг дахин зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тус төв нь 1986 онд байгуулагдсан мэргэжлийн зургаан багш, хоёр аврагч, захиргаа, үйлчилгээний 30 ажилтантай нийслэлийн өмчит үйлдвэрийн газар. Улс, олон улсын тэмцээн явуулах стандартыг хангасан 240 үзэгчийн суудалтай гурваас таван метрийн тавцан бүхий нэг ээлжиндээ 36-40 хүн зэрэг хичээллэх боломжтой заал юм. Түүнчлэн Автобус-3 баазыг хувьчлах обьектын жагсаалтад оруулсан. Ингэхдээ хотын төвд автобус бааз байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг. Тиймээс Биокомбинат, Өлзийт хороолол, Дарь эхийн аль нэг чиглэлд  “Автобус бааз-3”-ыг шинээр байгуулна. Үүнийг Автобус-3 баазын газрыг худалдсан орлогоор байгуулахаар төлөвлөсөн байсан.

Гэсэн ч өнөөдрийг хүртэл тус баазыг хувьчилсангүй. Хэдийгээр нийслэлээс хувьчлах обьектуудын нэрийг зарлаж байгаа ч хувьчлал нь нийслэлийн төсөвт төдийлэн нэмэр болох хэмжээнд очихгүй, нэг үгээр хэлбэл “борлогдохгүй” байгаа юм. Энэ нь хувьчлалд оруулах обьектыг сонгохдоо сайн  зохион байгуулалт, төлөвлөлт хийгээгүйг  харуулж буй хэрэг. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбаяраас тодруулахад “Нийслэлээс хувьчлах обьектуудыг нэрлэсэн ч тухайн барилга байшинд үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн харьяа байгууллагууд бий. Тухайлбал, нийслэлийн Өмчийн харилцааны газрын байрыг дуудлага худалдаанд оруулна гэж байгаа ч манай газар одоогоор үйл ажиллагаа явуулж байна. Биднийг  хаана байрлуулах талаар шийдэлд хүрээгүй. Мөн Автобус-3 баазыг хувьчлахаар тухайн компани хаана үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг ч шийдээгүй. Иймээс хувьчлал хийх боломжгүй гэсэн үг. Түүнээс биш хувьчлах обьектуудыг иргэн, аж ахуйн нэгж сонирхохгүй байгаа юм биш. Усан спорт сургалтын төвийн дуудлага худалдааг хоёр удаа зарласан. Одоо өмч хувьчлалын комиссоор дахин хэлэлцүүлж ямар арга хэмжээ авахаа шийднэ” хэмээн ярьсан юм.

Эндээс харахад саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр хувьчлахаасаа өмнө тухайн обьект газрыг чөлөөлөх хэрэгтэй байна. Нийслэлд 2015 онд төсвийн тодотгол батлахад 24 обьектыг өмч хувьчлалын жагсаалтад шинэчлэн баталсан. Үүнээс өнгөрсөн онд 51 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ гэсэн зорилттой ажилласан юм. Гэсэн ч төлөвлөсөн үр дүнд хүрээгүйг албаны хүн хэлсэн.


Ч.Мөнхбаяр: Хоёр обьектоос бусдыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана

Дээрх асуудалтай холбогдуулан нийслэлийн Өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлээс 2017 онд  хичнээн обьектыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөөд байна вэ?
-НИТХ-ын 2016 оны 6, 13 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны халуун усны барилга, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нийтийн бие засах газар гэсэн хоёр обьектыг хувьчлахаар шинээр баталсан. Харин Уламжлалт анаагаах ухааны элэг судлалын  клиник төв, нийслэлийн Өмчийн харилцааны газрын барилга, хуучнаар Автобус-3 баазын  барилга байгууламж, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга мөн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын өргөтгөлийн барилга гэх мэт хувьчлах долоон обьектын жагсаалтыг өнгөрсөн онд баталж, 35 тэрбум төгрөгийг 2017 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн. Мөн Усан спорт сургалтын төв, 13 дугаар хорооны хуучин хороо цэцэрлэгийн барилга, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн хуучин байр,  тус  дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгоны захирагчийн ажлын албаны байр, Багануур дүүргийн “Хишиг уул” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 34 хувийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн хуучин байр гэх мэт барилгыг хувьчилна.

 -Дуудлага худалдаагаар хувьчилж авсан хүн тухайн обьектоо хуучин зориулалтаар нь ашиглах уу, эсвэл өөр барилга барих уу?
-Иргэн, аж ахуйн нэгж тухайн обьектыг өөрийнхөө хөрөнгөөр худалдан авч, нийслэлд тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлж, нийслэлийн орлогын баазыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа учир заавал ийм зориулалтаар, ийм барилга барь гэдэг шаардлага тавихгүй байх шийдвэрийг нийслэлийн өмч хувьчлалын хурлаас гаргасан. Харин өмч хувьчлан авагсад барилгын дүрэм журам, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой. Дээрх обьектууд бүгд нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалагдана. Эндээс Уламжлалт анаагаах ухааны элэг судлалын  клиник төвийг менежментийн хувьчлалаар хувьчилна. Менежментийн гэрээг хангалттай ажилласан байна гэж дүгнэвэл тухайн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн буюу багт хувьчилахаар төлөвлөсөн. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нийтийн бие засах газрын байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах юм. 

-Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн талаар тодруулаач?
-Арав буюу түүнээс дээш жил хууль ёсны ашиглагч, эзэмшигч байгаа бол тухайн обьектыг хувьчлахдаа дээрх эзэмшигчид давуу эрх эдэлнэ гэсэн заалт бий. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нийтийн бие засах газрын байрыг 16 жил түрээсээр эзэмшсэн эзэмшигч байгаа учир тухайн иргэн давуу эрх эдэлнэ.

-Нийслэлийн өмчийн  хувьчлах жагсаалтыг хэрхэн тодорхойлдог  юм бэ?
-Нийслэлийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл гэж бий. Үндсэн чиглэлийн зорилго нь нийслэлийн өмчийн ашиглалтгүй байгаа өмч хөрөнгө, эд хөрөнгийг нийслэлийн оролцоотой хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна. Нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу жил бүр нийслэлийн ИТХ хувьчлах обьектын жагсаалтыг баталдаг. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг хувийн хэвшилд шилжүүлж, төсөв бүрдүүлэх замаар хувьчлах обьектын жагсаалтад оруулдаг. Нийслэлийн ИТХ-аас баталсан энэхүү өмч хувьчлалын жагсаалтуудад мэргэжлийн байгууллага үнэлгээ хийж, өмч хувьчлалын комиссын хурлаар хэлэлцдэг. Энэ комисс 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь нийслэлийн Засаг дарга ажилладаг. Комисс өмч хувьчлалын доод үнийг тогтоодог.

-Өнгөрсөн онд Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн хувьчлал нэлээд маргаан дагуулсан. Таванбогд авсан ч одоогоор тухайн барилга балгас хэвээр л байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Мөн Гуравдугаар амаржих газрын хуучин барилгыг ямар хэлбэрээр ашиглахаар төлөвлөж байна вэ?
-“Таван богд” ХХК 2016 онд 24 тэрбум төгрөгөөр хувьчлан авсан. Одоо хуучин хэвлэх үйлдвэрийг ашиглах эрх нь тус компанид байгаа. Гуравдугаар амаржих газрын барилгыг 2017 онд хувьчлах барилгын жагсаалтад оруулаагүй.

-Өмнөх жилүүдэд өмч хувьчлалын жагсаалтад орсон мөртлөө зарагдаагүй барилгуудыг яадаг вэ?
-“Нийслэлийн өмч хувьчлалын журам”-д заасны дагуу дуудлага худалдаагаар зарагдаагүй обьектыг өмч хувьчлалын комиссоор дахин оруулж, 40 хүртэлх хувиар үнийг бууруулж, үнийн дүнг гурван удаа зарлана. Хэрэв гурван удаа зарлаад сонирхох этгээд ирэхүй бол дахин нийслэлийн ИТХ-д өргөн барьж тухайн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан